Хуралдааныг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр бүсчилсэн хөгжлийг "хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх анхны төсвийг Засгийн газраас боловсруулж өргөн барьсан. Хамтарсан Засгийн газрын онцлог, давуу талыг улс орны хөгжлийг хурдтай урагшлуулахад ашиглах цаг үе учраас Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Цаашид төсвийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг болно. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 36 их наяд төгрөг байсан, 75 их наяд болж тэлээд байна. Ирэх онд үүнийг 95 их наядад хүргэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 7500 ам.доллар болгох боломжтой. Энэ үзүүлэлтийг богино хугацаанд 10 мянган ам.долларт хүргэхийн төлөө Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэхээ Ерөнхий сайд илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт” сэдвийн дор 2025 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ төсвийн онцлог нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж байгаа анхны төсөв. Дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлнэ. Олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийг зорьсон. Нийслэлийн тулгамдсан асуудлыг зоригтой шийдэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Олон жил яригдсан иргэдээ орон сууцжуулах асуудлыг Үндэсний баялгийн сантай уялдуулж цогцоор нь шийдэхийг зорьсон. Эрчим хүчний салбарын реформыг эрчимжүүлэхээр тусгасан. 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байгааг онцоллоо.
Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн салбар болон төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хуралдааны үеэр 2025 оны төсвийн төсөлд байр сууриа илэрхийлэв.