Намууд нийслэлд юу хийхээр амлав

УИХ-ын болон аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. УИХ-ын сонгуулийн дуулианд дарагдаад нийслэл аймагт нэр дэвшигчдийн сурталчилгаа болон тэдний хийхээр төлөвлөж сонгогчдод танилцуулж байгаа мөрийн хөтөлбөр амлалтын талаар иргэд сайн мэдэхгүй байна гэдэгтэй уншигч та санал нийлэх буй заа. Сонгууль жижиг можаритор тойргоор явагдаж байгаа болохоор нэр дэвшигчид тухайн тойрогт хамрагдаж байгаа хэдэн хороон дээр буулгаж, мөрийн хөтөлбөр амлалтаа танилцуулж байна. Харин тухайн намыг эсвэл нэр дэвшигчийг сонголоо гээд улс орны хэмжээнд өргөн утга агуулгаараа ямар сайн, давуу тал байна вэ гэдэг нь тун тодорхойгүй байгааг ч хэлэх хэрэгтэй.

АН: "+5 төлөвлөгөө”

Нийслэлийн ардчилсан нам энэ сонгуульд "+5 төлөвлөгөө” гэж томъёолсон мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Энэхүү хөтөлбөр нь дотроо Нээлттэй засаглал, Хотын эдийн засаг, Орон сууц, Ногоон хөгжил, Амьдрахад таатай орчин, Танай дүүрэгт гэсэн зургаан хэсгээс бүрдсэн байна. Мэдээж энэ хэсэг тус бүр дээрээ юу хийхээ гэдгээ задалж өгсөн байгаа. Онцлог шинэ зүйл гэхээсээ илүүтэйгээр 2012-2016 он хүртэл хийсэн ажлаа үргэлжлүүлэхээр оруулж өгсөн байна билээ. Тухайлбал, "Монгол наадам” цогцолборыг үргэлжлүүлэн барьж байгуулна гэх мэт.

Улаанбаатарт төдийгүй улсын хэмжээнд тулгамдаад байгаа асуудал бол ажилгүйдэл. Энэ талаар Нийслэлийн АН дараахь зүйлийг мөрийн хөтөлбөртөө оруулсан байна. Үүнд:

-Иргэдийн ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, нөхцлийг сайжруулах санал санаачлагыг дэмжиж, өрхийн орлогыг бууруулахгүй байх бодлогыг боловсруулан ажиллана.

-Тавиас дээш насныхан болон тэтгэврийн насныхныг ажлын байраар хангах "Хоѐр дахь залуу нас” хөтөлбөр боловсруулна.

- "Ажилсаг оюутан”, "Жуулчин цагдаа” хөтөлбөр боловсруулна.

-"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр” хөтөлбөр боловсруулна.

-Багануурт үйлдвэрлэл технологийн, Эмээлтэд Хөнгөн үйлдвэрийн, Налайхад барилгын материалын үйлдвэрийн технологийн парк, Ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулан ажлын байрыг нэмэгдүүлнэ.

-Оюутан залуучууд, ажилгүй иргэдийг түр болон цагийн ажлын байраар хангах журам боловсруулна гэсэн байна.

МАН: Нийслэлийн хөгжлийг цогцоор нь авч үзсэн

"Бид хамтдаа чадна” хэмээх намынхаа сонгуулийн уриаг хот, хөдөө, УИХ болон олон нутгийн сонгуульд нэр дэвшигчид нь бүгд яг таг дагаж байгаа МАН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө "Нийслэлийн хөгжил” гэж тусгайлсан бүлэг оруулсан байна. Нийслэлийн хөгжлийг МАН:

-Хот төлөвлөлт

-Орон сууцжуулах таатай нөхцөл

-Эрүүл, цэвэр, аюулгүй орчин

-Үйлчилгээ нь шуурхай Улаанбаатар гэсэн дөрвөн дэд хэсэгт хуваан юу хийхээ тодотгож өгсөн байна. Тухайлбал, "Үйлчилгээ нь шуурхай Улаанбаатар” дэд бүлгээ МАН-ынхан

-Нийслэлийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

-Иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэн хамгаалах, хотын байнгын оршин суугчдыг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулна.

-Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудыг мэргэжлийн удирдлагад шилжүүлэн, тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулж, мөрдүүлнэ.

-Нийслэлийн хороо бүрийг хүүхдийн цэцэрлэг, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талбайтай болгоно.

-Нийслэлийн иргэд эмнэлэгт үзүүлэх очер дугаараа интернет, гар утас, цахим хэлбэрээр авдаг болно.

-Нийслэлийн аливаа асуудлыг зөвлөлдөх ардчиллын зарчмаар шийдвэрлэж, иргэдийн оролцоог хангана.

-Иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж, дүүрэг бүрт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна.

-Гэмт халдлага, гамшиг, эрсдлийн үед шуурхай үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ухаалаг систем нэвтрүүлнэ гэж томъёолж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

 

МАХН: Жаргалын найман хот байгуулна

МАХН-ын мөрийн хөтөлбөрийн гол агуулга нь дараахь найман зүйлд багтаж байгаа аж. Ажлын байр, ажлын байр, дахин ажлын байр буюу хөтөлбөрийн зорилтууд гэдгээ дараахь байдлаар томъёолсон байна. Үүнд:

1. Олон түмний тав тухыг хангасан, орчин үеийн шийдэл бүхий "Жаргалын 8 хот” байгуулах ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

Эдгээр хотын бүтээн байгуулалт болон үйлдвэр үйлчилгээ, хөдөө аж ахуй, хүнсний салбарт 10 жилд нийт 600 мянган, жил бүр дунджаар 60 мянган ажлын байр шинээр бий болгох ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

2. "Хөгжлийг тэтгэсэн цахилгаан станц” буюу 3500 мегаваттаас доошгүй хүчин чадалтай эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

3. Холыг ойртуулах, үйлчилгээг хурдасган чанаржуулах, бараа, үйлчилгээний үнийг бууруулах "Мянганы төмөр зам” барих ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

4. "Тэг түрээсийн орон сууц”-аарнийт 450,000 айл өрхийг орон сууцжуулах ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

5. Оюутны сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь хариуцдаг болох "Төрийн тэтгэлэг”-т 10 жилийн дотор үе шаттайгаар бүрэн шилжих ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

6. Ахмад настан, эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдын эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс 100 хувь хариуцдаг болох "Эрүүл мэндийн хамгаалалт”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

7. "Их бүтээн байгуулалт”-ын төсөл, "Жаргалын найман хот”, дэд бүтцийн бусад төслүүдийг хэрэгжүүлснээр сард 5 сая төгрөгийн орлоготой чинээлэг дундаж өрхийг нийгмийн олонхи болгох ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

8. Мал эмнэлгийн үйлчилгээг бүрэн сэргээн хөгжүүлж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрийн бодитой дэмжлэг бүхий орон нутгийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг судлаж, эрх зүйн орчныг бий болгоно.

Санхүү, эдийн засгийн тооцоо судалгаа гаргаж үзвээс эдгээр зорилт нь дөрөв дөрвөн жилээр тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд гарах үр дүн нь Монгол орны өмнө тулгамдаад байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн олон асуудлыг иж бүрэн шийдвэрлүүлэх ажлыг судлаж эрх зүйн орчныг бий болгоно гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх