Сэм чагнахуй: МАН-ын сонгуулийг С.Баяр удирдаж, З.Энхболд Баянголд өрсөлдөнө

МАН-ын сонгуулийг С.Баяр удирдаж, З.Энхболд Баянголд өрсөлдөнө

Б.ХАЛИУНАА

УИХ-ын сонгууль болоход наашаа ч үгүй, цаашаа ч үгүй яг 85 хоног үлджээ. Айсуй сонгуулийг угтсан хов жив хундага дарсны даруулга төдийхөн байхаа ч хэдийнэ больсон. Бүр томорсон гэсэн үг. Тэгээд ч нэр дэвшихээр горилогчид нийтийг хамарсан сурталчилгаандаа ил тодоор гараад эхэлсэн цаг. Намууд дотор ч нааш цааш толхилцсон хэрүүл зодоон тасрахаа больжээ. Уг нь сонгууль дөхөхөөр намууд хоорондоо үзэлцдэг байсан сан. Харин одоо бол өрсөлдөгч намтайгаа биш, өөр хоорондоо нүдэлдээд хэн хүчтэйгээ шалгадаг болжээ. Үүний илэрхийлэл эрх баригч намд өрнөж буй үйл явдлууд. Тэд л сүүлийн үед сонгогчдоо ярих сэдэв, хөөрөлдөх ховтой суулгаж буй юм. Гэхдээ сөрөг хүчинд ч нам гүм байгаа юм биш. Ил гаргахгүй л байгаа болохоос тэнд ч бас хөл гараа хөдөлгөцгөөгөөд л байгаа юм билээ. Чих дэлссэн зарим нэгийг нь сэм чагнаснаа дуулгая.

Сэм чагнахуй: МАН-ын сонгуулийг С.Баяр удирдаж, З.Энхболд Баянголд өрсөлдөнө

МАН

Бараг 100 дөхөж буй насаараа байнга бахархдаг нам доторх нялхсын өвчин газар авч, илааршуулах арга олж дийлэхгүй М.Энхболд дарга нь зүдэрч суугаа гэнэ. Халдвартай энэ өвчний урхаг сонгууль угтан сэдэрч хөгшчүүлийг тоглоомын тойргоос шахах залуусын бодлого хүчээ авах болжээ. Тэд Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэсэн улс төрд буг болтлоо тухалсан хөгшчүүдээр хэдий болтол нүүр царайгаа хийх юм бэ гэсэн ухуулга сэнхрүүлгийг мөлхөө маягаар явуулж, тэднийг намын жагсаалтаас ч, байнга сонгогддог нутгаас нь холдуулж үхлийн гэж нэрлэж болох хотын тойргууд дээр зоох тухай яриа хөөрөө гараад эхэлсэн байна билээ. Хэрүүлч заргачаараа айлгадаг Ц.Нямдорж гишүүнд Хан-Уулыг өгч, Д.Лүндээжанцанг Баянголд очвол оч гэсэн юм байх. Үнэн худлыг мэдэхгүй ч иймэрхүү утгатай яриа бол явсан л юм шиг байгаа юм.

Намынхаа Удирдах зөвлөлийг хэт залуужуулсны горыг энэ сонгуулиар амсч магадгүй болсон М.Энхболд дарга С.Баярыг урьж сонгуулиа удирдуулах тухай ч бодоод эхэлсэн сураг байна. Гэхдээ С.Баярын сонгууль амжилттай удирддаг тактик, удирдагчийн чадвар, ухуулан сэнхрүүлэх аргыг ашиглана. Түүнээс намынхаа нүүр царай болгож ил гаргаж наадах хэрэгүй гэсэн байр суурийг намын даргын ойр тойрныхон зөвлөж буй дуулдсан.

Бас жагсаалтад хэнийг оруулах вэ гэдэг дээр ч намын дарга нарын санал зөрөлдөж буй гэнэ. М.Энхболд дарга нь намын жагсаалтад багтах эрхмүүд Монгол гэж нэг тойрогт хүч үзэх олонд танигдсан кадрууд байх ёстой гэж буй бол өөр бусад нь жагсаалтаар мөнгө босгож сонгуулийн зардлаа бүрдүүлэх нь зөв хэмээж байгаа юм байх. Чухам яахаа шийдээгүй л М.Энхболд намдаа нэг ч бол суудал авахын тулд өөрөө тойрогт үзнэ. Өөрийнхөө оронд жагсаалтын тэргүүнд Ерөнхийлөгч асан Н.Багабандийг зооно гэх яриа дуулдсан. Тэгэхээр МАН-д Н.Багабанди, С.Баяр нар үнэд орж буй бололтой.

АН

Энэ сонгууль АН-ын хувьд хүндхэн болно. Намд байгуулсан гавьяагаараа гайхуулах фракцуудынхаа зодооныг эмхэлж дийлэхгүй хүчин мөхөстсөн З.Энхболд дарга нь үгэнд орохгүй байгаа хэсгээ эхнээс нь шийтгээд эхэлсэн. Тэр энэ удаа хүний өөрийн гэж ялгалгүй баримт цуглуулж баалах аргыг хэрэглэхээ намынхандаа хэдийнэ дуулгасан бөгөөд цэргүүд нь ч түүний хэлснээр ажлаа амжилттай ахиулж буй аж. Чуулганы завсарлагаар гэртээ цөөн хоносон Зи дарга хөдөө хөхөрч гадаа гандахдаа очсон газар бүртээ ийм даалгавар өгч биелэлтийг нь ч тэр дор нь шалгаж амжаад байсан гэлцэх юм билээ. Ялангуяа өрсөлдөгч намаас нь өнгөтэй байгаа горилогчийг үтэр түргэн намнах үүрэг өгсөн учраас гишүүд нь мөрдөгчийн дүрд хувираад завгүй явцгаах болжээ. Эхнээс нь ажиллагаа амжилттай болж хэд хэдэн аймагт мөрдлөгийн мөрөөр мөрдөн байцаалт явуулаад эхэлсэн гэнэ.

Мөн МАХН гэх гайг сонгуулиас өмнө сульдаах тактик нь ч амжилттай хэрэгжижи буй бөгөөд Н.Энхбаярын гэх шошготой бүхнийг юу ч үлдээлгүй шагаад эхэлсэн. Энэ шалгалтад эхэлж бүдэрсэн Эрүүл мэнд, спортын яам одоо хүртэл толгойтой болж амжаагүй л яваа. Араас нь Батлан хамгаалах, Барилга, хот байгуулалтын яамд бас Гааль, татварын газар шалгуулж байгаа. Эхнээс нь "но”-г нь илрүүлээд цоожтой хаалганы цаана хэсэг хугацаанд амраахаар илгээд байгааг хэн хүнгүй мэднэ.

Зи даргын хувьд энэ сонгуулиар мөн л жагсаалт тэргүүлэх бодолгүй байгаа гэнэ. Тэрбээр энэ удаа нийслэлд хийсэн ажлууд нэлээд жин дарах учраас гол тоглолтоо хотод хийнэ. Тийм болохоор намын жагсаалтын тэргүүнд Улсын баатар Э.Бат-Үүлийн нэрийг зоогоод араас нь өөрсдөө алхах сүрт жагсаалын төлөвлөгөө батлахаар бэлтгэж буй дуулдсан. Үнэн байх магадлалтай. Эрхэм дарга өөрөө ч хотод нэр дэвшинэ. Ингэхдээ С.Эрдэнийн өмчилсөн Баянголын тойрогт хөтлөлцөөд хамтдаа алхах юм байх.

Эх сурвалж: "Улаанбаатарын сонин”

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх