“Урлагийг ойлгох нь” лекцийн эхнийхийг Г.Аким уншлаа

 


Б.Түмэн

Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ сараас "Урлагийг ойлгох нь” цуврал лекц зохион байгуулахаар болжээ. Эхний лекцийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким "Монголын хадны зургийн дүрслэлийн асуудал” сэдвээр энэ сарын 16-нд уншлаа.

Тэрээр "Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг гол зүйлийн нэг бол хадны сүг зураг юм. Түүх, соёлын нэн эртний дурсгал болох "Хадны зураг”-ийг хуучин чулуун зэвсгийн үеэс зурж эхэлжээ. Хадны зургийг нүүдэлчин удамтай Монголын нутагт л харж болохоор тийм үнэт өв гэж би хувьдаа боддог. Монголын нутаг гэхээр Өвөрмонгол, хойд талын газар нутгууд, Буриадаар л хадны зургийн голомт нь байгаа гэсэн үг. Хадны зургийг сүг зураг гэж ярьдаггүй. Учир нь бидний өвөг дээдэс сүг зураг зурж байна гэж хойч үедээ үлдээгээгүй, Ёс заншил, амьдрал ахуй, өв уламжлалаа үлдээсэн болохоор сүг зураг гэж ярихгүй байхыг залуу хойч үеийнхнээсээ хүсч байна” гэлээ.

Хадны зураг бол хуучин чулуун зэвсгийн үеэс эхтэй буюу 100-70 мянган жилийн өмнөх үеийн зургууд. Энэ үед хамаарах зурагт Ховд аймгийн Гурван цэнхэрийн агуй, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хадны дурсгалууд хамаардаг байна. Ихэвчлэн нэг төрлийн зүйл, амьтан зурдаг байсан бол цаг хугацаа өөрчлөгдөх тусам олон төрөл зүйл, амьтан дүрслэн зурдаг болсон байдаг аж. Хүрэл чулуун зэвсгийн үед зураг нь олон утга санааг багтаадаг болж хөгжсөн ба нүүдэлчин соёл, ан амьтан, аж ахуйг хадан дээр дүрслэн үлдээдэг болсон байна. Г.Аким гуай залуу үеийнхэнд хандан хадны зураг нь Монгол Улсын түүхийн архив, бүх он цаг, амьдрал ахуйг зургаар үлдээсэн байдаг учир уншиж, сонирхож, судалж, хайрлаж, хамгаалж яваарай гэж захилаа.

Эх сурвалж: "Улаанбаатарын сонин”


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх