Улс төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.11.22)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хоригийн талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Ерөнхийлөгч хоригтоо, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж батлах, хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ард иргэд, баялаг бүтээгчид, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын санал, шүүмжийг харгалзан үзэхийг үндэслэл болгосон байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн хамт Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газарт уг хууль тогтоомжууд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09:17 цагт ирснийг хянан үзээд 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 10:00 цагт буюу 24 цагийн дотор хориг тавих асуудлыг шийдвэрлэсэн байна.

Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригийг хүлээж авснаар урсгал зардлыг бууруулах, алдагдалгүй төсөв батлах, төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын 2025 төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг боловсруулан баталж, орон нутаг төсвөө батлах цаглаврыг өөрчлөх, мөн төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийж тэнцлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төсвийн урсгал зардлыг бууруулах шаардлагатайг хөндөж үг хэлсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хавдар судлалын эмнэлгийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар урсгал зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, цаашид Улсын Их Хурлаар батлагдаж байгаа хууль тогтоомжоор төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн бодлогоор хувийн хэвшлүүдийг дэмжих тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж төсвийн зардлын өсөлтийг хязгаарласан төсвийн тусгай шаардлагуудыг өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн цаашид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтайгаар төсөв тэлж буйг зохистой түвшинд хязгаарлах нь зүйтэйг дурдсан байна.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар “мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх” гэх томъёолол ямар утга санаа илэрхийлж байгааг, Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир хоригт 2025 оны төсвийн алдагдлыг бууруулах, эсхүл алдагдалгүй төсөв батлах гэдэг шаардлагын алийг тавьж байгааг болон төсөвт тодотголхийх тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрхэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төсөл нь хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн тухай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг дахинсануулж, хоригийг хүлээж авсан тохиолдолд Засгийн газарт буцаах хууль, эрх зүйн гарц бий эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2025 оны төсөл дэх мега төслүүдийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Тус Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн хоригт дурдсан Үндсэн хууль зөрчсөн талаарх үндэслэлүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо дүгнэлт гаргах шаардлагатайг болон хүчин төгөлдөр болоогүй Төсвийн тухай хуульд тодотгол хийх тухай Улсын Их Хурлын тогтоол баталж хууль дээдлэх зарчим алдагдсан талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Алдаржавхлан, Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Уянгахишиг нар байр сууриа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь үзсэн бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүд 100 хувь дэмжжээ.

enkhmaa tse

About Author

Бусад мэдээ

Улс төр

Take a Look Back at the Most Gala Red Carpet Ever

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Улс төр

Hypnotherapy For The Drive Back

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected