Дэлхийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь худалдаа эдийн засаг, үйлдвэр технологийн төв болсон томоохон хотуудад илүүтэй ажиглагддаг. Газар нутгийн хэмжээгээр том биш ч нэгж талбайд ногдох хүн амынхаа тоогоор Японы нийслэл Токио дэлхийд тэргүүлдэг. Энэ хотод 2024 оны тооллогоор 37,4 сая хүн амьдарч буй гэсэн дүн гарчээ. Ирж буцах хүнийх нь тоог нэмбэл Токио өдөртөө 40 сая хол давсан хүний хөлд дарагддаг аж.
Жагсаалтын хоёрдугаарт 33 сая хүнтэй Хятадын Чунцин хот орно. Хурдтай хөгжиж, тэнгэр баганадсан бүтээн байгуулалтаараа улсдаа дээгүүр ордог энэ хотод сүүлийн жилүүдэд барилга барих алга дарам газар нүдний гэм болж, метроны шинэ шугам тавих ч боломжгүй шигүү давчуу амьдарч буй гэнэ.
Хүн амын тоогоор дэлхийд гуравдугаар Энэтхэгийн Дели ордог. Тус хотын хүн амын тоо 32 сая хол давсан. Дэлхийн санхүү, технологийн томоохон компаниуд төвлөрсөн энэ хотыг хүмүүс ажил хийх, сурч боловсрох, шинжлэх ухааны судалгаанд гар бие оролцох, шинэ технологи эзэмшихэд хамгийн таатай газар гэж үздэг.
Дэлхийн өндөр цамхгуудын цуглуулга гэж хэлж болох Хятадын Шанхай хүн амын тоогоор улсдаа хоёрдугаарт, харин дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Шанхай хот 468 м өндөр “Дорнын сувд”, 632 м өндөр Шанхайн цамхаг, 421 м өндөр Цинь Мао зэрэг дэлхийд гайхуулах бүтээн байгуулалтаас гадна хуучин ба шинэ, өрнө болон дорно зэрэгцэн оршдог сонирхолтой газар учраас гадаад дотоодын жуулчдын хөл тасардаггүй хот.
Зүүн өмнөд Ази болон Бенгалийн булангийн хамгийн том хот Бангладешийн нийслэл Даккагийн хүн ам 23 сая. Бангладешийн санхүү, худалдаа, зугаа цэнгэлийн нийслэл бөгөөд улсынхаа эдийн засгийн 35 хүртэлх хувийг эзэлдэг энэ хот нь 17 дугаар зуунд Мугалийн эзэнт гүрний мужийн төв, худалдааны төв гэдгээрээ алдаршсан бөгөөд Евразийн өнцөг булан бүрээс худалдаачид ирж амьдардаг болсноор хөгжил нь дээд цэгтээ хүрч, хүн ам нь тэр хэрээр өсч байв. Нэгэн цагт Дорнын Венец хэмээн нэрлэдэг байсан Дакка хүн амын тоогоор дэлхийд тавд ордог.
Бразилийн хамгийн том хот Сан Паулу 22 сая хүнтэй. Христийн шашны алдарт номлогчийн алдраар “Гэгээн Паул” гэсэн утга бүхий нэртэй энэ хот анх 1554 онд багахан суурингаас үүсч 18 дугаар зуунаас энд тэндээс хүмүүс олноор шрж суурьших болсноор жилээс жилд өргөжин тэлж өдгөө Бразилийн төдийгүй дэлхийн худалдаа наймаа, үйлдвэрлэлийн том төв болсон.
Газар нутаг дээрээ 22 сая дөхсөн олон хүнийг багтаасан Мехико дэлхийн хамгийн олон хүнтэй хотуудын долдугаарт бичигдэж байна. Мехико хот бол Мексикийн нийслэл юм. Мексикийн өмнөд хэсэгт, эх газрын гүнд байрладаг, 1521 онд байгуулагдсан Мехико нь Ацтекийн нийслэл Теночтитлан хотын нуранги болон ширгэсэн Тексоко нуур дээр баригдсан. Өнөөдөр тус хот нь Мексикийн эдийн засаг, улс төр, соёлын төв төдийгүй дэлхийн зургаа дахь том хот болж хөгжсөн.
Хүн амын тоогоор тэргүүлэгч дэлхийн 10 улсын наймдугаарт нэрлэгдэж буй Каир нь Африкийн болон Арабын орнуудын хамгийн олон оршин суугчтай хот бөгөөд Египтийн хамгийн том хот, нийслэл нь юм. Нил мөрний хоёр эрэгт орших Каир хот археологи, соёлын дурсгалт газруудаараа алдартай бөгөөд сая сая жуулчид дэлхийн хамгийн дэвшилтэт соёл иргэншлийн нэг болох эртний түүхийн ул мөрийг нүдээр харах гэж очдог. Учир нь Каир нь түүхийн баялаг өвөөрөө бахархаж, түүнийгээ анхааралтай хамгаалдаг.
Хятадын нийслэл Бээжин 21,8 сая гаруй хүн амтай. Хятадын улс төр, эдийн засаг, соёл боловсрол, зам харилцаа, аялал жуулчлалын төв ба ямар нэгэн нэгж мужид харьяалагддаггүй шууд улсын доор байдаг 4 хотын нэг бөгөөд хотын нэр нь “Умард нийслэл” гэсэн утгатай. Бээжин хотын түүхийг 3000 гаруй жилийн өмнөөс ярьж болох бөгөөд тэр ч утгаараа дэлхийн түүх, соёлын дурсгалаараа алдартай нийслэлүүдийн нэг хэмээн үздэг. XIII зууны нийслэл нь тухайн үед дэлхийд маш их нэртэй том хотуудын нэг нь болж байсан түүхтэй. Мин улсын эхний үед Бэй-пин гэж байсныг нь өөрчилж “Бээжин” гэж нэрлэсэн бөгөөд эдүгээгийн Бээжин хотын байдал төлөвшин тогтсон гэж үздэг.
Мумбай буюу хуучнаар Бомбей нь Энэтхэгийн Махараштра мужийн төв юм. 21 сая хүн амаараа дэлхийд эхний аравт жагсана. Мумбай нь Энэтхэгийн баруун эрэг дээр орших бөгөөд гүн боомттой. Энэ боомт нь Энэтхэгийн далайгаар дамждаг барааны тал хувийг гүйцэлдүүдэг. Энэтхэгийн худалдаа арилжаа болон үзвэр үйлчилгээний төв Мумбай нь дэлхийн хамгийн том санхүүгийн төвүүдийн нэг бөгөөд Энэтхэгийн нөөц банк, Хөрөнгийн бирж болон дэлхийн олон томоохон компаниудын төв байрладаг газар юм. Мөн дэлхийд алдартай Болливуд гэж Энэтхэгийн Хинди кино, телевизийн үйлдвэр оршдог.