Харуки Мураками Баадуутай шувууны явдал (II хэсэг)


Тэргүүн дэвтэр. Хулгайч шаазгай. 1984. 6-7 сар.

13. Дэслэгч Мамийн тогтуухан хүүрнэл (II хэсэг)

Түрүүч нь №6, 7, 8-д

Бууны түгжээ тасхийх чимээгээр би сэрсэн. Дайнд яваа нэг ч цэрэг, бүр яаж таг унтаж байлаа ч сонсохгүй өнгөрнө гэж хэзээ ч байхгүй. Энэ бол этгээд, хүнд, хүйтэн, үхэл л ийм байдаг болов уу гэмээр чимээ. Толгойныхоо хажууд тавьсан гар буу руугаа өөрийн мэдэлгүй гараа сунгатал шанаа руу минь савхин гуталтай хөлөөр нүд харанхуйлтал өшиглөсөн. Арайхийн амьсгаа аваад нүдээ ялимгүй нээвэл намайг өшиглөсөн бололтой хүн харагдсан. Тэрээр доош бөхийн миний гар бууг авсан. Толгойгоо өндийлгөн харвал винтовны хоёр ам нүүр рүү минь ангайн харлаж байлаа. Ард нь хоёр монгол цэргийн төрх сүүтэгнэж байсан.

Би уг нь майханд унтсан атал илбэт савааны шидээр юм шиг алга болчихсон, дүүрэн од дээр гялалзаж байлаа. Өөр нэг цэрэг миний дэргэд хэвтэх Ямамотогийн толгойд автомат тулгасан харагдана. Чимээгүй хэвтэхийг нь харвал одоо эсэргүүцээд нэмэргүй гэж бодон хүчээ гамнаж байна гэж санагдаж байлаа. Цэргүүд бүгд үстэй богино дээл, цэрэг дуулга малгай өмсчээ. Хоёр нь бидний зүг том гар чийдэн тусган барьсан байлаа. Эхний үед би юу болоод байгааг ойлгохгүй зүүлэгтэж байсан. Таг унтаж байгаад гэнэт цочиж сэрсэн болохоор харсандаа гайхан цочирдсон маань гарахгүй л тэгсэн хэрэг байх. Харин монголчуудыг хийгээд Ямамотогийн нүүрийг харсаны дараа юу болоод байгааг ойлгосон. Биднийг гол гарах оролдлого хийхээс өмнө майхныг маань олж илрүүлсэн болж таарлаа.

Залгаад Хонда, Хамано хоёр маань яагаа бол? гэж бодогдсон. Толгойгоо болгоомжтой эргүүлэн харахад өөр хэн ч харагдаагүй. Монголчууд алчих вуу, аль эсвэл зугтаачихав уу?

Биднийг ажиглах үед гарман дээр байсан цэргүүд байх шиг санагдлаа. Гар пулемёт, винтов барьсан хэдэн цэрэг байлаа. Том бадируун биетэй, хөлдөө ганцаараа жинхэнэ савхин гутал жийсэн ахлагч командлах ажээ. Чухам энэ этгээд л толгой руу минь өшиглөсөн болж таарна. Тэрээр дахин тонгойн Ямамотогийн толгойн тушаа хэвтэх ширэн цүнхийг аван доторхыг нь харсанаа, эргүүлэн сэгсэрч асгана. Гэтэл гайхалтай явдал болж ганцхан хайрцаг тамхи л унахыг хараад би их гайхлаа. Ямамото богцноос чухалчлаад байсан бичиг цаасаа аван цүнх рүү хийж байхыг би харсан болоод тэр. Ямамото дадсан янзаараа тайван байдлаа хадгалахыг хичээж байгаа нь илт байх авч нүүр нь гэнэт өөрчлөгдөхийг би анзаарсан. Мөн л надтай адилхан бичиг цаасаа яасныг мэдэхгүй байгаа бололтой. Ямар ч байсан энэ явдал Ямамотогийн сэтгэлд нийцсэн байх ёстой. Саяхан лэнэ бичиг баримтыг дайсны гарт оруулахгүй байх нь хамгийн гол зорилго гэж хэлж байсан юм чинь.

Цэргүүд бидний юмыг ёстой орвонгоор нь эргүүлж, нэг бүрчлэн онгичсон. Дорвитой юм юу ч олоогүй. Дараа нь бидний хувцасыг тайлуулж, нэгжиж, халаас нэг бүрийг эргүүлж байгаад бүхнийг нягтлан шалгасан. Бууныхаа жадаар хувцас, үүргэвч зэргийг маань хатгаж хүртэл үзсэн ч өнөөх бичиг баримт хаана ч алга байлаа. Тамхи, үзэг, түрийвч, тэмдэглэлийн дэвтэр, цагийг маань хураан авч, олз болгон хармаалж байсан. Бидний гутлыг бас хураан аваад хэнд нь таарахыг үзэн углаж байсан. Олзоо хуваах ажиллагаа их дуу шуутай байсныг бас хэлэх хэрэгтэй. Ахлагч тэр бүхнийг тоомжиргүй харцаар ширтэж зогссон. Монголд баригдсан, алагдсан цэргийн эд зүйлийг ингэж өөрийн болгох хэвийн үзэгдэл бололтой. Ахлагч Ямамотогийн цагийг л авч бусдыг цэргүүдийн мэдэлд өгсөн. Харин бидний гар буу, галт хэрэгсэл, зураг, компас, дуранг нэг уутанд хийж байсныг бодоход Улаанбаатар руу, төв рүүгээ илгээхээр бэлдсэн байх гэж санагдсан.

Дараа нь шалдан нүцгэн биднийг нарийхан, бөх олсоор холбож уясан. Монгол цэргүүдээс цэвэрлээгүй малын хорооноос гардаг шиг үнэр ханхалж байсан. Өмссөн форм нь элэгдэж муудсан, хир тоосонд дарагдсан, хоол унднаас юм уу, юунаас юм үүссэн толбонд өнгө нь ч мэдэгдэхээ байсан харагдана. Гутал нь хуучирч ноорон, салж унахад бэлэн болсон байсан. Яагаад бидний гутал руу дайраад байсан нь ойлгомжтой. Бараг бүгд сахал үсэндээ дарагдсан, ширүүн дориун, шүд нь хар байсан. Ер нь харахад цэрэг эрс гэхээсээ илүү их замын дээрэмчид шиг харагдаж байсан. Барьсан зөвлөлтийн зэвсэг, хувцасан дээрх таван хошуу бүхий ялгах тэмдэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын байнгын армийн цэргүүд гэдгийг нотлож байсан. Харин надад зохион байгуулалт, сэтгэл зүйн бэлтгэл сул юм шиг санагдаж байсан. Ер нь монголчууд тэсвэр, тэвчээр сайнтай улс боловч нийлж нэгдсэн зохион байгуулалтад орж тулалддаг орчин үеийн дайн байлдаанд таарамж муутай улс.

Шөнийн хүйтэн яс янгинатал жиндүүлж байлаа. Монголчууд харанхуйд хэрхэн тодрон гарч, амьсгалаас нь уур үүсэж, үгүй болохыг харан суух даа намайг андууран аймшигт зүүдний ертөнц рүү илгээсэн юм биш байгаа гэж бодож байсан. Болж байгаа явдал үнэн гэдэгт би эргэлзэж байлаа. Үнэхээр хар дарсан зүүд, зовлон тарчлаан дөнгөж эхлэж байгааг би бүр сүүлд ойлгосон.

Энэ зуур харанхуйгаас ардаа юм чирсэн цэрэг гарч ирлээ. Таагүй мушилзах тэрээр тээш-Хаманогийн цогцсыг бидний дэргэд түсхийтэл хаялаа. Нүд анисан капрал хөл нүцгэн байхыг харахад гутлыг нь мулталж амжсан бололтой. Монголчууд шууд л хармааг нь ухан хувцасыг нь мулталж эхэлсэн. Бугуйн цаг, түрийвч, янжуур гарган хуваан паагиулаад бусдыг хувааж эхэлсэн. Түрийвчинд Манж-го-гийн хэдэн дэвсгэрт, нэгэн эмэгтэйн зураг байлаа. Бодоход Хаманогийн ээжийн зураг байсан байх. Ахлагч нэг юм хэлээд мөнгийг авсан. Харин өнөө зураг газарт унасан.

Хаманог харуул хийж байхад монгол цэрэг гэтэж очоод хоолойг нь тас огтолсон болох нь тодорхой байлаа. Эд биднээс түрүүлж, бидний хийх гэж ярьж байсаныг хийсэн болж таарч байна. Ангайх шархнаас шингэн улаан цус асгарч байлаа. Харагдах хэмжээний шарх гээд бодоход гарч байгаа цус бага байхыг бодоход асгараад дуусаж байгаа бололтой. Нэг цэрэг нуман хэлбэртэй, арван таван сантиметр хэрийн урттай хутга гаргаж ирсэнээ миний нүүрний өмнө савчин эргүүллээ. Би тийм хэлбэрийн хутга урд өмнө нь огт харж байгаагүй. Миний хоолойг бас огтолно шүү гэж хэлж байгаа бололтой бас нэгэнтээ агаарт хий цавчиснаа шүгэлдсэн. Хэдэн хүн инээсэн. Хутга ямар ч байсан цэргийн ердийн хэрэглээний зүйл биш байсан. Бүх цэргийн бүснээс жад зүүлттэй байх хэрнээ махир хутга ганцхан энэ цэрэгт л байсан. Энэ сүрхий эр л Хаманогийн хоолойг огтолсон болж таарлаа. Хутгаа гар дотроо сурмаг нь аргагүй эргүүлсэнээ хуйлж харагдсан.

Ямамото нэг ч үг дуугараагүй хэрнээ миний зүг хөдлөмөр болон харц шидлээ. Үл мэдэг хөдөлгөөнөөс нь би шууд л "Хонда зугтаа юу?” гэж асууж байгааг шууд л ойлгосон. Харин айж сандарсан би гэдэг хүн мөн л адилхан "Нээрээ капрал Хонда хааччихав аа?” гэж бодож байсан. Монгол цэргүүдийн гэнэтийн дайралтаас амьд үлдэж чадсан бол бидэнд өчүүхэн ч гэсэн найдвар бий гэсэн үг. "Хонда ганцаараа юу чадахав?” гэж бодохоос дотор харанхуйлж байсан. Тийм ч байлаа гэсэн ийм ч билээ горьдлого юу ч үгүйгээс дээр байлгүй яахав.

Бид өглөө болтол элсэн дээр хэвтсэн. Гар пулемёт, винтов барьсан хоёр цэргээр биднийг мануулсан. Харин бусад нь зайдуухан бөөгнөрч зогсоод тамхи татан, хоорондоо ярилцаж, инээлдэж, биднийг барьсандаа баясан сэтгэл амран цэнгэж байлаа. Ямамото бид хоёр чимээгүй. Таван сар болсон байсан ч үүрээр сэрүүсч, температур тэгээс доош зааж байсан. Нүцгэн ингээд хэвтэхэд осгочих вий гэж айж байсан. Биднийг эзэмдсэн айдас хүйдсийн дэргэд хүйтэн сэрүүн гэдэг юу билээ? Одоо биднийг яах бол? Энэ хэдэн монголердийн толгойн эргүүл байж таарна. Тийм болохоор бидний хувь заяаг шийдэх эрх байхгүй. Дээрээс даалгавар хүлээнэ. Тэгэхээр бидэнд цаг байна, ер нь алахгүй юм байна. Харин дараа нь? Бүү мэд. Ямамото, ойлгомжтой тагнуул, намайг хамт барьсан болохоор хамтрагч. Яаж ч бодсон энэ будилаанаас зүгээр мултарч чадахгүй нь тодорхой байлаа.

Өглөө болтол хаанаас ч юм онгоцны мотор шиг юм дуугарч эхэллээ. Төдөлгүй Монгол Улсын таних тэмдэгтэй зөвлөлтийн тагнуулын мөнгөлөг өнгөтэй онгоц алсаас тодрон дээр тойрон эрт эргэлдэж эхлэсэн. Цэргүүд гараараа даллахад онгоц далавчаа савлан дохио өгсөнөө их элс тоос босгон биднээс холгүй буулаа. Бидний байгаа газрын эргэн тойронд хөрс хатуу, тэгш толигор байсан болохоор тусгай заасан зурвасгүй хөөрч, буухад төвөггүй ажээ. Ер нь ч энд нэг бус удаа бууж, хөөрсөн болов уу гэж санагдсан. Тэгтэл нэг цэрэг мориндоо мордон, хоёр морь хөтлөн онгоцны зүг хурдлан давхисан.

Өндөр цол хэргэмтэй нь илт хоёр офицер дагуулан ирсэн. Нэг нь орос, нөгөөх нь монгол. Ахлагч л Улаанбаатар руу, биднийг барилаа гэж радиогоор мэдээлж. Тэгээд байцаахаар бүр Улаанбаатараас ирж байна. Эд тагнуулын албаныхан байж таарна.Өнгөрсөн жил олныг хамран хийсэн баривчилгаа, төр засгийн эсрэг тэмцэхийг санаархагчдыг цэвэрлэх ажлын ард Улстөрийн удирдах ерөнхий газар байсан гэж би сонссон.

Эд хоёулаа цэвэр цэмцгэр хувцаслаж үс сахалаа авчээ. Орос нь дулаан шинель дээр мөрөвчтэй бүс зүүсэн, гялалзтал тослон өнгөлсөн гутал өмсжээ. Орос хүн гэхэд өндөр гэхээргүй нуруутай, туранхай, гуч-гучин тав хэрийн залуу харагдана. Өргөн дух, нарийн хамар, цонхигор ягаан царайтай, төмөр хүрээтэй шил зүүжээ. Товч доо царайны хувьд бусдаас ялгарах юмгүй жирийн л нэг эр. Харин монгол нь хүрэн царайтай, бахим биетэй, намхан нуруутай, оросын дэргэд баавгай шиг харагдана.

Үргэлжлэл бий.

Орчуулсан Санждоржийн ТУЯА


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх