“Роснефть”-ийн төлөөлөгчид Монголд хэлэлцээр хийж байна

 

Монгол улсын бензин шатахууны хэрэглээ үндсэндээ 100 хувь хойд  хөршөөс хамааралтай. "Роснефть” гэсэн ганцхан кранттай, тэдний ааш аягаар шатахуны үнэ тодорхойлогддог гэхэд бараг хилсдэхгүй.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар  нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болохоор шамдаж буй энэ цаг үеэр  "Роснефть”  Монголын шатахууны хангамжийн асуудлаар санал гаргаж буй гэх мэдээлэл бий. Роснефтийн зүгээс С.Баярын Засгийн газрын үед  мянганы зам дагуу шатахуун түгээх 100 станц барьж ашиглах хүсэлтээ илэрхийлж байв.  Түүнчлэн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын онгцны түлшний хангамж нийлүүлэлт, цэнэглэлтийг дангаараа хариуцах эрхийн төлөө санал тавьсан тухай зарим эх сурвалжийн мэдээлэл бий.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Владивостокт айлчлах үеэр  Ангарскийн нефтийн үйлдвэртэй холбоотой, тухайлбал тус үйлдвэрийн 49 хувийг худалдан авах санал тавьсан гэх мэдээлэл сүүлийн үес дуулдаж байгаа.  Энэ мэтээр Монголын газрын тосны салбарт хойд хөршийн зүгээс үе үе санаачлага гаргаж, амбицаа илэрхийлсээр иржээ.

Давост болсон   эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.  Энэ үеэр  Аркадий Дворкович  газрын тосны  чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, "Роснефть” компанид уг асуудлаар Монгол Улстай хэлэлцээр хийх чиглэл өгчээ.

ОХУ-ын шадар сайдын дээрхи үүргийн дагуу  "Роснефть”-ийн төлөөлөгчид 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монголд ирнэ гэсэн товтой байсан. Гэвч энэ хугацаа цөөн хоногоор хойшилж, өнгөрөгч долоо хоногт Монголд иржээ. Эдүгээ хоёр талын хооронд яриа хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд харин чухам ямар асуудлаар хэрхэн тохиролцож байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Энэ тухайд  Д.Сумъяабазар сайдаас тодруулахад "Хэлэлцээр үргэлжилж байгаа. Хоёр тал байр сууриа нэгтгэсний дараа албан ёсоор мэдээлэл хийнэ. Хэлэлцээрийн явцад мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын "Роснефть” компани Монгол Улсад салбараа нээж магадгүй хэмээж байгаа юм. Учир нь тус компани энэ талаар урьд нь хоёр ч удаа хүсэлтээ илэрхийлж байсан гэх мэдээлэл байдаг.

www.zaluu.com 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх