Их хотын иргэн Д.Сүрэнжав: Өндөр хоршоо, Нэгдүгээр сургууль хоёр хамгийн өндөр нь, энэ хоёроор л багцаалдаг байлаа

Их хотын иргэн Д.Сүрэнжав: Өндөр хоршоо, Нэгдүгээр сургууль хоёр хамгийн өндөр нь, энэ хоёроор л багцаалдаг байлаа

 


"Улаанбаатарын сонин” гал бичин жилийн анхны дугаартаа хүүхдийн байгууллагын ахмад ажилтан, энэ жил 89 насыг зооглож буй Даваагийн Сүрэнжав гуайг урилаа. Тэрээр ус нутаг гээд яривал Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хүн. Харин Улаанбаатарын иргэн болоод бараг 70 шахам жил болж байгаа их хотын иргэн билээ.

 

Хар арьст хүнийг анх Алтанбулагт л харж байлаа

-Хүүхэд нас, аав ээжийнхээ тухай дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн. Ингэж хэлэхээр хүмүүс "Аав, ээж тань Сэлэнгийн уугуул улс байх нь ээ” гэж хэлдэг юм. Аав, ээж хоёр маань Сэлэнгийн улс. Бас биш. Түшиг гэдэг түшигтэй, ээлтэй сайхан нутгийг өнөөгийн Монгол орны тэс өөр хоёр талаас, хойно урдаас нь ёстой л өнөө гүйгүүл адуу шиг зорин зүтгэж ирсэн улс. Аав маань алс баруун хязгаараас нүүдэллэн ирсэн цахар, ээж маань Хорь Буриадын нутгаас гүйж ирсэн буриад бүсгүй. Ялгуун баатар Лаварын Сумъяа тэргүүтэй цахаруудын нүүдэл эхлэхэд миний аав 33 настай байсан. Тэрнээс хойших арваад жил гэдэг нүүдэл, тэмцэл тулаан, шинэ газар суурьших гээд үндсэндээ амьд үлдэхийн төлөөх тэмцлийн он жилүүд байсан болохоор аав минь гэр бүл зохиогоод байх тийм цаг боломж үнэндээ байгаагүй нь лавтай. Нөгөө талаар аав минь гаминд алуулсан дүүгийнхээ хүүхдүүдийг өсгөсөн хүн. Ингэж явсаар аав минь тавин насны босгон дээрээ миний ээжтэй таарч учирч, хоёул амьдралаа холбосон тэр цаг хугацаа 1925 он байсан. Цахар Даваа, буриад Ханд хоёрын насны зөрүү 25 байсан гэдэг их тоо боловч ээж аав хоёрыг минь арваад жил сайхан амьдарч, таван сайхан хүүхэдтэй болоход саад болоогүй юм. Миний ах Гомбосүрэн 1925 онд, би 1928 онд, дараа нь миний дүү нар болох Дарьсүрэн, Дэмбэрэл, Норжмаа нар маань төрсөн. Аавыгаа хэлмэгдээд буудуулах хүртэл буюу 1938 он хүртэл ээж аавтайгаа элэг бүтэн сайхан амьдарсан. Бага нас маань Зэлтэр, Түшиг нутагтаа өнгөрсөн. Харин аавыгаа хэлмэгдээд буудуулсаны дараа ээжтэйгээ бид Алтанбулагт нүүж ирцгээсэн.

Хүүхдүүдийн хамгийн том нь ах арвангуравтай, би аравтай байсан. Зовлон үзсэн ээж минь "За гаднахь нь ноос, доторхи нь баас энэ хэдэн малаар би хэдэн хүүхдээ тэжээж чадахгүй ээ. Тиймээс төв бараадаж, хүүхдүүдээ сургууль бараадуулахаас өөр арга надад байхгүй” гэсэн юм. Зэлтэрээс Алтанбулагт ингэж л ээжийгээ дагаж ирсэн дээ, бид.

-Алтанбулагт бэлэн зэлэн амьдрал байгаагүй байх?

-Тийм л дээ, гэхдээ Алтанбулагийн сайхан тал нь их хөлийн газар, тэр үед зах зээлд орчихсон байсан юм шүү.

Алтанбулагт ирсэн зунаа ах бид хоёр худалдаа бэлтгэлийн газар туслах ажилчин хийлээ. Алтанбулагт ангийн үсний бэлтгэл гэж газар байлаа. Булигаарын завод ч гэнэ. Ангийн үсийг Орос руу гаргадаг газар гэсэн үг. Хонь, ямаа гээд таван хошуу малын арьс шир, агнасан амьтдын арьс, үс ноос нь ирнэ. Тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилж ялган нэг складнаас нөгөө рүү зөөнө. Гадагш гаргах сайныг нь ялгаж, сортолсон маягтай юм болдог байсан юм уу даа. Өдөржин арьс зөөнө. Ингэснийхээ төлөө ажлын хөлс гэж бутархай мөнгө авна. Өдрийн ажлын хөлс нь хоёртын мөнгөнөөс хорьтын мөнгө хүртэл байх. Өдрийн ажлаа дуусгаад гэр рүүгээ явахдаа мөнгө атгачихсан орой ээждээ бөөн баяр харьдаг байлаа. Өдрийн ажлын хөлсийг өдөрт нь шууд өгдөг бас мундаг байсан байгаа биз. Бид хоёрын ингэж олсон мөнгөөр ээж маань бидний хоол ундыг яаж болгодог байсан юм, болгоод зохицуулаад байдаг байсан. Ээж гэртээ зүгээр сууна гэж байхгүй. Хэдэн хүүхдийнхээ гэдсийг борлуулах гэхдээ айлын мод түлээ хөрөөдөхөөс эхлээд олдсон ажил юу л байна хийдэг байсан даа.

-Тэр үеийн Алтанбулаг гэдэг ямархуу газар байв?

-Одоогийнхоор бол аймгийн төв Алтанбулаг байсан. Зүгээр ч нэг аймгийн төв бас биш. Арилжаа наймаа, подхийсэн үйлдвэрийн газартай том суурин байсан. Орос, хятад гээд олон хэлийн улс хөлхөлдсөн газар байсан болоод тэр үү байхгүй юм гэж үгүй байсан даа, Алтанбулагт. Анх хар арьст хүнийг Алтанбулагт л харж байлаа. Хүмүүс хар авгай л гэцгээдэг байсан. Алтанбулагийн толгой баяны нэг байсан. Дэлгүүр хоршооноос эхлээд юм юмтай хүн байсан байх. Сүүлд сонсоход Европ бүр Германы Бавари хавиас ирсэн хөрөнгө бэл сайтай, маш өндөр боловсролтой, газар зүйн байршил, байгалийн өгөгдлийн хувьд спирт хийхэд хамгийн зохимжтой буудай ургах газар гэж зорин ирсэн бүсгүй гэж сонссон. Зүүнхараагийн Спирт бал бурмын үйлдвэрийн суурийг тавигч гэж болохоор хүн болж байх шиг байна. Ганц охинтой байсан санагддаг. Гэнэт л сураггүй алга болсон. Бас л цагийн салхинд ширвээдүүлсэн болов уу даа.

Одой хүмүүс хүртэл ирж тоглолт хийгээд дараа нь нөгөө улс чинь дэлгүүр мухлагаар ороход нь тэдэнд зориулж хайрцаг тавьж өгч, өндөрлөж лангууны цаана өрсөн бараа таваарыг харуулж байсан юмдаг. Хятад хүмүүс ихтэй. Хөлийг нь давсанд дүрж хатаадаг гэж ярьдаг байсан нарийхан цүүцэн хөлтэй хашаа түшиж явдаг хятад хүүхнүүд хүртэл байсан.

 

"Аман хуур” кинон дээр гардаг шиг үйл явдал бидний амьдралд болж, хашаа маань газарт орж, нийтийн байр руу нүүсэн

-Та Алтанбулагийн сургуулийг төгсөлгүй Багшийн сургуульд орчихсон байдаг нь ямар учиртай юм?

-Тэр үеийн төр засгийн бодлого шийдвэртэй холбоотой байсан юм билээ.Олон сургууль улс даяар байгуулахаар суралцах хүүхдүүдээс түрүүлээд багшлах боловсон хүчин хэрэгтэй болно оо доо. Багш гэхээр шууд бэлэн зэлэн сууж байх улс байхгүй учраас улс бодлогоор долдугаар анги төгсөж байсан хүүхдүүдээ багшийн курсэд суулгаад шинэ сургуулиуддаа багшлуулахаар илгээж байж. Манай ах долдугаар ангиа төгсөөд сарын курс хийгээд багш болсон. Манай ангид байсан насаар ахмад 16 хүрсэн хүүхдүүдийг ч бас курс хийлгээд багш болгочихсон. Манай ангид зургаахан хүүхэд үлдсэнийг нь хотод Багшийн сургуульд явуулахаар шийдвэр гарсан юм билээ. Ингээд би тавдугаар ангиа төгсөөд цаашаа зургадугаар ангид ордог жилээ Багшийн сургуулийн сурагч болчихож байгаа юм. Төр засгийн шийдвэр миний амьдралыг өөрчилсөн, тэгэхдээ бүр боловсрол, мэргэжилтэй болгох шинэ замаар явуулсан.

-Хэдэн онд анх Улаанбаатарт орж ирсэн гэсэн үг вэ?

-Улаанбаатар хотод би 1943 онд ингэж анх ирсэн хүн. Засгийн газар чинь одоогийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн байранд байсан. Зүүн талд нь залгаад одоо ч байгаа хоёр давхар байшинд Багшийн техникум байх. Багшийн техникумын цаад талд одоо юу байдаг юм мэдэхгүй, хоёр давхар цагаан байшинд сурагчид суудаг байсан. Биднийг шууд авчраад сургууль дээр буулгачихлаа. Коминдат гэж хүн хүлээж аваад сургуулийн дотуур байранд орууллаа. Хотын, тэр дундаа Багшийн сургуулийн дотуур байр гэдэг миний хувьд өөр ертөнц. Хот явна гэж хөл хөөрцөг болж байснаас биш очоод яах билээ гэдгийг тухайлж бодож чадахгүй л байж. Сургуулийн дотуур байранд ороод л гэрээсээ, ээжээсээ хол бие даан амьдрах гэж байгаагаа мэдэрсэн. Тэгээд л өөртөө хүний дор орохгүй, хичээх юм шүү гэж хэлсэн. Уйлмаар байсан ч нулимсаа ил гаргахгүй шүү дээ.

-1940-өөд оны үеийн Улаанбаатарын тухай дурсамжаасаа хуваалцаач?

-Анх удаа нийслэл хотод ирж байгаа балчир охинд хотын юм бүхэн сонин содон. Намайг анх хотод хөл тавьсан 1940-өөд оны эхээр нийслэлд Нэгдүгээр арван жил, Өндөр хоршоо хоёр хамгийн өндөр барилгатай нь байлаа. Одоогийн Занабазарын музей Өндөр хоршоо нэртэй тэр үеийнхээ бол Их дэлгүүр байлаа. Нэгдүгээр сургууль, Өндөр хоршоо хоёроор л баримжаална. Хотын дундуур хоёр гол урсаж байлаа. Нэг нь баруун Сэлбэ гээд хотын баруун хаяагаар, нөгөө нь зүүн Сэлбэ. Занабазарын музейн энэ хэсэг чинь Усны гудамж нэртэй. Усны гудамжны баруун талд нэг урт байшин байх. Одоо бодохоор хятадуудын жижигхэн зах байсан байх. Дотор нь хятадууд л боов хийж зарна, хоол ч байх, хажуугаар нь элдэв төрлийн худалдаа наймааны олон мухлаг ч ирийж байх. Морин тэрэг тэр үеийн такси байлаа. Айлуудын муу ус, жорлонг авч цэвэрлэнэ гээд морин тэрэгтэй хятадууд гудамжаар гуугачиж явах. Бас мөрөн дээрээ хөрөө дамнан барьсан харчууд "түлээ хөрөөд, түлээ хөрөөд” гэж хашгиран явдаг байсан. Цүүцэн хөлтэй хятад хүүхнүүдийг хараад "манай Алтанбулагт хүртэл байдаг, ийм хятад авгай ямар олон байдаг юм бэ” гэж бодож байсан юм даг. Ер нь сүүлд санахад хотыг Алтанбулагтайгаа л харьцуулж боддог, хардаг байлаа.

-Багшийн сургуульд сурах гэж анх хотод ирж байж. Харин хэзээнээс жинхэнээсээ Улаанбаатар хотын иргэн болов?

-Багшийн сургууль төгсөөд 1946 оноос Алтанбулагтаа багшилсан, бас гэр бүлтэй болсон. Хүү маань төрсний дараахан буюу 1950 онд манайх хотын айл болсон. Төв хорооноос шийдвэр гарч, Боловсрол гэгээрлийн байцаагчаар ажиллаж байсан манай хүнийг Улаанбаатарт ажиллуулахаар болсон юм. 1950 оны өвөл Гомбосүрэнгийнх гэдэг айлынхан хотын улс болцгоож байлаа. Нэг сард, дүн өвлөөр ирсэн болохоор нүүрснээс шигшигдээд үлдчихсэн жижгээс нь буурин дээрээ тарааж цацаж байгаад гэрээ барьж байлаа. Хятад сургуулийн хажууханд байсан. Сүүлд нь гэрээ зараад мөнгөөр нь нэг жижигхэн байшин бариулж авлаа. Хажуудаа жижигхэн гал тогооны өрөөтэй хөөрхөн модон байшин. Өөрсдийн бариулсан байшиндаа амьдарч байтал нөгөө "Аман хуур” гээд кинон дээр гарч байгаа үйл явдал бидний амьдралд боллоо. Орон сууц Улаанбаатар хот энд тэндгүй баригдаад, хашаа байшин маань газарт орсон. Газарт орсон айлууддаа байр сууц шийдэж өгч байсан юм шүү, тэр үед. "Нийтийн байранд ор гэх юм, тэр нь юу байдаг юм бол” гэж өвгөн бид хоёр гэртээ гайхаж ярьж байлаа. Хашаагүй болчихсон улс чинь тэр нийтийн байранд орохоос өөр яахав. Өвгөн маань Төв хороонд ажиллаж байсан болохоор Пионерийн ордны зүүн талын 64 айлын орон сууц гээд манай улсын анхны орон сууцны нийтийн зориулалтын байранд нүүж орлоо. Тэр байранд Сүхбаатарын Янжмаа гуайнх хүртэл байсан.

 

Шинэ байрны шав тавьж байх тэр үед гуравдугаар сургуулийн 40 жилийн ой таарч байсан

 

-Монгол гуравдугаар сургууль өнгөрсөн жил шинэ байртай болсон. Гуравдугаар сургуулийн хуучин барилга тантай холбоотой гэдэг?

-1956 онд Их сургууль төгсөөд гуравдугаар сургуульд томилогдож очсон. Дунд сургуулийн захирлаар эмэгтэй хүн анх удаа ажиллаж байгаа нь тэр. Арван жилийн сургалттай сургууль ч цөөхөн, хотод нийтдээ зургаа байсан. Их дээд сургуульд элсэх эхний нэг шат нь арван жил байсан учраас сургуулийн үүрэг хариуцлага асар их. Захирлаар тавих хүний тухайд ч шалгуур шаардлага өндөртэй байсан цаг.

Намайг гуравдугаар сургуулийн захирал болоход одоогийн Хуримын ордны хойно хуучин модон байшинтай байсан. Хүйтэн гэж жигтэйхэн. Ялангуяа ахлах ангийнхны ордог хэсэг өвөл бүр их хүйтэн. Арай гайгүй хэсэгтээ бага ангийнхнаа оруулна. Хүйтэн учраас хүүхдүүд даараад тохь тух муутай. Сургуулийнхаа энэ нөхцөл байдлыг төв хороонд, Дамба дарга дээр орж танилцууллаа. Залуугийн омголон зүрх зоригтой байсных биз дээ. Ингэж Төв хороонд орж танилцуулсны үр дүн гарч, АИХ-ын чуулганаар гуравдугаар сургуульд шинэ байр барьж өгөх тухай тогтоол гарч байлаа. Шинэ байшингийнхаа суурийг цутгахад сургуулийнхаа хүүхдүүдтэй очоод гуулин хөгжимтэй хөөрхөн ёслол хийж байсан. Шинэ байрны шав тавьж байх тэр үед гуравдугаар сургуулийн 40 жилийн ой таарч байсан юм даг.

-Шинэ байр бариулах асуудлыг шийдүүлнэ гэдэг том ажил. Ийм том ажил хийчихээд та удалгүй гуравдугаар сургуулийн захирлын ажлаа өөрчилсөн байдаг нь ямар учиртай юм бэ?

-Гуравдугаар сургуулийн барилгыг бариулсан архитекторч Хишигт гэж манай сургуулийн төгсөгч байсан. Барих гэж байсан сургуулийн зураг төсөл нь тухайн үед манай оронд ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийн шинэ загвар байсан юм даа. Ийм зургаар барьсан сургууль Улаанбаатар хотод одоо ч хэд хэд бий. Харин байшингаа бариулж эхлээд ашиглалтад орж амжаагүй байхад би 1959 онд Монголын Пионерийн ордны захирлаар томилогдчихсон юм. Гэгээрлийн яамнаас дуудаад Пионерийн ордны захирлын ажлыг ав гээд. Би хувьдаа бол эхлүүлсэн ажлаа дуусгах бодол байлгүй яахав. Гэхдээ яамнаас даалгаж байгаа шинэ ажлыг нь авахгүй, хийхгүй гээд байх боломж бас байхгүй болохоор шинэ ажлыг нь хүлээж авсан. Ингээд бариулж эхэлсэн сургуулийн шинэ байрандаа би ажиллаж чадаагүй, 40 жилийн ойг ч тэмдэглэж чадаагүй. Гуравдугаар сургууль 1960 онд шинэ байрандаа орсон. Нээлтэд уригдан оролцож байлаа. Ингэж бидний эхлүүлж байсан байшин өдгөө моралын элэгдэлд орж, ашиглаж болохгүй гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, нураагаад одоо дахиад шинээр сайхан байшин барьчихлаа.

 

Багачуудын авъяас чадварыг эртнээс олж илрүүлж, хөгжүүлэх учиртай байгууллага манай оронд нэг биш нэг хэсэг л байх учиртай

-Таны захирлаар нь ажиллаж байсан хуучнаар бол Пионерийн ордон одоогийнхоор бол Хүүхдийн урлан бүтээх төвийг одоо хувьчилна гээд шийдвэр гарчихсан хэл ам болоод байгаа. Та тэртээ 1959 онд энэ ордны захирлаар ажиллаж байсан гэхээр үүх түүхийг нь бол сайн мэдэх хүний нэг. Ийм ордон босгохын тулд 1950-иад онд юу хийж байсан юм бэ гэдэг өнөөдөр сонин байх болов уу?

-Пионер сурагчдын ордонтой болно гэдэг чинь тухайн үеийн бодлогоор хийж байсан том ажлын нэг. Улаанбаатар хотын Пионерийн ордонг ажиллагаанд оруулах тухай тогтоол 1958 онд гарч, уг тогтоолоор Пионерийн ордонг Гэгээрлийн яамны харъяа ажиллуулахыг, ордонд шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг холбогдох яамдаас хэрхэн гаргахыг тусгайлан зааж өгсөн байдаг юм.

Монголын Пионерийн ордон 1958 оны аравдугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийж, Улсын Их Хурлын дарга Ж.Самбуу гуай оролцож үг хэлж, Бүх холбоотын пионерийн байгууллагын төлөөлөгчид ирж байсан гэдэг.

Манайд анх удаа ийм ордонг Зөвлөлтийн нэг загварын зураг төслөөр барьсан. Пионерийн ордон барьж байгуулахад манай улс асар их хөрөнгө гаргасан. Тэр үед 10 сая төгрөг гэж ярьдаг байсан. Өвөлдөө халаалт муу, их хүйтэн байсантай холбоотой шүүмжлэл гарч шалгасанаар мөнгөний тоо их нарийн гарч ирж байсан юм билээ.

Өмнө нь манайд энэ төрлийн ордон байгаагүй, бас ямархуу ордон байх, ямар үйл ажиллагаа, яаж ажиллуулах гээд бүх юманд нь Зөвлөлтөөс туршлага судлаж суралцсан. Ордныг ашиглалтад орсоны дараа ажиллах улсыг нь хүртэл Зөвлөлтөд адил төстэй ордонтой газар аваачиж сургаж дадлагажуулж авчирсан байдаг.

АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гаргаад Пионерийн ордонд хэрэгтэй зүйлийг аль яам газраас гаргахыг нарийвчлаад зааж өгсөн байдаг юм. Хүүхдэд зориулан киногоор тогтмол үйлчилж байхыг Соёлын яам, Пионерийн ордонд авто засварын баазаас ачааны хуучин авто машин 1, мөн зохих газраас нь усны цистерн 1-ийг шилжүүлэн өгөхийг Улсын төлөвлөгөөний комисс, Хөдөө аж ахуйн павильон байгуулахад Хөдөө аж ахуйн яамнаас амьд амьтад, трактор, хөдөө аж ахуйн машиныг үнэгүйгээр шилжүүлэхийг, биеийн тамир, спортын павильон байгуулахад Улсын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооноос мэргэжлийн туслалцаа үзүүлж, спортын төхөөрөмж хэрэгслийг өөрийн захиалгат зүйлээс гарган өгөхийг гэх мэтчилэн хариуцуулж өгсөн байдаг юм. Энэ бүхнийг улс хүүхэд багачуудынхаа төлөө хийж байсан гээд бодохоор сайхан санагддаг юм.

-Пионерийн ордонд тавьсан хүүхдийн анхны дуурьтай та салшгүй холбоотой хүн. 1960-аад онд байтугай өнөөдөр хүүхдийн дуурь босгож ирнэ гэдэг амархан бүтчих ажил биш байх?

-Пионерийн ордны захирлын алба хүлээж аваад би нэг зорилго өөртөө тавьсан. Анх ордон байгуулахад мэргэжлийн багш нар байхгүй байсан учраас сайн ажилчин хүнийг л энд тэндээс олж авч багшлуулж байсан юм билээ. Үүнийг өөрчилж мэргэжлийн багш нартай болгохыг зорьсон юм.Тэгээд ордныхоо уран сайхны удирдагчаар хойно, Свердловскийн хөгжмийн дээд сургууль төгсч ирсэн Н.Дарьсүрэнг ажиллуулахаар авсан юм.

"Аз жаргалын эрэлчин”-г тавих гэхэд бас олон сонин явдал гарч байсан. Дуурийн үг, хөгжим бэлэн болсны дараа Соёлын яамны сайд Ж.Болд гуайтай ярилаа. Гэтэл өмнөөс "Дуурь тавих гэж юу яриад байна аа, Сүрэнжаваа чи?, Хүүхдүүд яаж дуурь тоглодог юм?” гэж билээ. Намайг хүүхдийн дуурь тоглуулна гэж яриад явж байхад өөдөөс дандаа л "Ямар юм яриад байгаа юм бэ?” гэдэг асуулт гарна. Түүнээс "Өө зүйтэй зүйтэй” гэж хэлж байсан хүн бараг л байгаагүй дээ. Ийм асуулт, үл итгэсэн харцан дунд бид дуурийнхаа бэлтгэлийг хийлээ. Н.Дарьсүрэн маань бүтээлийнхээ бэлтгэл ажлыг зангидаад сайхан ажиллалаа. Нарийн мэргэжлийн улсын туслалцаа авалгүй яахав. Театрын Дагважамц, Лхасүрэн, Гэндэн, Жамьяндагва нар туслаж, санаа оноо хэлж өгч байсан.

-Хүүхдийн дуурь тавина гэхэд үл итгэх маягтай байсан улс дараа нь яаж хүлээж авав?

-Тийм хэмжээний уран бүтээл тавих гэдэг өөрсдөө шийдчих ажил бас биш байсан юм. Тэр үеийн тогтсон жишгээр Урлагийн хэрэг эрхлэх хорооноос зөвшөөрөл авдаг учиртай байсан. Хүмүүс главлит гэж ярьдаг даа. Главлитаар орох тоглолтоо Барилгачдын соёлын ордонд хийлээ. Богдод тоглодог Н.Цэгмэд гуай тэр хорооны дарга байсан. Соёлын яамны томчууд бүгд ирлээ. Тоглолт дууссаны дараа Цэгмэд гуай босоод "Гайхалтай” гэж хэлсэн юм шүү. Тэгээд "Өнөөдөр гэхэд манай дуурьт дуулж байгаа дуучид маань энэ хүүхдүүд шиг үгээ ингэж тод хэлээд байдаггүй юм шүү. Хүүхдийн хэл гэдэг яасан өөр, хурц тод байдаг юм бэ” гэж онцолж хэлж байсан. Хүүхдийн дуурь тавина гэхэд сайд нь эхэлж юу гэж хэлж байсан билээ, гэтэл ямар мундаг тоглолт гарч ирж болохыг манай ордныхон бүтээлээрээ 1961 онд харуулж чадсан нь үнэхээр бахархал байсан юм шүү.

"Аз жаргалын эрэлчин”-гийн гол дүр Боролдой эрэгтэй, Хумбага эмэгтэй хүүхэд. Гэтэл эрэгтэй хүүхэд олдоогүйгээс болоод Боролдойд эмэгтэй хүүхэд эрэгтэй болж дуулсан юм. Хумбагад анх дуулж байсан Ичинхорлоо гэж хүүхэд сүүлд монгол хэл уран зохиолын багш болсон байсан. Сүүлдээ дуулдаг эрэгтэй хүүхдүүд гарч ирээд эмэгтэй хүүхдээр орлуулах хэрэггүй болсон. Гавьяат жүжигчин Н.Отгон гээд хожим урлагийн хүн болсон хүүхэд гэх үү, уран сайханчид "Аз жаргалын эрэлчин”-д дуулсан. Ингэж Монголын хүүхдийн бүрэн хэмжээний дуурь бүтэж байсан юм даа. Энд тэнд аялж олон тоглосон. "Аз жаргалын эрэлчин”-гийн дуунууд нэг үе хүүхдүүдийн амны уншлага болсон байсан.

-Одоо бол эцэг эхчүүд хүүхдүүдээ Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордны дугуйланд явуулах дуртай байдаг. Таныг захирлаар ажиллаж байсан 1960-аад оны эхээр ямар байв?

-Пионерийн ордон гэдэг хүүхдийн урлаг соёлын гол төв байсан болоод ч тэр үү, хүмүүс хүүхдүүдээ дугуйланд явуулах их дуртай байсан. Үүнд нь "Аз жаргалын эрэлчин” ч их нөлөөлсөн байх. Жүжгийн дугуйлан гэж Пионерийн ордонд байгуулаад авъяастай хүүхдүүд орж байсан. Одоо харж байхад хөгжмийн зохиолч Б.Шарав, жүжигчин Н.Сувд гээд урлагийн улс дотор Пионерийн ордонд явж байсан хүүхдүүд олон байдаг. Пионерийн ордноос урлагийн олон алдартныг төрүүлсэн Дугар гэж драмын жүжигчин эмэгтэй бий. Хүмүүс эрэгтэй хүн гэж бодоод байдаг юм. Цэдэнбал даргын комиссаруудын нэг байсан Чулууны гэргий. Дугар "Гарын таван хуруу” жүжгийг жигтэйхан сайхан уншина. Шавь нар нь гэхээр Мөнхдорж, Лхасүрэн, Нямгаваа гээд найруулагч нараас гадна арай сүүлийнх гэж хэлж болох найруулагч Болд, Баатар нар орно. Ингээд бодвол Монголын тайзны урлагийн гол уран бүтээлчдийг манай ордон, манай Дугар багш төрүүлсэн гэж болохоор байгаа биз? Пионерийн ордны 50 жилийн ой дээр тэртээ нэгэн цагт дугуйлангийн хүүхдүүд, энэ цагийн алдартай жүжигчид, уран бүтээлчид болж өссөн олон хүн ирсэн байсан. Намайг захирлаар ажиллаж байсан ахмад хүн гээд баярын үг хэлээч гэж урьж, би тэр баярт оролцсон. Пионерийн гэнэ үү, Хүүхдийн гэнэ үү хамаагүй, багачуудын авъяас чадварыг эртнээс олж илрүүлж, хөгжүүлэх учиртай байгууллага манай оронд нэг биш нэг хэсэг л байх учиртай. Бас тэгээд манай улс чинь хүүхэд залуучууд зонхилсон улс хэвээрээ байгаа биз дээ?

 

Сүхбаатарын талбай дээр "Залгамжлагч” чуулганы шугам жагсаал болж байхад радиогоор орон даяар шууд дамжуулж байлаа.

-Та Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн одоогийнхоор бол Хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байсан хүн. Хүүхэд багачуудын төлөө зүтгэсэн он жилүүдийн дурсамжаас хуваалцаач?

-1962-1969 онд МХЗЭ-ийн Төв хорооны сургууль, пионерийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Монголын Пионерийн байгууллагын Төв зөвлөлийн даргаар ажилласан хүн. Сургууль, пионерийн ажил тааруу байна гэдэг шүүмжлэл дунд анх энэ ажлыг хүлээж авч байлаа.

МХЗЭ-ийн Төв хорооны Сургууль, пионерийн хэлтэс ерөөсөө таван хүнтэй. Гэтэл хариуцах ажил маань улсын хэмжээнд, бүх сургуулийн сурагч багачуудыг хамарч үйл ажиллагаа явуулах ёстой. Тиймээс би гаднаас их хүн татаж ажиллуулдаг байсан. Эхлээд нэгдүгээр арван жилийн сургуульд байсан Цэдэндорж гэдэг хүнийг хэлтсийн даргаар ажилд авлаа. Алтанбулагийн сургуульд намайг багшилж байхад сурч байсан миний шавь. Багаасаа өнчин өссөн гээд амьдрал нь амар байгаагүй ч хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан. Их сургуулийн математикийн ангийг улаан дипломтой төгссөн толгой сайтай хүүхэд байсан. Ийм сүрхий шавиа би хэлтсийн даргаараа авч ажиллууллаа. Пэлжээ сайдын авгай Оюун, Энэбиш гээд Лувсанравдан гуайн туслах байсан залуу, Жамъянсүрэн гээд сүүлд Их хуралд ажиллаж байсан хүн, Санжаадорж гээд сайхан улстай хамтарч ажиллаж байлаа. Бас тэр үед яаманд ажилладаг Ч.Лувсандэндэв гэж байлаа. Хүүхдийн зохиолч, сүүлдээ Гэгээрлийн яамны дэргэдэх Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд ажиллаж байсан. Хожим түүхийн шинжлэх ухааны доктор болсон Нямбуу гээд олон мундаг улс бидэнтэй хүч хавсран ажилласан. Олон сайхан ажлыг ч үр дүнтэй хийсэн. Залгамжлагч анхдугаар, хоёрдугаар чуулган, Сурлага хөдөлмөрийн хоёр жилийн аян, Монголын пионерийн байгууллагын 40 жилийн ой гээд олон том ажлын ард бид амжилттай гарсан.

-"Залгамжлагч” анхдугаар чуулганы талаар хүүхдийн байгууллагын түүхтэй холбоотой ном баримтад их тод үлдсэн байдаг юм билээ. Анхдугаар чуулганы онцлог, сонин содон зүйл нь юу байв?

-"Залгамжлагч” чуулганыг өмнө нь бүлгэм, сургууль, аймаг, хотын хэмжээнд хийдэг байсан юм. Харин 1963 оны тавдугаар сарын 8-нд анх удаа улсын хэмжээнд зохион байгуулсан учраас "анхдугаар” гэж онцолдог юм. "Залгамжлагч” анхдугаар чуулганы үеэр Сүхбаатарын талбайд 4000 гаруй хүүхдийн жагсаал болж, чуулганы нээлтэд Ю.Цэдэнбал дарга баяр хүргэж үг хэлж байлаа. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, Ардын Их Хурлын тэргүүлэгчид, яам тусгай газрын сайд, дарга нар, ах дүү социалист орны болон манай оронд сууж байгаа дипломат ажилтны төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. МХЗЭ-ийн Төв хороо, Гэгээрлийн яамнаас "Залгамжлагч” анхдугаар чуулганд илгээлт ирүүлж, гадаадын хамтран ажилладаг хүүхдийн байгууллага болон хөдөө орон нутгаас мэндчилгээ олноороо ирж байлаа.

Улаанбаатарт Сүхбаатарын талбай дээр "Залгамжлагч” чуулганы шугам жагсаал болж байхад радиогоор орон даяар шууд дамжуулж байлаа. Ингэснээр Жанжин Сүхбаатарын нэрэмжит төв талбайгаас удирдан бүх орныг хамарсан радио шугам жагсаал болсон юм. Улс даяар хамарсан радио шугам жагсаал гэдэг маш шинэлэг өвөрмөц ажил болж байлаа. Яг ингэж зохион байгуулж улс орон даяар болж байсан арга хэмжээ хүүхдийн байгууллагын түүхэнд өмнө нь байгаагүй байх.

-Ажил муу гэсэн шүүмжлэл дунд хүлээж авч байсан гэлээ. Харин та 1967 онд хүүхдийн байгууллагын ажлыг ямар үнэлгээтэй хүлээлгэж өгч байв?

-Миний унаган мэргэжил багш. Багш хүний хөдөлмөрийг сурагч багачуудаас салгаж төсөөлөх аргагүй. Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн даргаар ажилласан он жилүүд бол миний ажил хөдөлмөрийн хамгийн сайхан үр бүтээлтэй он жилүүд байсан. Монголын пионерийн байгууллагын ажлыг бөөн шүүмжлэл дунд хүлээж аваад дараа нь Монголын пионерийн байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн МАХН-ын Төв хорооны тогтоолтой хүлээлгэж өгч байлаа. Аль нэг байгууллагын ажиллагааг дэмжин сайшаасан Төв хорооны тогтоол гарна гэдэг ажил үр дүнд хүрсэн гэдгийн гол нотлогоо байсан юм.

Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх