Цагдаагийн олимпод цахиур хагалсан тамирчин

Цагдаагийн олимпод цахиур хагалсан тамирчин

 


Монголын цагдаагийн сүр хүч, авхаалж самбаа, бэлтгэл бэлэн байдал, тэсвэр тэвчээрийг дэлхийд харуулаад ирлээ. Дэлхийн 95 орны 10 мянга гаруй цагдаагийн албан хаагчид спортын 50 гаруй төрлөөр өрсөлдсөн цагдаагийн олимпоос манай баг тамирчид 33 медалийг өвөртөлж ганзага дүүрэн ирсэн юм. Энэ дундаас дэлхийн цагдаагийн олимпод цахиур хагалж хос медаль зүүж бахдам амжилт гаргасан ЦЕГ-ын "Хүч” спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Б.Дарханбаярыг онцолж, "Монгол Улсын төлөө” буландаа урилаа.

АНУ-ын Лос-Анжелес хотноо өнгөрсөн наймдугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн спортын наадамд "Хүч” спорт хорооны дарга хурандаа Д.Батмөнх, хурандаа Ч.Болдбаатар нараар ахлуулсан 25 офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэй баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, долоон хүрэл медаль хүртлээ.  Цагдаагийн шигшээ багийн тамирчид буудлага, хүчний гурван төрөлт буюу пауэрлифтинг, мотоспорт, чөлөөт болон сонгомол чөлөөт бөх, бокс, жүдо, жюү жицү, каратэ гэх спортын найман төрөлд амжилттай оролцсон байна.

Харин ЦЕГ-ын "Хүч” спорт хорооны тамирчин ахлах ахлагч Б.Дарханбаяр  Цагдаагийн олимпоос бокс, каратэгийн төрөлд хүрэл медаль хүртэж дэлхийн 95  орон, мөрдэс нэгт 10 мянган цагдаа нарын өмнө улсынхаа төрийн далбааг мандуулаад ирсэн юм. Тэрээр 2011 онд АНУ-ын Нью-Иорк хотод болсон цагдаагийн олимпод оролцохдоо хүрэл медалийн төлөө тоглоод ялагдаж байсан бол энэ удаа зорилгоо биелүүлээд, бүр хос медалийг энгэртээ гялалзуулаад иржээ.

Ахлах ахлагч Б.Дарханбаярын өнөөгийн амжилт, спортдоо гарамгай, тууштай байдал нь түүний бага насны хичээл зүтгэлээс эхтэй. 12 настайгаасаа  жүдо,  таеквондогийн дугуйланд явж эхэлсэн тэрээр нэг өдөр бокс тоглодог найзыгаа  хөгжөөн дэмжих гэж очоод тулааны спорт руу урвасан гэнэ. Түүнээс хойш 14 жил тууштай хичээллэж байгаа аж. Тулааны спортод зүтгэл хөдөлмөрөө зориулж ирснийг нь Боксын спортын  мастер, Монголын гардан тулааны холбооны хар бүс, хамгийн сүүлд цагдаагийн дэлхийн аваргын хос медаль илтгэнэ. Мөн албаныхаа тэмцээн, уралдаанд тогтмол амжилт гаргадаг урдаа барьдаг тамирчдын нэг аж.

Б.Дарханбаяр ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг  авто инженерээр төгссөнөөр мэргэжлийнхээ дагуу Замын цагдаагийн газарт зохицуулагчаар ажиллаж байжээ.  Түүнчлэн 2010 онд Цагдаагийн академийн дамжаанд сурч төгсөөд Замын цагдаа, Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах буюу ард иргэдийн амар тайван байдлын манаанд зогсч  цагдаагийн албанд зургаан жил үүрэг гүйцэтгэж байгаа юм. Б.Дарханбаяраас ажил албаных нь талаар сэтгэгдлийг нь асуухад "Тангараг өргөсөн цагдаа учраас бэрхшээлтэй зүйл байхгүй. Гэмт хэрэг илрүүлээд хохирсон хүнийг гомдолгүй болгох сайхан. Үүнээс л кайф авдаг даа.Цаашид спорт болон ажил мэргэжилдээ илүү их хичээж, сайн ажиллахыг зорьж байна. Хурандаа цолонд хүрэхийн төлөө хичээнэ.

Замын цагдаагийн салбарын шөнийн эргүүлийн тасаг байхдаа хар тамхины хэрэг илрүүлж байсан.  Ер нь цагдаа хүн авхаалж самбаа, алсын хараа мэдрэмжтэй байх ёстой. Мөн хууль журмын дагуу шударга ажиллах ёстой гэж боддог” гэв.

Харин цагдаагийн олимпод медалийн тавцан дээр зогсоход албаараа, эх орноороо бахархаж зогссон гэнэ. Тэрээр "Өрсөлдөөн шударга явагддаг юм билээ. Миний хувьд боксийн төрөлд 34 тамирчнаас  ОХУ, Энэтхэгийн тамирчид тэргүүлж, хүрэл медаль хүртсэн.  Тэмцээнд оролцохын тулд 15-16 хоногт найман кг хассан. Монголын цагдаа нар дэлхийн цагдаатай мөр зэрэгцэж амжилттай өрсөлдлөө. Медалийн тавцан дээр зосгохдоо илүү боломж байсан учраас өөрийнхөө алдаа дутагдалд дүгнэлт хийж, дараагийн тэмцээнд амжилт гаргана хэмээн бодож байлаа.

Бокс тулааны спорт дундаа хүнд. Тэмцээн, бэлтгэлийн үеэр бэртэх тохиолдол гарна. Тэр болгонд хурдан эмчлээд дараагийн тулаандаа бэлэн байх ёстой. Спортдоо сайн байхын тулд эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Насанд хүрэгчдийн  сонирхогчдын боксыг 40 нас хүртлээ тоглож болно. Миний хувьд хамгийн багадаа дахиад таван жил бокс тоглох бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл байна гэж бодож байгаа. Энэ дашрамд цагдаагийн байгууллагын удирдлага, хамт олондоо баярлаж явдагаа илэрхийлье” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх