Сонгуулийн “Царцааны нүүдэл”

Гантай жилийн царцаа их нүүдэг гэдэг. Харин Монголд ган гачигаас үл хамааран улс төрийн сонгуулийн жил "царцааны нүүдэл” их байдаг болоод байгаа. Ямар царцааны тухай яриад байгааг та лав мэдсэн байх. Өөртөө санал өгөх сонгогчдыг өөрийнхөө тойрог руу шилжүүлэн аваачдаг улс төрийн сонгуулийн үзэгдлийг "царцааны нүүдэл” хэмээн шоглон нэрлэдэг. 2012 оны сонгуулиар АПУ компанийнхан бүхэлдээ Өвөрхангай руу, "МАК”-ын Дорнод руу гээд нэр дэвшигч бизнесмэнүүдийг дагасан нүүдэл хөдөө рүү чигтэй байсан гэдэг. Энэ жилийн тухайд ч "царцааны нүүдэл” их л байх бололтой. Увс, Ховд руу нүүдэл их байгаа бололтой. Тус тойргуудад шинээр бизнес нөхөд олон дэвшиж байгаа нь Улаанбаатарын зарим компанийг тэр чигээрээ Увс, Ховд руу нүүдэл хийлгэж байгаа аж. Ингэж компаниа тэр чигээр нь шахам нэр дэвшиж байгаа тойрог руугаа нүүлгэхдээ "Сонгуулийн штабын ажилтан” гэдгээр халхавч хийж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Хөдөө рүү чиглэсэн "Царцааны нүүдэл” бас эсрэгээрээ хот руу урсаж байгаа тухай мэдээлэл ч байна. Тухайлбал, Өвөрхангайгаас Улаанбаатарт нисэх хавьцаа тойрогт сонгуулийн штабын ажилтан болж ирж байгаа улс ч байгаа гэнэ. Нисэх хавьцаа тэгээд Өвөрхангай гэхээр хэн байх вэ?

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх