Улс төрийн эмгэнэлт драм “Нохойн сүрэг” 22-нд нээлтээ хийнэ

 

Улс төрийн эмгэнэлт драм “Нохойн сүрэг” 22-нд нээлтээ хийнэ

 Б.ЭНЭРЭЛ

Урлагийн гавьяат зүтгэлтэн Чимиддоржийн Ганхуягийн зохион "Нохойн сүрэг” гэж тун өвөрмөц нэгэн бүтээл тайзнаа амилахад бэлэн болжээ. Эрхэм найруулагч амьд сэрүүн ахуйдаа Армийн театр гэж нэгэн цагт Монголын урлагийн сор болсон жүжгүүдийг тоглож байсан театрыг сэргээн байгуулахаар шийдэж уран бүтээлийн хамтрагчдаа ч цуглуулчихаад байсан юм. Түүний хүслийг гүйцээж нөхөд нь театрынхаа хөшгийг "Нохойн сүрэг” жүжгээр нь нээхээр болж анхны тоглолтынхоо товыг тогтож, зараа ч түгээгээд эхэлж. Энэ сарын 22-нд ЦДБЭЧ-ын тайзнаа тоглох "Нохойн сүрэг” эмгэнэлт драмын жүжгийг жүжигчин М.Түвшинхүү найруулжээ.

Ч.Ганхуяг найруулагч "Нохойн сүрэг” жүжгээ 2013 онд Төв аймгийн театрт байхдаа тайзнаа тавихаар бэлтгэл ажлыг нь хангаж байсан юм. Гэхдээ зохиолыг нь өөрөө бичсэн учраас өөрөө биш харин урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийг урьж ажиллуулсан. Театрын хойшлуулашгүй ажлаас болоод тухайн үедээ үзэгчдийн хүртээл болж чадаагүй энэ жүжигт нохойгоор төлөөлүүлэн бүхэл бүтэн үндэстний бодлого, улс төрийн амьдрал ямар байгааг харуулжээ. Монгол удам угсаа тал руу нь хийсэн уг жүжгийг Ч.Ганхуяг агсан улс төрийн драм хэмээн тодотгож байсан билээ. Одоо харин эмгэнэлт гэсэн тодотгол нэмэгдчихэж. Монголын улс төр тэр чигтээ эмгэнэл болсон энэ цагт үүнээс өөрөөр үзүүлэх арга ч үгйү биз дээ. Тэр үед гол дүрд жүжигчин Ё.Цог тоглохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байсан. Харин одоо бүгд залуу жүжигчид байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл эрхэм найруулагчийн амьд ахуйн мөрөөдөл Армийн театрыг байгуулах залуус шавь нар нь "Нохойн сүрэг”-ийг амилуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх