НАР ТЭВЭРЧ ЗҮҮДЭНД ИРДЭГ ААВДАА

Яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах

 

Хүү минь хүний итгэлийг асаах

сэтгэлийн галтай яваарай

(Аавын захиас)

 

Шүдэнзний хайрцаг шиг дөрвөлжин биш

дэлхий дээр

Шүрэн толгойтой усан болор хөөрөг

Алгандаа өнхрүүлсэн аав минь

Дэлгээд унших хуудасгүй л болохоос биш

Амьдралын ухаан чихэлдсэн

Дээлтэй судар буурал аав минь

 

Бурхан тахил гундана гэж

Авдрынхаа дэргэдээс хуураа салгадаггүй

монгол сүсэгтэй аав минь

Буян хишгийн нь тэнгэр хаявал яана гэж

Ажнайнхаа толгойд ташуур хүргэдэггүй

морь сүлдтэй аав минь

 

Намайг хүний нутагт даарчих вий гэсэндээ Та

Нар тэвэрч зүүдэнд минь ирдэг

Таныхаа авчирсан

нутгийнхаа наран дотор хөлбөрч маргааш нь би

Тоононоос нар буутал орноосоо

босох дургүй байдаг аа

Аав минь

Гандаж,

Хэлтгий явахад зэмлэх

Гаатай чихэр шиг үгтэй

Өвөгчүүлийн

Өвдөг тохойг түшиж хуучилсан

Үнэн, худал зэрэгцэж сундалсан

Үгийн явган шуурганаас толгодоо өмөөрч

Зөрж зогссон

Хатуу уул аав минь

Зөв бурууг ялгах гашуун амт

Алганд нь байдаг

Зөөлөн уул аав минь

ТА

Хүн уулнуудын

Хүсэл зайчилж хоймор завилсан

Хамгийн өндөр оргил

Харин би таныхаа

Хажууг түшсэн

Тоорцог ягаан

Толгодын чинь нэг ээ

Зүүдэлж

Зүсээ гандтал дотроо адгаж

Дэндүү ихээр таныгаа санахдаа би

Дээлийн чинь захыг үнэрлэж тайтгардаг шүү

ААВ АА.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх