Баар, цэнгээний газруудыг шөнө 04 цаг хүртэл ажилладгийг цэгцлэх нь ээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа.

Баар, цэнгээний газруудыг шөнө 04 цаг хүртэл ажилладгийг цэгцлэх нь ээ

 

Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1116 буюу 11.3 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэргийн дийлэнх хувь нь 22.00-06.00 цагт үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг аж.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 9-ны өдрийн А/609 захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоож, худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн цагийг зааж өгөөгүйгээс худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд 24 цагаар архи худалдан борлуулдаг. Иймд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүд, амралт, зугаалга аливаа баяр ёслол, арга хэмжээг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн, хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн амь насыг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй, архигүй орчин амьдралын зөв хэвшилтэй байхыг нийслэл Улаанбаатар хотын иргэн, аж ахуй нэгж байгууллагад уриалах санал танилцууллаа.  

"Архигүй орчин амьдралын зөв хэвшил” уриалгыг гаргах тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тэрбээр үүрэг чиглэл өгөх үеэрээ "Баар, ресторан цэнгээний газруудыг зэрэглэл ангилаас нь хамаарч ажиллах цагийн хуваарийг нь тогтоох тухай саналаа холбогдох байгууллагууд оруулж ирэх хэрэгтэй. Нийтээр нь хавтгайруулан өглөөний 04.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгодог байдлыг эргэж харах ёстой. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч, тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх нь чухал” гэж тодотгон хэлсэн юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх