Найз залуудаа ямар бэлэг сонговол дээр вэ?

Эрчүүдэд бэлэг сонгох эмэгтэйчүүдийн хувьд үргэлж хэцүү ''даалгавар'' байсаар ирсэн. Ер нь эрчүүд юунд дуртай байдаг юм бол оо? Удахгүй болох гэгээн хайрын Валентины баяраар найз залуудаа тохирсон бэлэг сонгоход туслах үүднээс орд ордны эрчүүдэд таалагдах хэд хэдэн зүйлс санал болгоё. 

Хонь
Ер нь энэ ордны эрчүүд ихэвчлэн эрч хүчтэй, эрх мэдэлд дуртай, урьдчилан тааж боломгүй ааш араншинтай хүмүүс байдаг бөгөөд энэ нь тэдний үйл хөдлөл болгон дээр илэрдэг. Хонины ордны эрчүүд зорилгодоо хүрэхийн тулд санаанд оромгүй алхам хийж чаддаг гэдгийг анзаарсан ч байж магадгүй. Тэд эмэгтэйчүүдийг, өөрсдөөр нь бахархаж, тэднийг хүндэлж байхыг хүсэж байдаг учир тэдэнд бэлэг сонгохдоо ч үүнийг бодолцож үзэх нь зүйтэй. Тиймээс тэдэнд үнэтэй чанартай бэлэг сонго. Жишээ нь: ажлын ширээн дээрээ тавихад нь зориулж бяцхан чамин сувенир, алтан хошуутай үзэг, матрын арьсан бичиг хэргийн хавтас, үнэтэй сортын янжуур гэх мэт. Хэрэв тамхи огт татдаггүй бол бэлгийг тань албан тасалгааны ширээн дээр нүдэнд ил харагдах газар тавих нь дамжиггүй. Хамгийн гол нь энэ ордны эрчүүдэд ямар ч бэлэг өгсөн таны сэтгэл, хайр хүндэтгэл, бахархал шингэсэн байх ёстой гэдгийг санаарай.

Үхэр
Үхрийн ордны эрчүүд хоёр төрөлд хуваагддаг. Зарим хэсэг нь олон ааштай, эмэгтэйчүүд болон секст хандах хандлага нь туйлбаргүй байхад нөгөө хэсэг нь эелдэг дөлгөөн, өөртөө итгэлтэй байдаг. Харин сайн ажаад байвал эд бол нэг юмны хоёр тал гэдгийг олж мэдэх болно. Хэрэв бүсгүй та энэ ордны залууг ирээдүйн нөхрөөрөө сонгохоор шийдсэн бол таны түүнд өгөх бэлэг нь гэр ахуйн буюу дундын өмчлөл болохоор эд зүйлс байх ёстойг анхаарна уу. Жишээ нь гэрийн тавилга, хэрэгсэл, халат, гэрийн шаахай гэх мэт. Харин энэ ордны найз залуутай ч тэгтлээ дотносоогүй ч юм уу гэр бүл болох бодолгүй байгаа бол торгон зангиа, эсвэл түүний орд ба жилийнх нь дүрстэй баримал, зүүлт бэлэглэ.

Ихэр
Энэ ордны эрчүүд амьдралын баяр баясгалан, сайн сайхныг мэдэржч чаддаг хүмүүс. Тэдний романтик байдалд өөрийн гэсэн тогтсон үзэл бодолтой чанга эмэгтэйчүүд өөрийн эрхгүй автдаг. Тэд бас үргэлж сурч мэдэх тэмүүллээр дүүрэн байдаг тул ямар бэлэг сонгох вэ гэж удаан толгойгоо гашилгах хэрэггүй. Тиймээс хамгийн ойрын номын дэлгүүрээр орж дуртай зохиолчийнх нь хамгийн сүүлийн үеийн номыг худалдаж авахад л хангалттай. Ихрийнхэн мөн сэргэн мандалтын үеийн нэрт уран зураачдын сор болсон эх болон хуулбар бүтээлийг маш их сонирхдог. Хамгийн гол нь та хоёрын дунд үүссэн романтик харьцааг эвдэх ямар нэгэн үйлдэл хийхгүй хичээгээрэй.

Мэлхий
Мэлхийн ордны эрчүүд юм юманд авъяастай боловч тэдний зүрх сэтгэлийг татах тийм ч хялбар биш. Энэ ордны төлөөлөгчид орчин тойрондоо романтик уур амьсгал бүрдүүлэх дуртай байдал хааяа ажиглагддаг ч ерөнхийдөө хайр сэтгэлийн тал дээр амиа бодсон хүмүүс. Гэхдээ таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй гэдэгт найдаж болно. Нэг л мэдэхэд тэд таны дуулгавартай дагуул болсон байдаг. Тэд бусад ордны эрчүүдээс тэс өөр сонирхол, мөрөөдөмтгий, хийсвэр ертөнцөөр аялах дуртай хүмүүс. Иймээс тэдэнд жүжиг киноны тасалбар бэлэглэж театрт урьж бичлэгтэй хуурцаг өгсөн ч тэд дуртайяа хүлээн авна. Мөн өрөөнийхөө хананд өлгөж болохоор уран зураг эсвэл өөрийнхөө хөргийг бэлэглэ.

Арслан
Арслангийн ордод төрсөн эрчүүдийн амьдралын хамгийн чухал зорилго бол эрх мэдэл, албан тушаалд хүрэх явдал юм. Тэдний амьдралын зам ихэвчлэн шулуун дардан байдаг ч заримдаа саад тотгор сүүдэртэй тал тохиолдох хэдий ч нэн ховор. Өөрийн тачаангуй, дур булаам төрх, өгөөмөр сэтгэлээрээ тэд олон эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг шархлуулдаг ч тоомжиргүй ихэмсэг зангаасаа болж өөрийнхөө хамгийн үнэтэй зүйлийг золиослож дотныхоо хүнийг ч гомдоохоосоо сийхгүй улс. Тэд шүүмжлэл сонсох, өөрсдийг нь дорд үзэхэд дургүй. Иймээс тэдэнд бэлэг сонгохдоо анхаарал болгоомжтой байж хүсэл сонирхлыг нь харгалзан үз. Тэдэнд үнэтэй чамин эд, брендийн сүрчиг бэлэглэхэд маш дуртай. Ер нь тэдний юу авах хүсэлтэй байгааг нь тандаж судлаж байж сонгосон нь дээр байх. Арслангийн ордны эрчүүдийг хайр халамжаар хэзээ ч бүү дутаагаарай.

Охин
Одон орон судлаачдад энэ ордныхны учир битүүлэг, оньсого шиг сэжигч байдал аль хэдийнээ танил юм. Охиныхон байнга өөрсдийгөө хөгжүүлж боловсруулж байдаг. Төрөлхийн боловсон соёлтой байдлаараа бусдаас ялгардаг. Тэд ихэвчлэн зожиг ганцаардмал учраас тэдний сэтгэлийг татах хэцүү. Энэ ордны төлөөлөгчдөд өөрсдийгөө танин мэдэх дотоод зөрчилт асуудлаа даван туулахад нь туслах бэлэг бэлэглэх хэрэгтэй. Үүнд эртний гүн ухааны сургаалтай ном, эсвэл бишгүүрт хөгжмийн концерт үзүүлэх гэх мэт. Хамгийн чухал нь тэд таны бэлэгний сонголтонд сэтгэл хангалуун үлдэх ёстойг анхаараарай. Зожиг ганцаардмал хүмүүс ихэвчлэн нууц цуглуулгатай байдаг тул хэрэв та түүний итгэлийг олж чадвал таньд нууцаа дэлгэж ч магадгүй. Тиймээс та сонирхлыг нь яаж ийгээд мэдчихсэн бол цуглуулганд нь хувь нэмэр оруул. Тэд үүнийг ямагт дурсах болно.

Жинлүүр
Жинлүүрүүд бусадтай нийцтэй, тайван амгалан байдалд дуртай хүмүүст тооцогддог. Тэд хүүхнүүдийн толгойг эргүүлэхдээ сурмаг, хамгийн гайхалтай нууц амраг байж чаддаг. Гэхдээ энэ нь бодит байдалтай тэр бүр нийцээд байдаггүй. Тэд бусдыг гайхаж алмайруулах дуртай тул тэдэнд ч бас сонирхолтой этгээд бэлэг барих хэрэгтэй. Ялангуяа бэлгээ жинлүүрийн ордны эрчүүдэд тусгайлан захиалж бэлдсэн байвал сайн. Мөн түүний зурагтай жирийн сэнжтэй аяга бэлэглэсэн ч тэрээр лааны мөнгөн тавиур бэлэглэсэнтэй адилтган үзэх болно.

Хилэнц
Энэ ордны эрчүүд ихэвчлэн зоримог сексийн түрэмгийлэгч байх хандлага ажиглагддаг. Тэд сэтгэлийн хөдөлгөөнтэй, санамсаргүй эрсдэлтэй алхам хийх дуртай. Хилэнцийнхний зан аашийг олоход амаргүй ч сэтгэлийг нь ойлгож мэдэрч чадвал салшгүй найзууд болдог. Тэд юмыг голж шилдэггүй, тиймээс сэтгэлээсээ л өгсөн байвал юу ч бэлэглэж болдог. Тиймээс хайртынхаа зан ааш, сонирхлыг нь харгалзан юу сонгохоо шийд.

Нум
Хөгжилтэй, эрч хүчтэй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй орд. Амьдралынхаа туршид дурлалын адал явдалд оролцолдох болно. Тэд жам ёсоор ирэх хөгшрөлтийн талаар бодох ч дургүй, залуу сэтгэлгээтэй өтөлдөг. Тийм ч учраас эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж спортоор тогтмол хичээллэдэг. Зөвхөн нумын эрчүүд л тэдэнд спортын хэрэгсэл, амралт сувилалд амрах эрхийн бичиг өгвөл таатай хүлээж авна. Спортлог шинж, эрүүл амьдралын хэв маяг нь нумынхны салшгүй нэг хэсэг. Тэдэнд анхаарал халамж тавихад дуртай.

Матар
Энэ ордны төлөөлөгчид бие бялдарын хувьд ч сэтгэл санааны хувьд ч хатуужилтай хүмүүс. Амьдралдаа зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд эмх цэгцтэй төлөвлөгөөтэй ажилладаг. Хайр сэтгэлийн асуудалд ч ийм байдлаар ханддаг. Хэрэв уг ордны эрэгтэй таныг эхнэрээ болохыг гуйсан бол та түүнээс хаашаа ч зугтах аргагүй болно гэсэн үг юм. Хэдийгээр та түүний амьдралынх нь утга учир болж чадахгүй ч байсан үргэлж өөрийгөө найдвартай түшиг тулгуур, өмгөөлөлд байх болно гэдгийг мэдрэх болно. Зарим эрчүүд хэт хуучинсаг үзэлтэй байдаг ба чамин ганган зүйл, элдэв загвар стилийн нөлөөнд автдаггүй. Ийм хүмүүст энэ үзэл бодлыг нь буруу гэдгийг нь ойлгуулахаар сонин содон, сүүлийн үеийн авангард зүйл бэлэглэх хэрэгтэй. Үүнээс гадна матрын ордны эрчүүд таны бүтээлч сэтгэлгээ, арвич хямгач байдлыг хамгийн түрүүн үнэлэх болно гэдгийг санахад илүүдэхгүй. Мэдээж хэрэг бэлэг тань тийм үнэтэй биш ч амьдрал ахуйд хэрэгцээтэй зүйл байх ёстой. Нас тогтсон матрууд намбандаа тохирсон бэлэг авах дуртай. Жишээ нь конъяк, дарсны цуглуулга, хавайн янжуур, зангианы алтан хавчаар гэх мэт.

Хумх
Хумхын ордны эрчүүд олон ааштай, учир битүүлэг хүмүүс. Тэд их зөрүүд. Жишээ нь найр цэнгээнд тийм дуртай биш ч бусдыг алмайруулж хөгжөөхдөө сайн. Тэд бодлогошронгуй, домгийн холбогдолтой бүх зүйлд сүсэглэн ханддаг. Шашин шүтлэгийг дээдэлдэг хүмүүс тул юуны өмнө тэдэнд бурхан шашны холбогдолтой зүйлс, сүсэг бишрэлийг нь харгалзан бэлгээ сонго. Тэдний энэ хувийн зан төрх бодит амьдралд маш хурцаар илэрч байдаг. Хэрэв та түүнтэй ойртож дотносохыг хүсэж байвал түүний дотоод сэтгэлийг ойлгохыг хичээ. Гэхдээ хэзээ ч түүний эрх чөлөө, үзэл бодолд халдаж боогдуулж болохгүй.

Загас
Загаснууд таавар мэт хүмүүс. Тэд гайхалтай зөн билэгтэй бөгөөд байнга бодлогоширч, сэтгэл нь түгшиж байдаг. Хэрэв тэд багаасаа бэрхшээл туулж хатуужаагүй л бол амар хялбар, ая тухтай амьдрахыг чухалчилдаг. Иймээс тэдэнд бүсгүй хүний хайр халамж үргэлж үгүйлэгдэх нь элбэг. Элбэг дэлбэг ширээ засаж лаа асаан романтик орчин бүрдүүлж чадвал тэдний сэтгэлийг хөдөлгөж чадна гэсэн үг. Хэрэв та түүнийхээ юу сонирхож цуглуулдагийг нь мэддэг, цуглуулганд нь дутуу байгаа зүйлийг анзаарсан бол голыг нь олсон гэнэтийн бэлэг тэднийг гайхшруулах болно.
 
С.Тэргэл

 WWW.ZALUU.COM

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх