Бадрангуй урлаг Гол мэдээ

ЦААСАН УРАН ХАЙЧИЛБАРЫН “ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ” ЦОМОГ НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт сэтгүүлч, яруу найрагч, цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомог номын нээлт өнөөдөр (2026.11.13) Монголын Театрын музейд боллоо. 

Энэ бол Ц.Галбадрахын цаасан хайчилбараар урласан бүтээлүүдээ эмхэтгэсэн хоёр дахь ном бөгөөд эхнийх нь “Цаасан хөрөг” нэртэйгээр 2015 онд хэвлэгдсэн. Тэрбээр сэтгүүл зүй, уран зохиолд билэг авьяасаа сорин үгээр урлахын зэрэгцээ урлагийн өвөрмөц нандин төрөл болох цаасан бар буюу уран хайчилбараар Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтан, адуу мал, нүүдэлчин ахуй, соёл, уламжлалт зан заншил, эргэх дөрвөн цагт ээлжлэн хувирах эх дэлхийн өнгө аясыг харуулсан дахин давтагдашгүй бүтээлүүдээсээ дээжлэн хүргэж буй юм.  

Номын нээлтэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Дулам, Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав, ардын багш Л.Дашням, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү, судлаач доктор С.Байгальсайхан, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч До.Чулуунбаатар нарын  соёл, спорт, урлаг, утга зохиолын салбарын олон төлөөлөл болон  хамтран зүтгэгчид, ангийнхан, найз нөхөд, ахан дүүс, гэр бүлийнхэн нь хүрэлцэн иржээ.  Номын өмнөтгөл үг бичсэн сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн гэр бүлийн хамт Дархан-Уул аймгаас зорин иржээ.

Урлагийн энэхүү өвөрмөц төрлийг бусдад таниулах, түгээн дэлгэрүүлэхэд өгөөж тусаа өгөх шинэ цомог номдоо 30 шахам жил хар цаас, хайчтай нөхөрлөн бүтээсэн хэдэн зуун бүтээлээсээ сорчлон 80 хайчилбарыг багтаажээ.   “Үзэсгэлэнт Монгол” цомог номдоо Монголын бүх аймгийн үзэсгэлэнт газар, уул ус, адуу мал, араатан жигүүртний өвөрмөц шинж байдал, хүн зоны ахуй амьдралыг хэрхэн харуулсан талаар нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн “…Алс баруун хязгаараас Алтай таван Богдын сэрүүн салхи хүүгэж жиндүүллээ. Гэтэл өнөөх цангинасан жавар гэнэт хаачив аа. Дорнын тэртээх Алтан овооноос мандсан нарны алтан цацраг зулай дээрээс төөнөж, халуун илч нь дорхноо л хамаг биеийг бүлээцүүлэв. Ийм гайхалтай сонин юм гэж байх уу, ид шид юм болов уу…” хэмээн шинэ бүтээлийнх нь өмнөтгөлд дуу алдан шагширч, Ц.Галбадрахын цаасан хайчилбарын урланд урин залсан байна. 

Ц.Галбадрах цаасаар урлах уран хайчилбарыг оролдож эхэлсэн тухайгаа “…Шинэ оюутан хотод орж ирчихээд явж байлаа. “Төв шуудан”-гийн өмнө нэг ах баахан цаасан хайчилбар барьчихсан зараад зогсож байна. Гадны хүмүүс их сонирхоод л. Гэртээ ирээд оролдож, туршиж эхэлсэн. Надад байгаа ахуй нь адуу мал, аргаль янгир учраас эхэндээ ахуйлаг юм хийдэг байлаа. Тухайн үедээ болхи байсан. Гоё болсон юм ховор. Үүндээ дурлаад л хийгээд байхаар хүн ямх ямхаар сайжирдаг юм билээ. Нэг мэдэхэд ойр орчныхон маань таашааж, сонирхож байгаа нь мэдрэгдсэн. Ерөнхийдөө 30 жил цаасан барыг “оролдож” байна даа” хэмээсэн.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэрбээр 10 мянга гаруй хүний хөргийг цаасаар барлаж, байгалийн сэдэвт 200 хол давсан цаасан хайчилбар урлажээ. Түүний бүтээлүүд тив алгасан дэлхийн 80 гаруй оронд очсон байдаг юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй “Цаасан хайчилбар бол яах аргагүй урлагийн, тэр тусмаа дүрслэх урлаг, зураг урлалын бие даасан төрөл юм. Уран зураг нэмэлт багаж, материал болох бийр, будгийн  тусламжаар илэрхийлэгддэг бол цаасан хайчилбар нь зөвхөн хайч, цаас хоёр л байхад хангалттай. Өөрөөр хэлбэл, хүний өөрийн хөдөлмөр, цаас хоёроос өөр юм гардаггүйгээрээ онцлогтой” хэмээсэн.

МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Норовын Пүрэвдагва “Түүний ажлын өрөөгөөр хаа нэг ороход ширээнийхээ хажуу хананд хайчилбар зураг гялгар дугтуйд хийгээд тогтоосон харагдах. Шуурганд уруудан бэгцийх хэдэн адуу, хадан халил дээр зогсон хангай дэлхийг тольдох  янгир, жаргах нарыг бөхөн дээрээ тэгнэн хээв нэг өлийн зогсох тэмээ гээд тоочоод байвал олоон олон” гэж байгалийг нүдэнд харагдаж, гарт баригдахаар хайчилж урладаг авьяасыг нь шагшсан. 

Цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрах үгийн урлагийн гайхамшгийг харуулсан уран бүтээлийн 20 гаруй номтой. Анхны номоо 2001 онд “Задгай тэнгэр” нэртэй гаргаж байсан бол түүнээс хойш шүлэг яруу найраг, сэтгүүл зүйн бүтээлүүдээ эмхэтгэн “Би багадаа”, “Бадрангуй”, “Монголын цуут”, “Нартай хамт”, “Далд уул”, “Morning in Mongolia”, “Мэргэдийн алтан ном” бие даасан бүтээлүүдээ хэвлүүлж, “Бадрангуй урлаг” ТББ-ын нөхөдтэйгөө хамтран “Алтан тайзны эзэд”, “Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид”, “Эх орон-Их ялалт”, “Монголын шилдэг нийтлэл-50” номыг бүтээсэн.

Тэрээр 2014 онд хөрөг нийтлэлийн “Монголын цуут” номоороо МСНЭ-ийн, 2019 онд “Далд уул” бүтээлээрээ МЗЭ-ийн шагнал хүртсэн авьяаслаг сэтгүүлч, чадалтай уран бүтээлч нэгэн. Мөн өөрийн урласан цаасан хайчилбарын бүтээлүүдээрээ 2012 онд “Хар цагааны дэнс”, 2013 онд “Хангарьдат сүлдэн дор”, 2025 онд “Үзэсгэлэнт говь” нэг сэдэвт бие даасан үзэсгэлэнгээ гаргасан ухааны цартай урлаач билээ.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Ц.Галбадрахын уран хайчилбарын бүтээлд говь нутаг, говийн хүн зоны ахуй амьдрал томоохон жин дардаг ч энэ удаагийн “Үзэсгэлэнт Монгол” цомгийг үзсэн хүн бүр өөрийн унасан нутаг, ундаалсан усандаа очиж, эцгийн гэрийн буурийг эргэж, ээжийнхээ галыг нь асаасан тулганаас адис авах лугаа ариун мэдрэмжээр нүд, сэтгэлээ баясгана.

admin

About Author

Бусад мэдээ

Бадрангуй урлаг

Take a Look Back at the Most Absurd Carpet Ever

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Бадрангуй урлаг

Will The Demo Crats Be Able To Online Gambling Ban Done!

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected