Монгол Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд иргэд, олон нийт, намын гишүүдийг хүлээн авч уулзан тэдний санал, хүсэлтийг сонсож байгаа юм. “Иргэдээ сонсъё” уулзалт өнөөдөр /2024.12.06/ хоёр дахь өдрөө үргэлжилж, Монгол Ардын намын Хүний нөөц, хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонслоо.
Иргэдийн зүгээс мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинээр байгуулагдсан хоршоодын үйл ажиллагааг тогтворжуулах, батлагдсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд хяналт тавих, УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд бодитой үр дүн гарган ажиллахыг хүсэж байв.
Мөн Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчид болон сум, орон нутгийн удирдлагаар томилогдож буй албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, намын боловсон хүчнийг тасралтгүй чадавхжуулахад гол бодлогоо чиглүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, авто зам, дэд бүтцийн салбарыг стандартад нийцүүлэн хөгжүүлэх тухай саналыг ч ирүүлсэн.
Ийнхүү гишүүд, иргэдээс ирүүлсэн саналыг шийдвэрлэх, тодорхой бодлого, шийдвэрт тусган ажил хэрэг болгох юм.