Их хотын иргэн Доктор Л.ДАШНЯМ: Түүхт байшингуудаа хамгаалж музей болгомоор байна

 


Ц.ГАЛБАДРАХ

Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч Л.Дашням. "Зүүдний манан", "Чулууны дууль", "Сүнстэй бөгж", "Ноолгой"... гээд судалгаа шинжилгээ, уран зохиолын дөчөөд номтой түүний тухай ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн "Аль ч бодистой урвалд ордоггүй, өөрийнхөөрөө зүтгэсэн тэрбээр уламжлал, шинэчлэлийн алиныг ч эс тоох, мэтгэдэг зангаа эс нуух, эрт боловсорсон түрүү намрын жимс” гэсэн бол яруу найрагч Д.Урианхай "Дотроо бодож байгаад хамгийн их цэгцтэй ярьдаг" хэмээсэн байдаг.

Түүнтэй Монгол уламжлал академийнх нь өнгө өнгийн цэцэг хуарлан алагласан өрөөнд уулзаж ярилцав.

Хотын иргэн болж чадаагүй хүн

хотоор дүүрэн

 

-Та түрүүнд Японд нэг бичлэг үзсэн тухай дурсаатахсан. Юуны тухай өгүүлэх юм, тэнд...?

-Хотын иргэдээ соёлтой болгох тухай л үзүүлж байна лээ. Хог хаядаг газрын хогийг зориуд цэвэрлэж аваад оронд нь сав суулгатай цэцэг аваачаад тавьчих юм. Гоё гоё цэцэг. Тэгснээ далдаас камераар харж байна. Нөгөө хүмүүсийн хогоо хаядаг газар нь цэцэг ургуулчихсан байхаар яах нь вэ гэдгийг харж байхгүй юу.

Нэг нөхөр гэрээсээ гараад ирлээ, ууттай хог барьчихсан. Ер цэцэг байгааг анзаарсангүй хогоо хаячихаад цааш явав. Тэгснээ гэнэт зогтусан эргэж харснаа гоё гоё цэцэг тавьчихсан байгааг харуутаа яаравчлан гүйж ирээд хаясан хогоо аваад явчихаж байх юм...

Ийм үлгэрлэл, нөлөөлөл чухал байдаг юм байна. Хүмүүст их хүрдэг юм байна. Тэгж байж хот сайхан болдог юм байна.

-Хот сайхан болохоор иргэдийнх нь мөн чанар ч сайхан болдог байх даа...?

-Тэр мэдээж. Хотынхны сайхан чанар гэдэг хотын соёл нь юм. Соёл бол сайхан чанарын илэрхийлэл. Манайд Төрийн ордонд ороход л чөлөөт энгийн хуцвастай байж болохгүй гэсэн журам байдаг биз дээ. Зүй нь бол соёлын том газрууддаа, үзвэрийн газрууддаа гоёж гангалж очдог болмоор байгаа юм.

Гэтэл манай Гандан хийд ямар билээ. Хажууд нь Халимагийн ерөнхийлөгч Иламжиновын байгуулсан сүмд бүх хүн гутлаа тайлж орж байна.

-Гэртээ орж байгаа юм шиг үү?

-Тийм цэвэрхэн. Гутлаа тайлдаггүй юм аа гэхэд гадуур нь угладаг ууттай. Тэгээд ирэхээр итгэл үнэмшил, сүсэг бишрэл нь ч шал өөр болоод явчихаж байгаа юм.

Цэцэрлэгжүүлэх ногооруулах, усан оргилуур хийх, энэ тэр чинь хотынхоо уур амьсгалыг өөрчилж, тоос шороог багасгаж байна. Тоос шороо их байна гэдэг хир буртаг их байна аа л гэсэн үг. Тоос шороогүй байна гэдэг өмссөн хувцас цэмцийгээд цэвэрхэн харагдана. Тэр хэрээр хүмүүс нь ч цэмцийгээд явчихна.

Миний санаагаар бол Улаанбаатарын бүх байгууллага гудамжаа өөрсдөө гоёдог болмоор байгаа юм. Цэцгээ тасалгаан дотроо ургуулдаг, тодорхой улиралд, хавар болохоор гаргаад гаднаа тавьдаг. Түүнийгээ гоё зохиомжилдог, жүжгийн тайз шиг.

Гудамжинд ерөнхий зүлэгжүүлэлтээ хийчихээд цэцгээ бол байгууллагууд нь арчлаад явчихаж болмоор.

Энэ бол Монголд, Улаанбаатарт бүрэн хэрэгжих, хөгжих боломжтой зүйл. Би амихандаа үүнийг үлгэрлэх санаатай байрныхаа гадуур цэцэг мод тариад байна. Гэтэл тасдаад сугалаад аваад явчих хүн байх юм.

Хотын иргэн болж чадаагүй хүн хотоор дүүрэн байна.

-Тэднийг яаж хотын хүн болгох вэ?

-Хамаг гоё юм, хамаг сургууль соёл байгаа, хамгийн гоё хүмүүс байгаа төв учраас хот руу тэмүүлж ирэх нь зүй.

Үнэндээ Улаанбаатар хотын оршин суугчид бараг зуун хувь өөрчлөгдчихлөө. Улаанбаатарын уугуул иргэдийн дийлэнх гадаадад амьдарч байгаа гэж би боддог. Хөдөөнөөс хотын харилцаа, хотын соёлыг мэдэхгүй хүмүүс орж ирж, их төвлөрсөн нь элдэв гажуудал үүсгэж байгаа нь бий л байх.

Улаанбаатараа, хотоо хөгжүүлье гэсэн эрмэлзэлтэй хүмүүс хотын хүмүүс байсан. Тэд өөрсдөө байгуулсан. Албан байгууллагууд хагас бүтэн сайнд субботник ямар их хийдэг байв. Ялангуяа оюутнууд хотын бүтээн байгуулалтад ямар их оролцдог байв.

Гэтэл одоо байгуулаад өг, түүнийг чинь эдэлж хэрэглэе гэсэн ойлголттой хүн олон болсон шиг. Хотынхоо бүтээн байгуулалтад хотын иргэд өөрсдөө оролцох хэрэгтэй байна.

Бүтээн байгуулалтад оролцсон хүмүүс байгуулсан зүйлээ хайрладаг болно. Хамгаалдаг болно.

-Өөрөө оролцоогүй хүмүүс хүйтэн хөндий хандаад байна гэсэн үг үү?

-Яг тийм. Өөрөө бий болгоод, барьж байгуулалцаад, тарьж ургуулалцсан хүн шал өөр. "Гоё ургаж байна, би тэр модыг тарьсан юм” гээд баяр хөөртэй, гоё явах жишээний.

Хэн ч хийсэн бүү мэд юм чинь, яаж ч байсан яадаг юм гэсэн сэтгэхүйг л алга болгомоор байгаа юм.

-Тэгэхээр нөгөө "соёлын довтолгоон” шиг бүх нийтийг хамарсан кампанит ажил зохиох хэрэгтэй болох уу?

-Үгүй л дээ. Тэгж хүчлэх шаардлагагүй. Өдөр тутмын амьдралаар нь соёлжүүлэх арга хэмжээг л авахад хангалттай. Тийм зүйлийг хийх чиглэлтэй, цалин хөлстэй соёлын хэлтсийн нөхдүүд үргэлж тийм юм хийж баймаар.

Ерөнхийдөө хот нь түрүүлж яваад байна. Янз бүрийн гоё барилга байгууламжаараа түрүүлээд байна. Харин хотоосоо хүмүүс нь хоцроод байна. Хүн нь хотын хүн болж төлөвших нэн чухал.

Тиймийн тулд сонин, телевизүүд "Улаанбаатар хотын юу нь сайхан байна вэ”, "Улаанбаатар хотын юу нь муухай байна вэ”, "Яавал Улаанбаатар хотоо сайхан болох вэ” гэдэг юмыг дандаа явуулж баймаар байна. Олон хүнээс энэ тухай асуухаар янз бүрийн сайхан санаа бодлууд гарч ирнэ.

Олон хүн чинь муухай байгаа зүйлээ, сайхан байгаа зүлээ олон талаас нь харж байгаа. Энэ муухай байна, ингэж чадахгүй байна гэдэг ч юм уу.

-Машинаа тавих зогсоолгүй. Ачаад явчихна. Юун баяр баясгалантай явах, харин ч зовлонтой иргэдтэй болчихоод байгаа юм биш үү, хот...?

-Хот гэдэг нүүдэллэж ирээд, бууж хоноод маргааш нь дахиад нүүгээд явчих хэрэг биш юм. Суурьшмал газар учраас утга учиртай болгохын тулд төлөвлөлт, төлөвлөлт тун чухал.

Газар, энэ тэрээ хувьчлахдаа хотын том төлөвлөлт үүсэх цагт ингэнэ, тэгнэ шүү гэдэг зүйл заалтаа танилцуулаад, тусгаж өгөөд, тэгээд өгмөөр байгаа юм. Тэгэхгүй болохоор нэг юм хийх гэхээр саад тотгор үүсээд, гарч ирээд л байна шүү дээ.

-Төлөвлөж байгаа нь энэ гээд хуучны үүх түүх өгүүлэх хэдэн навтгар байшингаа нураагаад гадна дотны хүнд харуулах сонирхуулах юмаар тун дулимаг болгоод байгаа шиг санагддаг...

-Наадах чинь үнэн. Улаанбаатар хотоо түүхт болгох хэрэгтэй юм. Түүхшүүлэх хэрэгтэй юм. Хуучин байсныгаа буулгад сүйтгэчихэлгүй хайрлаад, хамгаалаад энэ тийм үүх түүхтэй гэж сонирхуулдаг баймаар байгаа юм.

Ухаан нь "Цогт тайж” киноны зургийг авсан, филармони байсан жижигхэн байшинг байлгаж байсан бол ямар гоё түүх ярих байсан бол.

Одоо тэр Төв шуудангийн урд талын дүр төрхийг нь олонтаа өөрчилсөн нэг жижигхэн байшин байгаа.

-Ардчилсан намын байр уу?

-Тийм. Тэр бол маш их туухтэй байшин. Газар тариалангийн яам байсан, Багшийн сургуулийн оюутны байр байсан, МОНЦАМЭ байсан, Фото зургийн агентлаг байсан газар. Яам байх үед Оросоос бэлэглэсэн машинууд тойроод зогсчихсон зургийг "Сахал” Дашцэрэн гуай надад үзүүлж байсан.

Оюутны байр байхад нэг оюутан боож үхэж байсан тухай ч зохиолч Д.Маам надад ярьж байсан. Найз нь тэнд малчнаар үлдэж, бүсгүй нь оюутан болоод Багшийн сургуульд ирсэн юмсанж.

Гэтэл нөгөө найз нь өөр хүнтэй суучихаж. "Чи малчин намайг тоохоосоо өнгөрсөн, би амьдралаа бодъё” гэсэн юм байгаа биз дээ. Түүнийг дуулаад нөгөө оюутан охин боож үхэхгүй юу. Гэхдээ их сонин.

-Юу нь сонин гэж...?

-Захаас цоо шинэ дээл худалдаж аваад, эвхээд, бүсээ бас эвхээд орон дээрээ тавьчихсан байсан гэдэг. Өмсөөгүй.

Нөхөр болох хүндээ "би чамд үнэнч байсан” гэдгээ ч илэрхийлсэн үү, өөр ямар нэгэн ёс байсан уу. Тэгээд ялигүй, хоёрхон давхар байшингийн шатнаас зүүгдээд "явчихгүй” юу.

Язковская надад хэлж байсан. "Энэ байшинг л битгий нураалгаарай. Орос, Монголын найрамдлын маш том гэрч, баримт, дурсгал юм шүү. Хадгалуулаарай” гэж.

Нэг байшин л гэхэд сайн муу, сайхан муухай өчнөөн түүх өгүүлнэ. Цаана нь улс орны түүх ч цуг явж байдаг.

Хуучин Пионерийн ордны ард хоёр давхар жижигхэн цагаан байшин байдаг сан. Гадна талдаа шаттай. Тэгэхнээ нь байшингаа барьчихаад хоёр давхартаа гарах гэсэн чинь шатыг нь мартчихсан байсан гэдэг. Тэгээд хоёр давхар руу гардаг шатыг нь гадна талд нь хийчихсэн. Одоо байхгүй болсон.

Энэ Урт цагааныг энэ чигээр нь үлдээчих хэрэгтэй байгаа юм. Түүх шүү дээ. Дотор нь урлаг соёл, оюуны юмнуудаа оруулаад сайхан болгочих хэрэгтэй санагддаг.

Данзан, Сүхбаатар нарын байсан байшинг байлгана л гээд байсан алга болсон. Анхны холбоо байсан гэдэг хэдэн жижигхэн байшин Бөхийн өргөөний дэргэд бий. Их л түүхтэй байшингууд.

Бас Баабарыг авсан гэж шуугиад байсан модон байшин Лениний музейн ард байгаа байх. Их түүхтэй байшин. Үлдээгэд музей, энэ тэр болгочихсон нь дээр дээ. Рерихийн музейн түүхт байшинг Ш.Бира гуай аваад үлдчих шиг боллоо.

Олон улсын жишиг бол түүхт байшингуудаа дандаа музей болгочихдог юм байна. Өөрчлөгдөөд өөр байгууллагууд орлоо ч гэсэн түүх нь байж л байх ёстой юм.

Нэг зүйлийг би их гайхдаг.

-Юуг тэр вэ?

-Хотоор аялж жуулчилж яваа хүмүүст хөтлөгч нь юу ярьж явдаг бол гэж. Гадаадын хотуудаар автобусаар ч тэр, явганаар ч тэр аялж явахад хөтлөгч нь нэг хором ч ам хуурай байхгүй тайлбарлаад явдаг шүү дээ.

"Одоо зүүн тийшээ хар, тийм тийм түүхтэй тийм газар харагдаж байна”, "Одоо баруун тийшээ хар, ийм ийм түүхтэй байшин, газар” гэхчилэн ярьдаг. Хүзүүнд юм ортол ийш тийш харуулаад танилцуулаад явдгийг хүмүүс мэднэ дээ.

Харин манайх Улаанбаатараа түүхгүй хот болгож л болохгүй юм байгаа юм даа.

-Хотод таны очих дуртай ямар газар байна вэ?

-Энд тэнд нэг их явахгүй юм. Дуртай дургүй ч Явуугийн цэцэрлэг дундуур л нааш цааш хэдэнтээ гатлах юм. За тэгээд өрөөндөө л элдвийг сараачиж суух дуртай юм даа.

-Хөдөөний хүнээс хотын хүний ялгарах гол шинж юу байх ёстой юм бол?

-Хотын хүн гэдэг чинь журамлагдсан хүн. Журамлагдахгүйгээр яаж хотод амьдрах билээ дээ.

-Таныг 1990-ээд оны дунд үед Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч байсан гэж сонссон. Тэргүүлэгч байхдаа шийдсэн, шийдвэрлүүлсэн хамгийн том ажил тань юу байв?

-Тэргүүлэгч байхдаа би боловсрол, соёлыг хариуцдаг байв.

Нийслэлийн тухай хуулийг батлах хурлыг даргалж байлаа. Дорвитой нь гэвэл хотыг сүлдтэй болгосон. Их л шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулж байж хийсэн дээ.

-Хотоо сайхан болгох гэж олон л төрлийн санаа санаачилга гарч ажил хийгдэж байна. Түүнээс ганц нэгийг нь онцлооч гэвэл...?

-Санаачилдаг хүн ч байх ёстой, үлгэрлэдэг хүн ч байх ёстой. Хотын хөгжилд зориулсан хотын хөгжлийн санд "Би баян хүн, тэдэн төгрөг хандивлалаа” гэж болно. Тэр хүнд баярлах хэрэгтэй. Хотын захиргаа биш, хотын иргэд бүгд баярлах хэрэгтэй.

Хөгжлийн сангийн хөрөнгийг чухам хөгждөг зүйлд нь зарцуулдаг байх хэрэгтэй. Дунд нь нэг сангийн дарга зувчуулах биш, нэг юм хийж байна нэрээр өөрөө хармаалах биш, жинхэнэ чиглүүлэгч байх хэрэгтэй.

Зөрлөгүүдийг гоё болгож байгаад бүгд баярлаж л байгаа. Хөдөлгөөнийг зохицуулах гээд автомашиныг дугаараар нь ээлжлүүлж явуулж байгаад баярлаж байгаа. Зөв л гэж үзэж байгаа.

-Та амь, ажлын хэргээр олон л улсын олон хотоор бууж мордож явсан нь мэдээж. Хамгийн ихээр таалагдсан нь хаанахын хот вэ?

-Оросын Санкт-Петербург бол үнэхээр оюун соёлын төв том хот. Хааны хот. Түүхэн хот учраас нөгөөхөө эвдэхгүй тэр чигээр нь байлгана гэдэг юм билээ. Гурван км шахуу урт үргэлжилж байгаа урт байшин ч байна, тэнд. Санкт-Петербургийн их сургуулийн нэг байрных нь коридороор явахад урт нь нэг км гээд бод доо. Яагаад гэвэл хааны ордон байсан газарт их сургуулиа оруулчихсан байхгүй юу.

Эртний гудамжууд нь дан чулуун шигтгээтэй. Урлагийн дэлгүүр, номын сан, музей... дутуу юм тэнд байхгүй. Гудамж талбай нь өргөн сайхан болохоор болохоор хүн цөөтэй юм шиг харагддаг. Хүмүүс нь ихэнхдээ нийтийнхээ унаанд суугаад л явна.

Аргагүй л төлөвлөлтөөр барьсан цэвэрхэн сайхан хот.

Анхнаасаа төлөвлөлттэй хийгдсэн хот л сайхан байдаг юм байна. Хаана нь юу нь байх, гудамж нь ямар байх, муу сайн ус нь хаагуур яаж гүйх... бүгд төлөвлөгдөөд ирэхээрээ хот гоё болдог.

Их сайхан гудамж гоёлтой хотод ихэнхдээ явгаар явах хэрэгтэй болдог. Үзэх харах юм элбэг. Үзэж харж байгаадаа хүн чинь улайраад хэчнээн ч км хамаагүй явчихдаг юм байна лээ.

"Нутгийн алдар” гэж

сантехникчийн тухай тууж бий

 

-Ингэхэд нийслэл Улаанбаатарт анх хэзээ хөл тавьсан хүн бэ, та...?

-1960 онд. Сүүн зах гэж байсан даа. Сүүлдээ цэнгэлдэх болсон. Тэнд л хөлбөмбөгтэй хөөцөлдөж явлаа шүү дээ.

-Хотод сурахаар ирж байв уу, эсвэл...?

-Ахын даалгавраар ирсэн. Хөдөөнөөс гадаадад, Москвад сургуульд очсон хүн толгойных нь эргээ гараагүй хэцүү байдаг гээд толгойны маань эргээг гаргах гэж л аравдугаар ангид байхад хотод авчирсан хэрэг.

Аравдугаар ангидаа хагас жил л нэгдүгээр сургуульд сураад төгссөн дөө. Тэгэхээр би чинь арван жилийн хоёр сургуульд сурсан болдог юм. Хагас жил суусан ч төгссөн юм чинь нэгдүгээр арван жилийнх гэж явахаас өөр яахав. Мөн Архангайн арван жилийн сургуульд арван жил сурсан болохоор яах аргагүй миний унаган сургууль.

Намайг Архангайд нэг очиход арван жилийг онц төгсөгчид гэсэн самбарт нэр минь байж байна лээ.

Тэгэхэд би хотод онц төгсөөгүй. Унаган сургуулийнхан маань намайг хотод ирээд тэр чигээрээ онц төгссөн гэж боддог шиг байгаа юм. Уг нь хотод онц төгсөх боломж бол байсан. Хоттой их танилцсанаас л сайн гарахгүй юу. Нэгдүгээр сургуулийн захирал Содов гуай байгаад дараа нь Цэрэндорж гэж захирлыг Төв аймгаас ирсний дараа би төгссөн.

-Улаанбаатарт бараг нэгэн жарны турш амьдарч байгаа уран бүтээлч хотын тухай туурвил олонтой байлгүй...?

-Улаанбаатар дээр нэг их тогтож бодоогүй юм шиг. Хотын тухай дуу шүлэг бичиж байсангүй. Харин ардын жүжигчин Самбуугийн дуулдаг "Үйлсийн сайхан Улаанбаатар” сайхан дуу шүү. Манай Лувсангийн Дагвадорж найрагч, Самбуу дуучин хоёрыг намын гишүүнээр элсэхэд хотын намын хорооны дарга Алтангэрэл "Хотыг нэг сайхан дуутай болго. Дагвадорж чи шүлгийг нь бич. Самбуу чи дуул. Тэгэхгүй бол намд элсүүлэхгүй” гэсэн гэдэг.

Самбуу ч яахав, ямар л дуу хийнэ, би дуулна гээд. Тэгээд Дагвадорж шүлэг бичиж Лувсаншарав гуайгаар ая хийлгэсэн нь "Үйлсийн сайхан Улаанбаатар”. Ингэж л намын даргын даалгавраар нэг сайхан бүтээл төрсөн байдаг.

Бас Явуугийн "Улаанбаатарын тухай дуу” гоё дуу.

-...Дөрвөн уулын дундаа

Тэнгэрийн заадас шиг ярайна...

Сайхан үгтэй дуу л даа?

-Тийм. Аялгуу нь ч гоё. Нэг удаа би энэ дууг сонсоод уйлж билээ.

-Юуны учир уйлснаа ярьж өгч болно уу?

-Хойно сурч байх үеийн явдал л даа. Сургуулиуд хоорондоо АСК шиг юм зохиогоод. Намайг шүлэг бичиж өг гэдэг юм. Би арай л чадахгүй санагдаад Сүүеэг гуйхаар шийдэв.

-Шаравын Сүрэнжав найрагчийг уу?

-Тийм. Манай дээд курст байсан юм. Тэгээд М.Горькийн сургууль руу явлаа. Сүүеэтэй уулзлаа. Хэллээ. Гэтэл нөгөөх чинь уурлаад "Чи намайг нэг муу АСК-ийн л шүлэг бичдэг гэж бодоо юу. Өөрөө бичихгүй юу” гэж байна.

Би ч мөчөөгөө өгсөнгүй. "Өө, би таныг чинь АСК-ийн шүлэг, том шүлэг гэж уран бүтээлээ ялгадаг гэдгийг чинь мэдсэнгүй. Өөрөө чадахгүй болоод л өөрийг тань мундаг гэж бодоод ирсэн юм. Шүлгээ тэгж ялгаварлаж бичдэг гэдэг чинь сонин сонсогдож байна” гэтэл мань эр дуугүй болчихсон.

-Тэгээд шүлэг бичиж өгөв үү?

-Үгүй ээ. Сүүлд нь би өөрөө л нэг юм аргалсан. Нэгэнт Горькийн сургууль дээр ирснийх утга зохиолыхонтойгоо ярьж хонохоор боллоо. Нөхөд ч зүгээр байсангүй, хоол унд, энэ тэр боллоо. Тэгтэл "Улаанбаатарын тухай дуу”-г Готовын Нямаа дуулаад. Ямар ч сайхан дуулдаг юм. Мэддэггүй байж сайхан дуулдгийг нь. Мөн Данигайн Давааням, Санжийн Пүрэв эднүүс чинь бэлдчихсэн юм шиг бүгд түрээд гоё дуулдаг юм байна. Сэтгэл хөдлөөд нүдэнд нулимс цийлэгнээд ирдэг байгаа.

...Дөрвөн уулын дундаа

Тэнгэрийн заадас шиг ярайна... гээд л гоё сонсогддог юм билээ.

Надад хотын тухай дуу шүлэг байхгүй ч "Нутгийн алдар” гэж сантехникчийн тухай тууж байдаг юм.

Өөрийн гэсэн байр савтай болтлоо хотын дөрвөн зүг найман зовхист, тойроод их нүүсэн дээ, манайх гэдэг айл. Эхнэр, хоёр хүүхдээ чирээд л хөдөлнө. Эд хөрөнгөсөөд байх юмгүй, амар байж.

Айлын хажууд байлаа. Айлын хажууд байгаа айлын хажууд ч байж үзлээ.

-Их хөлийн газар хотод өөрийн байртай болно гэдэг амаргүй. Танайх тэгээд яаж байртай болж байв?

-Шаравзандан гэж манай Архангайн хүн байв. Хотын ямар ч дарга байсан юм бэ дээ, тэр үед. Нэг л хэлтсийн дарга байсан байх. Тэр хүнтэй нэг удаа уулзахдаа байр савгүйн зовлонгоо тоочлоо. Тэр хэлж байна.

"Одоо бид уран зохиолын нэг том уралдаан зарлах гэж байгаа. Түрүүлсэн хүнд нь байр өгөх тухай ярьж байна. Чи зохиолч хүн. Хотыг сайхан болгож байгаа хүмүүсийн тухай тухайлбал, сантехникчийн тухай сайхан юм бичихгүй юу. Тэгээд байр эзлээд байртай болохгүй юу” гэж. Огт боломжгүй гэснээс дээр сонсогдож байна.

Миний доод ангийн нэг сантехникч байх. Сүүлд хөдөлмөрийн баатар болсон байх. Түүнтэй хоёр, гурван удаа уулзаж сантехникчийн ажлын тухай нэлээд асууж шалгааж аваад бичсэн нь тэр "Нутгийн алдар” тууж.

-Тэгээд уралдаандаа орж явчихсан уу?

-Үгүй ээ. Уралдаан ч болсонгүй. Шаравзандан гуай уншиж үзээд "Их аятайхан юм болж. Уралдаан ч болохгүй болсон. Гэхдээ байрны оочерт оруулах талаар ярья” гээд өнгөрөв.

Яг түүнтэй зэрэгцээд Хоршооллын байшин гэдэг юм үүслээ. Эхнэр маань нэг өдөр "Манай эмнэлэгт гурван байрны хуваарь ирсэн байна. Нэгийг нь авбал ав гэж байна. Яахав” гэж байна. "Юу ярьж байгаа юм. Авалгүй ядаг юм” л гэлээ. "Байрныхаа төлбөрийн 80 хувийг эхлээд хийх ёстой гэсэн. Мөнгө хаанаас олох юм” гэхээр нь яаж ийж байгаад болгоно л гэв.

-Та тэгэхэд хаана, ямар ажил хийж байсан юм бэ?

-Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид редактор. Өөрийн нэг, орчуулгын нэг ном хэвлэлтэд шилжих гэж байв. Хоёр номынхоо урьдчилгаа мөнгийг авах болоогүй байдаг. Ахмед гээд орлогч сайд дээр орлоо. "Нэг ийм үзүүр гарлаа. Хоёр номынхаа урьдчилгааг авахгүй бол хүрэхгүй нь” гэж учирлалаа. "Байр авах чинь үнэн юм уу” гэж нухацтай нь аргагүй лавлаад цохож өглөө. Урьдчилгаа 8000 төгрөг авлаа.

Тэгээд Хоршооллын байр луугаа явахад манай өрөөнийхөн хэллээ.

"Чи энэ Алтанхуягийг дагуул. Наад чөрийсөн хог чинь хүн дээрэмдвэл зодолдож чадахгүй ч ядаж хашгирах байх” гээд. Алтанхуягаар бие хамгаалагч хийчихсэн, мөнгөө хармаалчихсан явж байлаа шүү дээ.

-Алтанхуяг гэж орчуулагчийг хэлж байна уу?

-Тийм ээ. За тэгтэл Байрны зөвлөл гэж байгуулаад байраа хуваариладаг юм. Нэгдүгээр давхарт орох айл олддоггүй. Тэгтэл нэг аятайхан журам гарлаа. Нэгдүгээр давхарт орж байгаа айлдаа дээд талын дөрвөн айл нь мянга, мянган төгрөг өгнө гэсэн. Тэгтэл нэг рүү хүмүүс дайраад.

Аа бас том өрөөнд айлууд орох дургүй. Гурван өрөө байр үнэтэй болохоор тэгдэг байсан байх. Ингээд сугалаа явууллаа. Эхнэр гурван өрөө байр сугалаад. Авахаас яалтай. Цалингаасаа төлбөрийг нь цувуулж төлөөд дуусгаж билээ.

Манайх гэдэг айл анх нэг диван, нэг хөргөгчнөөс өөр хөрөнгөгүй байсан даа. Диванаа дэлгээд дөрвүүлээ хоёр хоёроороо хоёр тйишээ хараад л унтдаг сан.

Дараа нь байраа тохижуулж хамгийн түрүүнд хийсэн зүйл гэвэл номын тавиуртай болж байв.

-Хэдэн онд гэсэн үг вэ?

-1977 онд.

Томчуудын гар, хурууны үзүүрт

гүйгээгүй

-Та бол энд тэнд олон арав яригдаж, бичигдсэн "гарын таван хуруу”-ны нэг. Бавуугийн Лхагвасүрэн, Жагдалын Лхагваа, Дамдинсүрэнгийн Урианхай, Дарамын Батбаяр та хэдийн үерхэл нөхөрлөлийн урт зам Улаанбаатараас л эхэлсэн байлгүй...?

-Тийм ээ. Д.Батбаяр, Д.Урианхай хоёр чацуу ч Батбаяр нэг сараар ах. Би тэр хоёроос хоёр, Ж.Лхагваагаас нэг дүү, Б.Лхагвасүрэнгээс нэг ах юм.

-Тэр нөхөдтэй таны анх танилцаж шадарласан түүхийг л сонирхмоор байна...?

-Зохиолчдын хорооны дэргэд "Үлгэрийн танхим” гэдэг утга зохиол сурталчилдаг гэхээсээ илүү хороондоо мөнгө олж өгдөг нэг газар байлаа. Тэр байгууллагыг би хэдийд нь ч мэддэг болсон юм бүү мэд. Бодвол, бараг л үүсгэл хавиас нь анзаарсан юм бол уу. Мэддэг болсон шалтгаан нь Лхагвасүрэнтэй л холбоотой. Мань хүн тэндхийн жүжигчин. "Авъяастай лүд юм” гэгч нь нэг мэдсэн гараад ирсэн дээ.

Тэгсэн тэр нөхөр жүжигчнээр барахгүй Д.Гармаагийн нэг номны чимэг зургийг (тэр үед ихэнхдээ номын хавтсыг нь бүтээдэг байлаа) зуржээ. Тэр нь өнгө аясыг олсон, донжтой гэж жигтэйхэн. Номтой болох гэж байгаа болгон Лхагвасүрэнгээр хавтсыг нь зуруулах юм болцгоож байсан шиг санагдана.

Хүзүү гэхээр юм байна уу, үгүй юу гэмээр бэгцгэрдүү, илхнээр инээмсэглэх хэр нь "энэ нөхөр цаанаа бол юу л гээд байгаа бол доо” гэмээр жоготой, онигоо, энэ тэр ярих үед заавал цааш нь "эвгүй хорлонтой”-гоор гүнзгийрүүлдэг намхан бор эр бол тэр байлаа. Одоогийнхоосоо туранхай байсаан.

Тэр үед манай томчууд "Уран үгсийн чуулга” гэж нэг гоё юм хийдэг, түүгээрээ дамжуулж утга зохиолоо ард түмэндээ хүргэх, түүний цаана түмэнтэй нүүр учирч гол нь өөрсдийгөө таниулах ажил хийдэг байв. Бид бас тэгмээр, тэгэхдээ томчуудаас тусдаа бие дааж явмаар байдаг, тэгье ч гэж ярьцгаадаг байлаа. "Зохиолчдын хорооны санд таван төгрөг оруулсан” хэмээх алдарт шог ярианы бай болсон "Уран үгсийн чуулга”-аа бид Дархан хотод хийсэн юм.

Тэр ажлыг би санаачилж, голцуу "Дөмөн”-гийнхнөөс бүрдсэн баг зохион байгуулж байв. "Үлгэрийн танхим”-аас Лхагвасүрэн бидэнтэй цуг явлаа. Амьдрал мэдэхгүй амьтад чинь хүн хар хотдоо байдаггүй, хадлан тариалангийн үед нь оччихож. За тэгээд бид ямар Явуу, Эрдэнэ, Пүрэвдорж нь биш дээ, хэн тоохов. Баларлаа. Олуулаа явсныг хэлэх үү. Зардлаа яаж нөхөхөв. Бөөн толгойн өвчин боллоо.

Тэгэхэд Лхагвасүрэн ёстой нэг авралын бурхан болсон. Цэргийн анги гэж арай олон хүнтэй газрыг бодож олоод очсон чинь цэрэг, эх орны сэдэвтэй зохиол гэдэг нь хэнд нь ч байсангүй. Лхагвасүрэн "одоохон, одоохон” гээд л тайзны ард нэг жаахан зайд, цонхны тавиур янз манз ч биш байсан шиг санагдана, эрхгүй л нэг юман дээр, цаасны тасархай дээр нэг юм бичээд байна. Тэгээд л бичсэнээ уншлаа. Тав дахиулсан. Зарим цэрэг уйлж харагдана. Цэрэгт явсан нөхөртөө бичиж байгаа хариу захидал юм. Жаахан хүү нь бичүүлэхгүй сандаргаад л болцгор хурууных нь хээ захиан дээр энд тэндгүй үлдээд л кино үзэж байгаа юм шиг л юм болсоон. Ямар ч гоё уншдаг юм бэ. Тэгж л Лхагвасүрэн "Дөмөн” нэгдлийнхэнд яруу найрагчаа зарласан. Жүжигчин, зураач, шүлэгч, чадахгүй юмгүй арван хуруу тэгш нөхөр маань удаж төдөлгүй л бидний "гал хам” болсон доо.

-Дарамын Батбаяртай хойно сурч байхдаа танилцсан гэдэг бил үү?

-Хойно оюутан байхдаа анх сураг сонсон уулзах, танилцах гэж эрж хайж байсан түүхтэй. Геологийн сургуульд очсон, миний дунд сургуулийн анд, өөрөө ч бас юм оролддог Б.Пүрэвсүрэн маань "Надтай нэг өрөөнд ёстой мундаг зохиолч байна аа. Чамтай танилцуулбал та хоёр нэлээн гар нийлэх байх” гэж хэлж байна. Очлоо. Эзгүй байгаад таарсангүй. Хорхой хүрээд хэд хоногийн дараа дахиад очлоо. Тэгтэл нөгөө нөхөр Монгол руу явчихсан гэнэ. Геологийн сургуулиасаа Горькийн сургууль руу шилжих гэж баахан хөөцөлдөөд тэр нь бүтээгүй болохоор буцчихсан юм байх.

Хожим төгсч ирсэн хойноо би хүнээр заалгаад зүс таних болсон. Батбаяр ч энд их сургууль төгсчихсөн, богино үгүүллэгүүдээ хэвлүүлээд эхэлчихсэн байв. Нэг өдөр Төв шуудангийн тэнд явж байхаар нь уулзлаа. Танилцлаа. Үерхэл тэгж л эхэлсэн.

-Жагдалын Лхагваатай...?

-Зохиолч П.Лувсанцэрэн бид эртний танил. Тэр надаар элдэв юм орчуулуулж "Цог” сэтгүүлдээ тавьдаг байв. Амихандаа би түүгээр дамжаад зохиолчид руу, зохиолчдын хороо руу дөхөх дотор бодолтой байлаа л даа. Тэгсэн нэг өдөр Лувсанцэрэн "Чамд хачин гоё юм үзүүлье. Сэлэнгээс Лхагваа гэж цахилгааны инженер бололтой нэг нөхөр тун хөөрхөн юм ирүүлээд байна” гэв. Жигтэйхэн часхийсэн үгүүллэгүүд байна. Лууяа:

-Үүнийг ханьтай болгоё. Ийм жанр хэрэгтэй. Чи бол биччихнэ дээ гэж байна. Шууд л:

-Тэгье гэлээ.

Удалгүй Ж.Лхагваа бид хоёрын хэдэн богино үгүүллэгийг "Яргуй” сэтгүүлийн анхны дугаарт гаргаж байв.

Түүнээс хойш Лхагваагийн эрэлд гарав аа. Нэг өдөр дэлгүүрээс гарч яваа нөхрийг манайхны хэн нь ч билээ нэг нь "Өнөө чиний хайгаад байгаа Лхагваа чинь энэ” гэдэг юм. Томоо цүнхэнд пиво л бололтой баахан юм хийчихсэн, оготор хамартай, монтёр маягтай, миний бодсоноос шал өөр нөхөр аахилчихсан цохиж явна. Би түүнийг үгүүллэг шигээ цэмцгэр, Цоодолорхуу амьтан байгаа гэж төсөөлж байсан байхгүй юу. Танилцлаа. "Өө хоёулаа манайд очьё” гэж байна. Гуравдугаар сургуулийн тэр хавь руу... Тэр өдрөөс л бидний нөхөрлөлийн урт аян эхэлсэн дээ.

-Дамдинсүрэнгийн Урианхай Төлөвлөгөөний комисст, та Эдийн засгийн хороонд ажилладаг "Ордны хоёр” байсан гэдэг байх аа...?

-Тийм ээ. Нэг удаа Зохиолчдын хороон дээр санаандгүй таардаг юм.

-Чи хаа хүрч явна?

-Өө найз нь Байроны хоёр шүлэг орчуулаад, "Утга зохиол урлаг” сонинд өгчихөөд явж байна гэж байна. Ордон орох замдаа ярьж байхнаа орчуулга хийхээс гадна шүлэг бичдэг нөхөр болж нөхөрлөл эхэлсэн.

Бид хэд дээд сургууль төгссөн хойноо утга зохиол руу орсон болохоор томчуудын гар, хурууны үзүүрт нэг их гүйж байгаагүй дээ. Өөрсдөө л булагнана. Оросод үзэгдэл болж байгаа, шуугиан дуулиан тарьж байгаа зохиолыг олж уншина. Эхэлж уншсан нь бусдадаа ярьж түгээнэ. Дамжуулж уншина.

Цуглахаараа хөөрхөн доргино. Хавтгай саваад явахгүй болохоор овоо соёлтой нөхдүүд гэж үнэлэгдэнэ. Хэрэгтээ бол ч томоотой байсан, байгаагүй, янз бүр л дээ.

Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин

 

 

 

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх