Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.1.3.2-дах хэсэгт “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлнэ гэж заасан.
Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 5.1.2, 5.1.3, 5.2-т заасан энгийн өндөр насны тэтгэвэр /бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр/, олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлж цаасан баримт шаардахгүйгээр, их өгөгдөлд тулгуурлан цахимаар тогтоож эхэллээ.


