“Тамхи татах цэг”-ийг биш үрэлгэн зангаа цоожлоё

-Нийслэлд тамхины хэдэн цэг байгуулсан бэ?

-20.

-Нийт хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй гэлээ...?

-300 саяын. Тамхи татах нэг цэгийг 14-15 сая төгрөгөөр барьсан...

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважав хэвлэлд ийм мэдээлэл өгсөн байх юм.

Гудамжинд "Тамхи татах цэг” гэсэн хаягтай шилэн хорго цөөнгүй харагддаг болсон. "Утаа гаргах” тэрхүү цэгийг их өндөр үнэтэй босгосон юм байна. Нэгд нь л гэхэд 14-15 сая төгрөг зарцуулсан гэхээр.

 

Ийм өртөг өндөр "шилэн харш” барих шаардлага байсан ч уу, үгүй ч үү. Юм л бол "гадаадад ийм байдаг, тийм байдаг” гэж ярих дуртай улссан биш бил үү, манайхан чинь.

Хөгжил өндөртэй орнуудад гудамжинд тамхи татах цэг байж л байдаг. Оновчтой байршилд стандартын дагуу тохижуулсан сүүдрэвч бүхий энгийн хаалт хамгаалалттай, суух сандал, тамхиныхаа ишийг хийх савтай... тийм л нэг цэвэрхэн, төсөрхөн цэгүүд байдаг шүү дээ.

Харин бид эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний хомсдол гэж дээр дооргүй "гоншигнох” мөртлөө дэмий зүйлд дэмий хөрөнгө их зарах юм даа.

Бас болоогүй нөгөө "шилэн хорго”-ууд нь бүгд цоожтой. Хэзээ онгойх нь тодорхойгүй. Цоожлох гэж, хүмүүст зүгээр л харуулах гэж, гадна талаас нь налж зогсоод тамхи татах гэж босгоогүй байлтай.

Зүй нь "Тамхи татах цэг”-т биш тамхи татах цэг бий болгох нэрээр хөрөнгө мөнгө дэмий урсгаж байгаа эрхэм дээдсүүдийн үрэлгэн зан, тамхи татах дуртай хүмүүсийн ам хоёрт л гайгүй сайн цоож зүүчихмээр санагдана.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх