Ц.Батцолмон: Гал гарсан гэрт хүүхэд байгаа сургаар хөл нүцгэн гүйгээд орчихсон

-ОДОО ШАТСАН АЙЛАА ЯДАЖ ГЭРТЭЙ БОЛГОХ САНААТАЙ ГҮЙЖ БАЙНА ДАА-

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар цагдаагийн алба хаагчдыг очиход тус сумын иргэн Ц.Батцолмон нь шатаж байгаа гэрээс 3-5 насны хоёр хүүхдийн амь насыг аварч галыг унтраан, онцгой гавьяа байгуулжээ.

Даланзадгад сумын иргэн, 43 настай Ц.Батцолмон нь галын аюулаас бага насны хүүхдүүдийг аврахдаа өөрийн амь насыг үл хайхран биедээ түлэгдэлт авсан бөгөөд хүүхдүүд мөн хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Ц.Батцолмонд Өмнөговь аймгийн цагдаагийн газраас талархал илэрхийлсэн байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та гал руу орж, айлын хоёр хүүхдийн амь аварсан талаараа ярихгүй юу?

-Бага хүүхдийг нь ээж нь орж аварсан байгаа юм. Гадуур хоёуланг нь аварсан гээд мэдээ яваад байна билээ. Би хувиараа нарийн боовны цех ажиллуулдаг юм л даа. Манай цехэд дандаа эмэгтэйчүүд байдаг. Нөгөө хэд маань гал гарлаа гээд орой 19 цаг өнгөрч байхад сандраад хэлж байсан. Тэр шатсан айлд хоёр хүүхэд байдаг юм. Ээж нь жоохон охин байдаг. Манайд ажилладаг. Орон гэрээ дөнгөж тусгаарлаад айл болоод удаагүй байсан юм. Их залуухан, бас нөхөргүй хоёр хүүхдээ ганцаараа тэжээдэг охин. Манайд ажилд ороод хоёр сар болж байсан. Харин ээжийгээ ажилдаа гарсан хойгуур хүүхдүүд нь шүдэнз зураад гал гаргасан юм билээ. Тэгээд манай ажилчид гал гарлаа, гэр дотор нь хүүхэд байгаа шүү дээ гээд уйлалдаад орилолдоод байсан юм.

-Гэр дотор хоёр бага насны хүүхдээс өөр хүн байгаагүй юу?

-Байгаагүй. Том нь дөрвөн настай охин. Бага нь хоёр нас гарантай юм. Тэр хоёр л хоёулханаа байсан. Би хүүхэд шатаж байна гэж дуулаад л шууд гүйгээд орчихсон. Намайг ороход харанхуй, тог нь тасарсан байсан. Мөн маш их утаатай, юу ч харагдахгүй болсон байсан. Эхлээд нэг ороод, гэрийг нь бүтэн тойроод юу харагдаагүй, юу ч сонсогдоогүй. Миний нүд харанхуйлаад ухаан алдах гээд их хэцүү байсан. Тэгээд гэр дотор байж байж болохгүй байхаар нь гадаа гараад нэг гүнзгий амьсгаа авчихаад гэр лүү дахин ороод хашгирсан юм. Гэтэл хүүхэд уйлах чимээ сонсогдсон. Хүүхдийн дуунаар тэмтэрч явсаар байгаад арай гэж олоод шүүрээд л гарсан. Тэгээд том охиныг нь гаргачхаад амьсгаа авч байгаад дахиад шатаж байгаа гэр лүү орсон. Яагаад гэхээр том охиныг нь аваад гараад ирсэн чинь хүмүүс дотор нь бага хүүхэд нь байгаа шүү дээ гээд уйлаад хэлэхээр нь орсон юм. Тэгсэн харин хүүхдийн дуу огт гарахгүй хайгаад олдохгүй удсан. Шатаж байгаа гэр дотор маш их угаар утаа байсан болохоор удаан зогсохоор толгой эргээд байсан.

-Таньд өөр хүн туслаагүй юу?

-Би өөрөө их манарсан байсан болохоор гарч ирээд бага хүүхэд нь олдохгүй байна. Өөр хүн ороорой гэсэн чинь манай цехийн нэг эмэгтэй орсон. Тэр эмэгтэй ч мөн адил бага хүүхдийг нь олохгүй, ямар ч дуу гарахгүй байна гээд л гарч ирээд байсан. Гэтэл гэнэт ээж нь бага  хүүгээ орныхоо хойд талд байдаг мухарт байгааг санасан гэсэн. Учир нь хүү нь загинуулж уурлахаараа орныхоо хажуугийн мухарт ороод суучихдаг гэсэн. Тэр нь гэнэт санаанд ороод ээж нь нөгөө орныхоо мухарт очоод тэмтрээд үзсэн чинь тэндээ бага хүү нь сууж байсан гэсэн. Ээж нь сүүлд хэлэхдээ: Хүүхдээ аваад гарах гэж байтал гэр нь маш их шатаад унь унаад ирсэн. Арай гэж гарсан гэж байсан.

-ХҮҮХДИЙГ МӨРНӨӨС НЬ БАРИАД АВАХАД  ТҮЛЭГДСЭН АРЬС НЬ 
ГАРТ БАРИГДАЖ БАЙСАН-

-Галын машин хэдийд ирсэн бэ?

-Манайхан галыг нь унтраах гээд ус цацаад бөөн бужигнаан болчихсон байсан. Хоёр хүүхдийг гэрээс гаргаад гэрийн нэг тал бүрэн шатаж байхад галын машин түргэний машин зэрэг ирсэн. Тэгээд хүүхдүүд түлэгдсэн байсан учраас түргэн аваад явсан. Том охин нь багагүй түлэгдсэн байх. Намайг ороод тэмтрээд бариад авахад мөрөн дээрээс нь барихад арьс нь гарт зумраад баригдаад байсан. Нэлээн түлэгдсэн байх. Одоо тухайн хүүхдүүд аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад сумын эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Би их ажилтай учраас очиж чадаагүй л байна.

-Та гэр лүү орохдоо түлэгдсэн үү?

-Би гэрээс гарахдаа сандраад гутлаа өмсөөгүй гарсан  байсан. Тийм болохоор хүүхэд аваад гарахдаа шатаж байсан юман дээр гишгээд хөлөө түлсэн. Тэрийгээ сүүлд нь эмнэлэг явсан хойно тайвшраад харсан түлчихсэн байсан. Хүмүүс хашгаралдаад уйлаад ирэхээр их сандардаг юм байна. Тэр орой нь би цагдаад очиж мэдүүлэг өгсөн юм. Гал үүднээсээ эхэлж гарсан байсан учраас хүүхдүүд гарч чадаагүй юм шиг байна лээ.

-Таныг ороход гал хэр их асаж байсан юм бэ?

-Үүднээсээ улаан гал маналзаад эхэлсэн байсан.

-Таньд ээж нь баярлалаа гэж хэлсэн үү?

-Тухайн үед ээж нь маш их сандарсан байсан. Тэгээд надад баярлалаа гэж хэлсэн. Одоо хоёр хүүхдээ эмчлүүлээд эмнэлэгт хэвтэж байгаа юм. Тэр хойгуур нь бид нар хороондоо өргөдөл гаргаад мөнгө төгрөг цуглуулаад орон гэртэй болгочих санаатай гүйгээд л байна. Одоогоор ойр зуурын юмыг нь зохицуулаад л байж байна. удахгүй сар шинэ болох гэж байхад хоёр нялх хүүхэдтэй гэр оронгүй болчихсон ямар олиг байхав. Тийм учраас туслах санаатай хөөцөлдөөд л байна.

У.УРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ:WWW.MEDEE.MN 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх