МУИС-ийн Эдийн засгийн тэнхим Канадын Торонтогийн их сургуультай хамтран 2025 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эдийн засаг ба жендэр: Асрахуйн эдийн засаг” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж байна.
Хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул оролцож, асрахуйн үйлчилгээний санхүүжилт, хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, хөлсгүй асаргааны хөдөлмөрийг эдийн засгийн тооцоонд тусгах, хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгох, асрахуйн ажлын дийлэнхийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг тул жендэрийн тэгш байдлыг хангах, асаргааны мэрэгжлийн хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах асуудлаар эрх зүйн орчныг сайжруулах бодлого баримталж байгаа тухай санал солилцлоо.

Олон улсын бага хурлын онцлох илтгэлийг МУИС-ийн доктор, профессор Б.Отгонтөгс “Монгол Улс дахь асрахуйн салбарыг тоймлох нь: Бид юуг мэдэж байна вэ” сэдвээр тавилаа. Илтгэлд “Асрахуйн эдийн засаг нь Монгол Улсын ДНБ-ий 28%-ийг эзэлж байгаагаас 15.5% нь цалин хөлсгүй асрахуйн ажил байна” гэж дүгнэжээ.
Уг хуралд Торонтогийн Их Сургууль, Сөүлийн Үндэсний Их Сургууль, Итака коллеж, Вашингтоны Америкийн Их Сургууль, Кобе Их Сургууль, Иокахамагийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэн, профессорууд оролцож илтгэлээ хэлэлцүүлж байна.


