Манай улсад сүүлийн таван жилд 2125 иргэн үйлдвэрлэлийн осолд өртөж, 275 иргэн амь насаа алдсан бол 355 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж, энгийн хүмүүсээс дунджаар 8 жилээр богино насалж байгааг мэргэжилтнүүд тогтоосон.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохоос гадна тэдний гэр бүл давхар хохирч мөн байгууллагын бүтээмж буурах цаашлаад улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг.

Иймд салбарын хэмжээнд бодлогын дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлаа тодорхойлж, шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг танилцуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган”-д төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийт гээд бүх түвшний оролцоог хангасан 900 орчим төлөөлөл оролцлоо.

