357 хүүхэд дэлгэцийн донтолттой хэмээн эмчлэгджээ

Г.НАСАНБААТАР

Жил бүрийн хоёрдугаар сард "Аюулгүй интернэтийн өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг. Манай улс өнгөрсөн жилээс энэ өдрийг тэмдэглэдэг болсон бөгөөд энэ жил "Бүтээе, нэгдье, харилцан хүндлэе эерэг интернэт таниас эхэлнэ” уриан дор болж байна. Энэ өдрөөр хүн бүр технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатай, хүндэтгэлтэйгээр, ул суурьтай, бүтээлчээр ашиглахыг уриалдаг онцлогтой. ЮНИСЕФ-ийн ахлах мэргэжилтэн Д.Амараа "Гурван жилийн хугацаатай шинэ төсөл хэрэгжүүлнэ. Хэрэв цахим орчинд гэмт хэргийн шинжтэй асуудал байвал хэн шалгах вэ. Мэргэшсэн хүмүүс нь хаана байна гэдэг асуудал байгаа. Үүнийг эхлүүлэхийн өмнө Монгол Улсад хүүхдийн эсрэг цахим орчинд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн судалгааг хийхээс ажил эхэлнэ” гэсэн юм. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзаан "Цахим орчинд өнгөрсөн онд 228 гомдол ирсэн. Эдгээр нь бусдын нэр хүндийг гутаан доромжлох, садар самуунд уруу татах, залилж мэхлэх шинжтэй байсан. Үүнээс 21 гомдлыг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Интернэт орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, цахим гэмт хэрэг хоёр өөр ойлголт юм. Цахим гэмт хэрэг нь сүлжээний эсрэг гэмт хэрэг. Сүлжээний вирус тараах, сүлжээнд хууль бусаар нэвтрэх, харин интернэт орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг бусдыг залилан мэхлэх, нэр төрийг нь гутаан доромжлох шинжтэй үйлдэгдэж байгааг ялгаж ойлгох хэрэгтэй” хэмээн онцолж байлаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн дэд дарга Б.Халиун "СЭМҮТ-өөс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 357 хүүхэд дэлгэцийн донтолтоос болж хэвтэн эмчлүүлсэн байдаг. Үүний шалтгаан нь эрэгтэй хүүхдүүд цахим тоглоомоос харин эмэгтэй хүүхдүүд фэйсбүүк орчноос донтож байна. Тухайн хүүхэд нэг удаа хэвтэн эмчлүүлээд эдгэрдэггүй давтамжтай хэвтэн эмчлүүлдэг ч эцэг эхийн оролцоо муу байна. Тиймээс эцэг эхийн хариуцлага, хараа хяналт хамгийн чухал” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх