Хүүхэд гэлтгүй томчуудын дунд ч ханиад элбэг байгаа энэ үед ханиад дарах энгийн аргуудыг мэдээд авахад илүүдэхгүй шүү.
Хамгийн гол нь ханиад хүрсэн тохиолдолд амархан хүндэрч, эмчилгээ авахдаа удаан байгаа тухай эмч нар анхааруулж байна. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслаж, хүүхдээ эрүүл агаарт гаргаж байх нь ханиаднаас сэргийлэх сайн арга. Мөн ханиад хүрсэн бол юу юугүй хүчтэй эм, тариа гэх хэрэггүй. Оронд нь шингэн сайн уулга гэдэг зөвлөгөөг эмч нар хэлж байна. Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэргээр анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц хангалттай хэмжээний шингэн уулга. Мөн сармистай шөл, тахианы шөл нэн тустай. Хөхүүл хүүхдэд эхийн сүүнээс илүү сайн эм байхгүй.
ЗӨГИЙН БАЛ ХАНИАЛГА ЗӨӨЛЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
Зөгийн бал нь хоолойны өвчнийг намдааж ханиалгыг зөөллөх үйлчилгээтэй. Ялангуяа хүүхэд шөнө ханиалгаад байвал ханиалга дарах эмнээс зөгийн бал илүү үр дүнтэй нь судалгаагаар тогтоогджээ. Үүний тулд халуун бүлээн усанд уусгаж, мөн халбаган дээр баг зэрэг бүлээсгэж өгч болно. Усанд уусгасан зөгийн балан дээрээ бага зэрэг нимбэгний шүүс дусаавал илүү амттай, үр дүнтэй. Гэхдээ ой хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгч болохгүйг мэднэ биз дээ.
ХАМРЫГ НЬ БАЙНГА ЦЭВЭРЛЭ
Хүүхдийнхээ хамар салстыг цэвэрхэн байлгаснаар амьсгалахад хялбар болж, халдвар хүндрэхээс сэргийлдэг сайн талтай. Нялх хүүхдийн нусыг цэвэрлэхийн тулд хамар дээр нь вазелин, эсвэл шар тос түрхээд доош харуулан хэсэг хэвтүүлж байгаад нус сорогчоор соруулах нь амархан арга шүү.
ГААТАЙ ГАВАР ТҮРХЭЖ БОЛНО
Гурван сартайгаас дээш насны хүүхдэд зориулсан гаатай гавар гэж бий. Ийм гаврыг хамарт нь бага зэргийг түрхэхэд ханиадны эмчилгээнд нөлөөгүй ч хүүхэд шөнө сайн амарч унтахад тустай. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хүүхдийн арьсыг түлэх эрсдэлтэй.
ДАВСТАЙ УСААР ХООЛОЙГ ЗАЙЛАХ
Давстай усаар хоолойг зайлах нь хоолойны өвчнийг анагаах уламжлалт арга. Гэхдээ дөрвөөс дээш насныханд хэрэглэдэг. Нэг цайны халбага давсыг бүлээн усанд уусгаад дээр нь хэдэн дусал нимбэгний шүүс дусааж бэлтгэсэн уусмалаар өдөрт 3-4 удаа хоолойг нь зайлуулж болно. Хоолойгоо зайлж сураагүй бол эхлээд давсгүй бүлээн усаар дасгал хийлгээрэй.
ӨНДӨР ДЭР АМЬСГАЛАХАД ТУСТАЙ
Ханиад хүрч, хамар нь битүүрээд байгаа хүүхдийн дэрийг нь өндөрлөөд өгөөрэй. Өндөр дэр хүүхдийг унтаж байх үед чөлөөтэй амьсгалах боломж олгодог. Нялх хүүхдийн нус болон цэрний ялгарал их байвал доош нь харуулж унтуулах аргыг хэрэглэж болно. Мөн ханиадтай үед хүүхдийг аль болох илүү унтуулахыг хичээгээрэй.
АГААРЫГ ЧИЙГШҮҮЛ
Гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байхаас гадна утаа бага, агаар сайтай үед цонхоо онгойлгож салхи оруулах хэрэгтэй. Боломжгүй нөхцөлд агаар цэвэршүүлэгч хэрэглэ. Гэхдээ зааврын дагуу маш цэвэрхэн байлгахад анхаарах ёстой юм. Агаар цэвэршүүлэгч байхгүй бол орных нь толгой дээр нойтон даавуу өлгөх, ус буцалгах зэрэг аргаар агаарыг чийгшүүлж болно. Хүүхдээ усанд оруулахдаа угаалгын өрөөндөө халуун ус гоожуулж уур үүсгэвэл ханиадтай хүүхдэд сайн. Мөн усандаа бага зэрэг гааны тос дусаавал хүүхдэд тааламжтай байх болно.
ШИНГЭН САЙН УУЛГАХ ХЭРЭГТЭЙ
Хүүхэд ханиадтай үедээ шингэн их алддаг. Хангалттай хэмжээний ус, шингэн уулгах нь цэр ховхролтыг түргэсгэж, шингэний дутагдалд орохоос хамгаална. Аль болох сонирхолтой байдлаар шингэн зүйлийг өгвөл хүүхдэд тааламжтай байх болно. Зургаан сараас доош насны хүүхдэд эхийг сүүг орлох шингэн үгүй тул сайн хөхүүл. Бор хоолонд орсон бол шөл, бантанд нь бага зэрэг сармис хийгээд өгөхөд болно. Гэхдээ хүүхдээ сармиснаас харшилдаг эсэхийг мэддэг байх ёстой шүү. Тахианы шөл халуун бууруулахад тустайг ч мэдэхэд илүүдэхгүй.