Сүүлийн өдрүүдэд зарим өдөр тутмын сонин болон цахим талбараар “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон хувьцаа эзэмшигчийн нэр хүндэд халдсан, бодит байдалд нийцэхгүй, гүтгэлгийн шинжтэй нийтлэл, нэвтрүүлгийг нэр бүхий сэтгүүлчид захиалгатайгаар хийж, зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж, тус компанийн зүгээс олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэх зорилгоор дараах албан ёсны мэдэгдлийг гаргаж байна.
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өөрсдийн хөрөнгөөр уул уурхайн хайгуулын ажил болон бусад хөрөнгө оруулалтыг хийж эхлүүлэн ажиллаж байсан. Харин 2006 онд тус компанийн хөрөнгө оруулагчаар нэмэгдсэн БНХАУ-ын иргэн Ли Шаомин нь “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн уурхайн төслийн нэрийг барьж, тус компанийн лицензийг барьцаанд тавин, залилан мэхлэх замаар Хятадын Хөгжлийн банк болон Хятадын Экспорт, импортын банкнаас хувьдаа их хэмжээний зээл авч, луйвар хийсэн нь илэрсэн. Энэхүү зээлээр авсан мөнгөө өөр зүйлд зарцуулсан нь Монгол Улс болон БНХАУ-ын хууль хяналтын байгууллагын шалгалтаар нотлогдсон. Зээл олгосон дээрх банкууд зээлийн төлбөрөө “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн лицензээр төлүүлэхээр Бээжингийн олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан ч, тус шүүхээс эдгээр банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хятадын Хөрөнгө оруулалтын корпорациас Хонконгийн арбитрт хандан, Ли Шаомингийн эзэмшлийн хувьцаанаас зээлийн төлбөрөө төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд арбитрын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.
Асуудал ийнхүү хуулийн дагуу шийдвэрлэгдсэн бөгөөд Ли Шаомин нь Хятадын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авсан өөрийн бусад компаниа дампууруулах, татан буулгах, өөрийгөө хэрэг хариуцах чадваргүйд тооцуулах зэрэг бусармаг оролдлого хийсээр байгаа болно.
Ли Шаомин нь Хятад улсад авч ашигласан дээрх мөнгөнөөс нэг ч ам.доллар Монгол Улсад хөрөнгө оруулалт болж орж ирээгүй нь санхүүгийн баримтаар нотлогдсон.
Хонконгийн Дээд шүүх 2019 онд түүнийг дампуурсанд тооцсон шийдвэр гаргасан байдаг. Эдгээр бүх баримтыг БНХАУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын цагдаагийн байгууллага болон Хонконгийн шүүхүүдээр дамжуулан нягтлан шалгах боломжтой.
Энэхүү бодит нөхцөл байдлыг сэтгүүлч С.Будрагчаа илтэд гуйвуулж, манай компани болон хувьцаа эзэмшигчийн нэр төрийг санаатайгаар, захиалгатайгаар гутаахад чиглэсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэнд гүнээ харамсаж байна. Энэхүү нэвтрүүлэг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл бус, нэг талын захиалгаар бусдын нэр төрийг сэвтээх гэмт үйлдлийн шинжтэй байна гэж бид үзэж байна.
Иймээс иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж иргэн, байгууллагын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүндэд хохирол учруулсан үйлдэлд нь хуулийн хариуцлага тооцуулахаар Иргэний хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллагад хандсанаа мэдэгдэж байна.
“БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК

