Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд 2025 оныг “Даатгуулагчдыг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Даатгуулагчдын хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, үйлчилгээнийхээ чанар, хүртээмж, шуурхай байдлыг хангах, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, сангийн авлагыг барагдуулах ажлын хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах уулзалт зохион байгуулж байна.
2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газар, хэлтсийн дарга, албан хаагч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд, холбогдох албаны дарга, албан хаагч нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр санал солилцлоо. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гарснаас хойш “Капитал банк” 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 12.2 тэрбум төгрөгийг барагдуулсан бол 91.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хоёр банкны өр болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, байгууллага хооронд шаардлагатай мэдээ, мэдээллийг цахимаар солилцох, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг цахимаар шийдвэрлэх боломж байгаа эсэх асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.
Ингэснээр даатгуулагчийн төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, даатгуулагчдыг хохироохгүй байх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчдад цаг хугацаа орон зайнаас үл хамааран түргэн шуурхай үзүүлэх нөхцөл бүрдэх юм.