Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь, экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1 хувь) сая ам.доллароор буурсан байна. Экспорт, импортоос давамгайлж 294.0 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 (10.5 хувь) сая ам.доллароор буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байгаа аж.
Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43.0 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Гэсэн ч дээрх эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагавар байсаар байгаа нь цаашлаад Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсгэх эрсдэлтэй байна хэмээн Ц.Туваан сайд танилцуулгадаа дурдсан.
Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны 12 дугаар сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна. 2025 оны 02 дугаар сарын байдлаар нүүрсний үнэ 30 хувиар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны I, II сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагчид оролцдог байсан бол 2025 оны I, II сард нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагч оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэж байна хэмээн хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Уур уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж заасан бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нь дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д дээрх хүндрэл үүсээд байгаа гэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотойгоор 15-40 хувийн төмрийн агуулгатай, 2.5 сая тонн хэмжээтэй, ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүний овоолго үүсээд байгааг дуулгасан.
Өнөөгийн байдлаар төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулах талбайн дүүргэлт 87 хувьтай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ хэмээв. Эдгээр үйлдвэрт 2024 онд дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс 1.5 сая тонн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга ирсэн байгааг борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр 33 тэрбум төгрөгийн орлого олж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, татвар хураамж нэмэгдэх юм байна. Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэгдсэнээр 2025 оны 3 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 49 баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нүүрсний 11, төмрийн 19, хайлуур жоншны 19 үйлдвэр байгаа аж. Мөн 2024 онд 27 баяжуулах үйлдвэр, 2025 онд 18 баяжуулах үйлдвэр үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн бөгөөд эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 2022 онд 12.2 тэрбум төгрөг, 2023 онд 11,7 тэрбум төгрөг, 2024 онд 2,8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн Уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана”, мөн “биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэж хатуугаар зохицуулсан нь тус хуулийн 14.2 дахь заалттай зөрчилдөж байгаа хэмээлээ.
Нүүрсний үнэ 2023 оны 7 сарын 01-нээс 2024 оны 01 сарын 01 хүртэл 47 хувь өссөн бол 2024 оны 01 сарын 01-нээс 2025 оны 01 сарын 01 хүртэл 44 хувь буураад байгаа гэв. Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727,5 сая амдолларын үнэ бүхий 31 гэрээний 6,83 сая тонн нүүрсний татан авалт хийгдэхгүй, Ганц мод боомтын агуулахад 4,3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна.
Биржийн форвард гэрээний хэрэгжилт нэг хүртэл жил үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд үүсэх үнийн хэлбэлзэл нь худалдагч, худалдан авагч талуудад эрсдэл үүсгэх эрсдэлтэй байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдав. Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болж, талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэнэ гэлээ. Худалдааны нөхцөлийг нэмэгдүүлэх, үнийг индексжүүлэх боломжийг бүрдүүлснээр нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн баяжмал зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит өрсөлдөхүйц үнээр борлуулах арилжааны хэмжээ нэмэгдэж гэрээний хэрэгжилт хангагдана гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн уур уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны худалдааны хүргэлтийн нөхцөлийг зөвхөн хил нөхцөлөөр борлуулахаар хуулиар зохицуулсан нь бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа гэв.
Иймд эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах, түүнээс олох орлогыг үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах, олон тулгуурт эдийн засгийг дэмжих хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 зүйлтэй хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, О.Батнайрамдал, Р.Батболд, О.Цогтгэрэл, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Р.Сэддорж нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж нар хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Б.Жаргалан гишүүн, Монгол Улс цаашдаа уул уурхайн түүхий эдийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа сайжруулах, тогтолцоог оновчтой болгох шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. О.Батнайрамдал гишүүн, үүсээд буй асуудлыг хууль өөрчилснөөр шийдэхгүй, харин менежментийн өөрчлөлтөөр шийдэх боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
Ийнхүү Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 60 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр ил санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хянан шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Жаргалан, Б.Мөнхсоёл, Н.Батсүмбэрэл, Б.Найдалаа, Ж.Алдаржавхлан нар ажиллана.
Хуралдааны төгсгөлд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийг баримтлан хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэх явцад Байнгын хорооны хуралдаанууд давхцсан учраас хуралдааныг хойшлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.