Америкийн эрдэмтэд В-гийн төрлийн амин дэмийн дутагдал хүний биед яаж нөлөөлж буйг судалжээ. Тэд биеийн ерөнхий байдлаас гадна сэтгэл санааг тавгүйтүүлж, хөдөлмөрийн чадварыг бууруулдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Мөн тархины цусан хангамжийг багасгаж, удвал ухаан муудах улмаар Альцгеймерын өвчинд нэрвэгдэх эрсдлийг ихэсгэдэг.
Эрдэмтэд уг туршилтыг хулгана дээр хийсэн бөгөөд тэдэнд 10 долоо хоног В-гийн төрлийн амин дэм агуулаагүй тэжээл өгч байжээ. Тэгэхэд хулгануудад орон зайн баримжаагаа алдаж, ой ухаан нь муудах шинж тэмдэг илэрсэн гэнэ. В-гийн төрлийн амин дэм амьтны гаралтай хүнсэнд буюу өндөг, сүү, бяслаг, загас, элгэнд ихээр агуулагддаг. Төмс, шош, цагаан будаа, хушга, гадил, лууван, салаатны навч зэрэгт мөн арвин.
Гахайн 150 грамм хар мах В1-ийн хоногийн хэрэгцээний 75-80 хувийг элбэгхэн хангаж чадна. Мөн гахайн болон үхрийн 100-150 грамм элэг идэхэд В2, В5-ын, 150 грамм тугалын элэг, шувууны махнаас В12-ын хоногт шаардлагатай хэмжээг авах боломжтой. В6 амин дэм хар гурилын талх, самар болон ногоон навчтай хүнсний ногоонд элбэг байдаг.
В-гийн бүлгийн амин дэмүүдээс ганц В5 л хүний биед дутагдана гэж бараг байдаггүй. Учир нь ургамлын болоод амьтны гаралтай бүх төрлийн хүнсэнд их бага ямар нэг хэмжээгээр агуулагддаг. Тэгээд ч энэ төрлийн амин дэмийг газар сайгүй байдаг хэмээн зүгээр ч нэг тодотгодоггүй аж.