Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.ЦОГЗОЛМАА: “Бөмбөгөр ногоон”-д арван настайдаа анх орж үзсэн

 

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.ЦОГЗОЛМАА: “Бөмбөгөр ногоон”-д арван настайдаа анх орж үзсэн

 

...Дахин заяахуй бэрх жаргалтайяа, жаргалтайхан бага нас мину зээ! Чамайгаа энхрийлэн дурсахгүй яахан чаднам бэ? Ингэж дурсан санагалзахуйд сэтгэл минь сэргэн бадарнам билээ хэмээн Лев Толстой дуун алдсан байдаг.

...Намайг өмссөн цамц ч үгүй гар хоосон төрөхөд хорвоо яндашгүй баян байлаа. Би энгийн хялбар амьтан төрж байхад хорвоо ээдрээтэй нарийн ертөнц байлаа. Хорвоо нууц. Хорвоо сүртэй. Би нялх. Би гэнэхэн. Гэвч би хорвоог таних ёстой... хэмээн Лодонгийн Түдэвийн алдарт "Хорвоотой танилцсан түүх” эхэлдэг.

ХХ зууны манлай монгол эмэгтэй, ардын жүжигчин Лувсанжамцын ЦОГЗОЛМАА бага насаа ийн дурсах авай.

"Энэ хүүхдийг үрээ болгож ав”

 

-Би Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Улаан хад гэдэг газар төрсөн хүн, 1924 онд. Намайг мэндлэх үед аав минь эзгүй байж. Богд уулын өвөр, Сэргэлэн сумаас отроор нүүж ирж манайхтай саахалт буусан айлын маань Лувсанжамц гэж хүн намайг боож авсан гэдгийм. Гурваас зургаан насны хоёр хүүхэдтэй, дээр нь өвчтэй, бие нь тааруу байсан ээж минь "Энэ хүүхдийг би хүн болгож чадахгүй нь. Та үрээ болгож ав” гээд намайг эх барьж авсан тэр хүнд шууд өгчихсөн гэж байгаа. Ингэж би Лувсанжамцынх гэдэг айлын охин болсон юм билээ.

-Төрүүлсэн ээж нь "Та үрээ болгож ав” гэхэд аав чинь "Юу ч хэлж чадсангүй” гээд чамайг хормойлоод ирсэн хэмээн өргөж авсан Долгоржав ээж минь ярьж байсныг бүүр түүрхэн санадаг. Хөөрхий ээж минь намайг төрүүлснээсээ хойш удаагүй, сар гаруйхны дараа насан өөд болсон гэсэн.

Өргөж авсан аав минь маань мэгзэм хэлдэг, орон хийдэд суугаагүй л болохоос номтой хүн байв. Баргийн морь даахааргүй биерхүү. Ганцхан л морь унадаг байсан юмдаг.

Аав ээж минь өөрийн гэсэн үр хүүхэдгүй байсан бөгөөд надаас өмнө айлаас нэг хүүхэд өргөж авсан нь Маамаа эгч минь. Эгч надаас арав гаруй насаар ах. Зургаан настайд аав минь үлийд бүдэрсэн мориндоо дарагдаж унаад хорвоогоос явчихсан. Ээж минь ч удаагүй. Аавыг өнгөрснөөс хэдхэн сарын дараа бурхан болж эгч бид хоёр өнчирч үлдсэн дээ.

 

Өнчин гэдгийн учрыг сайн мэдэхгүй

 

-Газар дээр наашаа гэх ганц ч хүнгүй намайг эгч минь хажуудаа авахаас өөр яахав. Хот орон ч бараадсан. Хорь дөнгөж хүрч яваа залуу бүсгүй зургаахан настай дүүтэйгээ амьдрал цогцлоох амаргүй байсан байж таараа.

Багадаа би жаахан дүйнгэдүү хүүхэд байсан байх. Аль эсвэл өнчин өрөөсөн юм гэж эгч минь эрхлүүлчихсэн биз. Намайг эгчийн анхны нөхөр "маанаг” гэж загнадаг байж билээ. Муу эгч минь нөхрөө аргалж, намайг зовлон үзүүлэхгүй өсгөх гэж их зовсон. Манайх Чингэлтэйн аманд ганц гэрээрээ. Зун нь Голын цэнгэлдэхийн зүүн өмнөхөн зусланд гарна. Тэр нь одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд гэсэн үг.

Санадаг юм, айлын хүүхдүүдийг тойруулж суулгачихаад "Би жүжигчин болъё. Та нар үз” гээд орны хөшигниы араас гарч ирж дуулдаг байснаа. Жүжигчин гэж дуулдаг хүн байдаг гэдгийг яаж мэдсэн юм, бүү мэд. Бодвол эгчийгээ дагаж явж л нэг тийм юм харсан шиг байгаа юм. Айл аймгийнхан "Өнчин хүний хоолой хөөрхөн байдаг” гэхээр нь баярлаад л. Өнчин гэдгийн нарийн учрыг сайн мэддэггүй л байхгүй юу.

 

Надаас жаахан хүүхдүүд хөгжимдөж байхыг хараад...

 

-Гучин дөрвөн онд юм. Арван настайдаа анх удаа "Бөмбөгөр ногоон”-ы босгыг давж "Говийн хүүхэн Гүндэгмаа” гэдэг жүжгийг үзсэнээ мартдаггүй.

Тайзны гол дундаас урд нүүр хүртэл өндрөөс нам болсон ногоон тавцан зүлэг дээр час улаан дээл, мөөмөн оройтой малгай өмссөн өндөр гоолиг нуруутай бүсгүй гүйж гарч ирээд унахад савхин цамцтай, суран бүс, саравчтай малгай өмссөн эрэгтэй алсаас ирээд бүсгүйг босгож уулзаж байгаагаар уг жүжиг төгсч байсныг санаж байна.

Чухам ямар аргаар орсныг мэдэхгүй. Жүжиг тарсны дараа жүжигчдийн өрөөнд гүйгээд ортол маш гоё гялтагнасан цэнхэр торгомсог хувцастай нөгөө сайхан хүүхэн чинь нүүрний будгаа яаран сандран арилгаж байхыг хараад ёстой л мэл гайхан биширч билээ. Тэр торгомсог гялалзсан хувцас нь торгон дотуур хувцас байж. Урлаг ингэж хүүхэд миний сэтгэлд цахилгаан гэрэл харвуулан гийгүүлсэн юм даа. Хожим мэдэхэд, тэр бүсгүй гавьяат жүжигчин Болд, эрэгтэй нь Шаравдоо гуай байсан.

Мөн гучин таван онд байх. "Бөмбөгөр ногоон”-д нэг концерт үзсэн. Хажуу тийшээ самнасан халимаг үстэй хөөрхөн бор хүү сандал дээр суучихсан, хөл нь газар хүрэхгүй, хуучир тоглож, хажууд нь бас нэг жижигхэн охин ёочин дарж байлаа. Тэд бол хожим нь ардын жүжигчин болсон Намсрайжав, гавьяат жүжигчин Базаррагчаагийн дүү Вандуй нар байсан байдаг. Надаас жаахан хүүхдүүд хөгжимдөж байхыг хараад ийм болох сон гэж сэтгэл ихэд хөдлөн урлагаар улам ч донтох болсон сон.

 

Банзан хашааны завсраар...

 

-Эгчийн нөхөр 1936-1938 онд Москва хотод цэргийн сургуульд сурах үед би орос бага сургуульд суралцсан юм. Зөвлөлтийн хүний ач тусыг тэгэхэд анх хүртэж, ганц хоёр орос үг тогтоож, орос дуу сурсан нь бүхий л амьдралд минь хэрэг болно чинээ тухайн үед яахан мэдэх билээ...

Голын цэнгэлдэхийн зуны театрт Төв театр, Залуу театр, Цэргийн театр, хотын клубүүд ээлжилж ший тоглодог байв. Харамсалтай нь хүүхэд оруулахгүй. Тэгээд ч тасалбар авах мөнгөгүй болохоор гадуурх банзан хашааных нь завсраар үзнэ. "Цэнд комиссар”, "Ардын зориг”, "Дүрвэгч Түдэв” гээд олон жүжиг гарна аа. Хашааны завсраар жүжиг үзэж ирээд сэтгэл хөдлөн хүргэн ахынхаа найз цэргийн дарга нарын өмнүүр цэрэг болж алхан тэр үеийн Зөвлөлтийн цэргийн дуунуудыг дуулж сонирхуулна.

Эгчийн нөхөр намайг урлагт дуртай юм гэж өрөвдсөн үү, яасан, 1938 оны намар тэр үеийн Багш нарын соёлын ордон руу дагуулж очин шалгуулж билээ. Шалгалт гайгүй болсон юм байлгүй, нэг сар туршилтаар, сайн дураар явах зөвшөөрөл өгсөн нь урлагт насаараа зүтгэх их замын эхлэл байсан даа.

 

Миний анхны багш "Солгой” Баяр

 

-Тэр үеийн Багш нарын соёлын ордны байр нь одоогийн Шашны музейн өмнөхөн талд, баруун тийшээ харсан орчин үеийн хэлбэр бүхий давхар модон байшин.

Намайг анх шалгуулахаар ороход 6-7 хүн үндэсний хөгжмөөр хамтран тоглож байв. Ёочин тоглож байсан хазгай хэлтэй намхавтар бор хүн "За, нааш ир. Дуулдаг уу, бүжиглэдэг үү” гэхэд нь бодвол тийм л гээ байлгүй. Мөнөөхөн цэргийн дарга нарын өмнүүр явж дуулдаг дуугаа дуултал тэнд байсан хүмүүс инээлдээд.

Нөгөө хүн мандолин бариулаад хоёрдугаар утсан дээр нь ядам хуруугаараа дарж хоёр цохь, нэгдүгээр утсаа нэг хий цохиод, дахин хоёрдугаар утсан дээрээ ядам хуруугаараа дарж нэг цохь, дахин долоовор хуруугаараа дарж бас нэг цохь... гээд. Хурууны өндөг өвдөөд хүчтэй дарж чадахгүй, олигтой дуугаргаж чадахгүй л байсан санагдана. Одоо бодоход тэр нь "Шивээ хиагт” дууны эхний хэсэг байж.

Намайг шалгасан тэр хүн "Солгой” Баяр гэдэг хөгжимчин байсан. Ордонд орсноосоо хойш хоёр сар болоод дагалдан жүжигчин болсон. Дагалдан жүжигчний цалин 40 төгрөг аваад хөл газар хүрэхгүй баярлаж, гэртээ дэгдэж ирээд муу эгчдээ өгсөн үе минь яасан сайхан байж вэ. Тухайн үеийн 40 төгрөг маш их мөнгө. Урлагийн хишиг рашаанаар эгчийгээ тэжээж эхэлсэн үе минь тэндээс эхтэй.

 

Хөнжлөөр бумбадуулаад бүтэж үхэх шахдаг сан

 

-Соёлын ордны ажлын нэг гол хэсэг нь хөдөө орон нутагт бригадаар явж тоглох байв. 1940 оны зун ухуулгын бригад Сэлэнгэ аймаг руу явж билээ. Бид Баруун, Зүүн хараагаар дайрч Ерөө голд хүртэл үерлэчихэж. Буцахаас яалтай. Шарын голын дэн буудлын дэргэд дэрсэн дунд бууцгааж майхнаа босгодог юм. Зам гүүр засч дуустал олон хоносон доо, тэнд. Ойролцоох Зөвлөлтийн цэргийн анги орж тоглоно. Тэгэхэд би Цүлтэмийн баян хуурын аянд дуулдаг байв. Хожмын алдарт зураач Цүлтэм багадаа хөгжмийн сонсгол сайтай, эвлэгхэн хөгжимддөг хүү байлаа шүү дээ.

Дэрс цахилдаг дунд буусан болоод тэр үү, ялаа шумуулын элбэгийг яана. Эргэн тойрон утаа май тавьж байгаад л тоглоно. Үдэш нь үлгэр ярьж оньсого таалцана. Дуучин Даарийжав, Аюуш хоёр хүүхдэд хамаагүй үг чагнуулахгүй гээд намайг хөнжлөөр битүү хучаад хоёр сэжүүр дээр нь дараад суучихдаг сан. Хөнжлөөр битүү бумбадуулсан би бүтэж үхэх шахна. Залуу сайхан хүүхнүүдэд нууцалж ярих юм бишгүй их байсан биз ээ, одоо бодоход.

 

"За, энэ хөгжмийг тоглож сурна даа”

 

-Хөдөө яваад ирсний дараахан театрт "Наадам” гэж сайхан бүжиг гарсан тухай дуулдлаа. Очиж үз гэж биднийг явуулав. Бөх барилдаж, сур харваж, морь уралдаж байгааг харуулсан хачин гоё бүжиг байна. Олон ч хүн бүжиглэж байна. Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Бат-Очир... гээд. Хожим дуулахад тэр бүжгийг хоёр Цэгмид зохиосон юм билээ. Цэгмид, Бат-Очир, Цэндээхүү нар бүжиг дэглэж, Базаррагчаа, Долгорсүрэн нарыг бүжиглэж байсан гэхэд гайхмаар.

1940 оны намар Соёлын ордны дарга Ламзав гуай дуудуулж. "Малгай” дарга мэнд мэдээд л "Ленин клуб дээр оч” гэдэг юм. Яах гэж байгааг нь ч асуусангүй. Хэлснээр нь яваад очвол бужгар хүрэн бор үстэй, намхавтар, шалмаг хөдөлгөөнтэй орос, бас нэг монгол хоёр угтаж, хачин гоё гялалзсан олон даралттай гаанс хэлбэрийн хөгжмийг зааж "За, энэ хөгжмийг тоглож сурна даа. Бас нот сурах хэрэгтэй” гэдэг юм.

Намайг гайхаж байгааг мэдсэн бололтой, тэр хоёр. "Циркийн сургууль байгуулсан. Хөгжим анги нь энд, акробат анги нь Төв театрын ар талын байшинд сургуулилж эхэлсэн” гэж тайлбарлав. Тэр хүн бол Сайнбаяр гэж хөгжимчин байлаа.

 

Эмэгтэй хүн саксофон үлээж байгаагүй болохоор...

 

-Соёлын ордноос надтай хамт Довдон бөмбөрчин болохоор очсон. Дараа нь Даарийжав, Аюуш хоёр ирлээ. Хөгжим ангийн олонх хүнийг цэргийн хөгжмөөс татаж авчирсан санагдана. Мөрдорж, Лувсанбалдан, Аюуш бид дөрөв саксофон, Гончигсумлаа, Чимэддорж хоёр акордион, Намхайцэрэн гуай хийл, Жүрмэд гитар, Довдон цахилуур хөгжимд хуваарилагдан сургуулилж эхэлсэн юмдаг.

Эмэгтэй хүн саксофон үлээж байгаагүй болохоор Аюуш бид хоёр хацраа бөмбийлгөн тоглох нь хачин харагддаг байсан байх гэж бодогддогийм.

Бүтэн 11 сар хичээллэсний дараа Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Циркийн сургууль нээгдэж билээ. Буянт-Ухаагийн наадмын талбайд гурван мянган хүний суудалтай циркийн барилга босч, түүнд анхны тоглолт болсон. Циркийн бүх үзүүлбэрийг дагшаа хөгжим чимэглэн тоглосон юмдаг.

 

"Надаас хойш чамд энэ ажлаас чинь өөр хань...”

 

-1942 оны намар циркийн томоохон бригад хойшоо, Зөвлөлтөд очиж тоглох шийд гарсан. Дайны хүнд үед хөршийн ахан дүүстээ сэтгэлийн дэм үзүүлэх нь гол зорилго байв. Яг энэ үед эгчийн минь уушгины өвчин хүндэрч хэвтэрт ордог юм. Эгчдээ хань болж дэргэд нь баймаар байсан ч хөөрхий минь "Чи яв. Надаас хойш чамд энэ ажлаас чинь өөр хань болох зүйл юу ч байхгүй” гээд. Тэгээд ч би нэгдүгээр саксофончин тул зайлшгүй явахаас өөр арга байгаагүй. Тэр үед Уран сайхны хүрээлэн, Улсын цирк эгчийг минь харж асрах хүн, морин тэрэг, 300 төгрөгөөр тусалсныг үргэлж санаж, баярлаж явдаг юм, би.

Биднийг хөдлөхөд олны дунд циркийн хойшоо явах тоглолтын чимэглэлийг хийсэн зураач Гаваа байхыг хараад "Намайг иртэл эгчийн минь биеийн байдлыг надад мэдэгдэж байгаач” гэж гуйхад тэр татгалзаагүй. Сар гаруй явах хугацаанд Гаваа эгчийн минь тухай өдөр бүр цахилгаан илгээдэг байсан.

Гэтэл арваад хоног таг чиг болсны хойно "Эгч чинь нас барлаа” гэсэн мэдээ ирэхэд газар цөмрөх шиг л болсон доо. Аав ээжийг минь орлосон ганц эгчийнхээ толгойг түшиж чадаагүйдээ... харамсдаг.

Хойноос ирээд хайчна даа гэж явахад Гаваа гэрийг минь айлын хашаанд барьчихсан угтсан. Тэр хүний ачийг би мартаж яаж чадна вэ. Циркийн хамт олон минь ч намайг өнчрүүлээгүй. Олонтойгоо байхад нэг өдөр ядарсан ч нөгөө нэг өдөр сэргээд л ирдэг юм даа.

 

Хөшигний завсар нуугдаж байгаад оргоно

 

-Би Циркт хөгжимчнөөр удаагүй. Дөрвөн жил болоод байтал 1944 оны намар Төв театрт дуудагддаг юм. Гавьяат жүжигчин Дорждагва гуай, орос мэргэжилтэн Клешко багш хоёр сууж байна. Төгөлдөр хуур тоглож, намайг дуулуулав. Шалгасан нь тэр байж. Хэд хоногийн дараа Төв театрт дуучнаар шилжүүлсэн тухай Уран сайхны хүрээлэнгийн тушаал сонсгодог байгаа.

Театрт ирээд тоглосон миний анхны дүр бол Ч.Ойдовын "Миний баясгалан” жүжгийн Дулмаа. Н.Цэгмид найруулж, Г.Жамьян хөгжмийг нь бичсэн, хөдөө аж ахуйн сэдэвт хөгжимт драмын жүжиг л дээ, "Миний баясгалан” бол.

Дулмаагийн дүрийг босгоход жүжигчний ямар ч мэдлэггүй надад Н.Цэгмид гуай их тусалсан. Жүжигчин хүний хөдөлмөрийн амин сүнс нь хүний дотоод ертөнцийг зүрх, сэтгэл, оюунаараа нээн амьдруулдаг болохыг анх мэдрүүлж өгсөн сөн. Үүгээрээ Цэгмид гуай миний мэргэжлийн жүжигчин болох анхны суурийг тавьж өлзийгөө хайрласан буянтан даа.

Бас нэг чухал хүн бол Федосий Иванович Клешко багш. Хүнийг юм сургах гэж уйгагүй ажиллана. Тэр үед "Талын баатар” жүжигт найрал дуучид эхлэл төгсгөлийн үзэгдэлд тус бүр нэг дуу дуулдаг байв. Хооронд нь багш сургууль хийлгэх гэхэд би хөшигний завсар нуугдаж байгаад кино үзэх гэж оргодог сон. Мөн ч тэнэг байж дээ.

 

Ашгүй, Цэрэндэндэв гуайгаас өөр хүн байгаагүй

 

-Алдарт "Цогт тайж” киног 1944 оны сүүлчээр хийх болж би Дулмаад тоглож билээ. Уг нь энэ дүрд Эрэнцэнноров тоглох байсан ч мэс засал хийлгэх болсноор өөрчлөгдсөн хэрэг. Анх Кино үйлдвэр дээр очиход нэг жижиг өрөөнд хүмүүс сургууль хийж байсан. "Цогт тайж”-ийг Оросын нэрт найруулагч Тарич гуай, манай Лувсанжамц нар найруулсан юм шүү дээ.

Дулмаагийн дүрийн талаар, тухайн үеийн Монгол-Төвдийн талаар ярьж өгч, хэд хоногийн дараа сургууль эхлэхийг мэдэгдээд явуулав, намайг. Алдартай олон жүжигчдийн дунд, тэгээд тийм хүүхний дүрд яаж тоглоно доо гэж бодохоос ёстой л дүүжлэгдэх гэж байгаа юм шиг санагдаж билээ. Дүүжлэгдэж үзсэн биш дээ, ямар. Гэхдээ л дүүжлэгдэх гэж байгаа хүн л тийм байдалтай байдаг байх.

Ашгүй намайг эхэлж сургууль хийх өдөр Цэрэндэндэв гуайгаас өөр жүжигчин байгаагүй. Аягатай сархад бариад түүнд дөхөөд очихоор нь хамаг бие салаганаад ухаан алдаж унах шахна. Үнэхээр хэцүү. Намайг айж ичихгүй чөлөөтэй болгох гэж найруулагч, хамтран тоглогч хоёр маань их зовсон байх аа.

Би гэдэг хүн ингэж л олны ярьдгаар хорин настай хонгор зүстэйдээ тэр том киноны Дулмаагийн дүрд хувирсан азтай хүн дээ...

ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН "УЛААНБААТАРЫН СОНИН"

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх