МАНАН БУДАНТАЙ НАМАР

 

МАНАН БУДАНТАЙ НАМАР

 

Дарьхүүгийн Баатаржав

Зургийн үглэл

Намар ... намар аа, гэж намар юм бүхэн холд буцаж одно. Шувууд нуураа ... навч цэцэг мөчрөө... гүйгүүл адуу бэлчээрээ.. орхин буцааж одно...

Ачаа нүүдлийн цуваа хөл холд дэнхэн дэнхэн алсарна.... Айраг нэрмэлийн үнэр... уулын цуурай... саахалтын хонгорхон охин ... бүгд л тус тусдаа зам мөрөө хөөж холдон одно... унаганы зэл... хүрээгээрээ дугуйрч шарласан буурь.. уяаны шон... анир үгүйлж хоцроно. Намарт юм бүхэн , ойр дотно бүхэн хавраар нахиалж, зунаар цэцэглэсэн бүхэн их бие, үндэс ёзоороо орхин салж одно.

Тэртээх нэгэн намар тэр бүсгүй, дотно хайртай хүмүүсийнхээ эмзэгхэн цээжний дотуур чанадад урин зөөлөн дүрээ үлдээгээд, гэрэл сүүдрээ дагуулан бас л явж оджээ.

Оюутны намар анхны намар арван есхөн насны ариухан, амттайхан мөрөөдөлд эвдэрч ээдээгүй, тэнгэрээс унасан дусал шиг тэр бүсгүй, зүүдэнд юм шиг орж ирсэнсэн. Нээрээ л хүний богинохон амьдралын алтан үе байж дээ. Ид насны халиун бугын зоо шиг хиргэлтэн халиурах шивээт хөндий, дэрвэлзэж доголсон сэтгэлийн өнгө шиг хөнгөн цагаан манан, тарлан модтой хангай, хаагууртаа шингэчив гэмээр огтор шар наран, түүний доор тоосорсон үтрэмтгий талбай. Ай даа, юу ч гэх вэ дээ.

Сэтгэлийн минь гүнд мөнхөрсөн манан будантай намар.

Орж гаран холхисон бие биеээрээ тоглож наадсан, дуулалдсан, гиюүрсэн.. өдөр тутмын лекц семинар, хагас бүтэн жилийн шалгалт шүүлэг... дотуур байрны бор дорхон амьдрал...хажууд нь байвч холд суугаа юм шиг хэн хэнээ мөрөөдөн, хүмүүсийн зай сиймхийгээр, нэг нэгнийгээ отон мөргөлдсөн ичимхий харц, зулзаган улиасны доор товолсон болзоо... чухам л олон газрын аав эжий нарын нас жил ойролцоо идэр танхи, охид хөвгүүдийн инээд шуугиан, цог заль, гэгээн мөрөөдөл, гэнэхэн хайрын их чуулган гэмээр ээ...

Оюутаны амьдралын босго ийм дурсгалтай ч, одоо Адилхүүд харамсалтай, бас гашуудалтай санагдана.

... охиноо л олж уулзах юмсан. Одоо арван наймтай. Ээж нь байсансан бол надтай чацуу туулайтай... ээж нь байсансан бол... Адилхүүгийн угийн цонхирдуухан, шарланги царай сүүдэртэн татвалзаж, хоолойд нь нэг юм тээглэх шиг болоод тэр "-ийгм” гэж дуун алдаад зүрхээ дарлаа.

... Ариундарь минь ... намар та хоёрыг сэтгэлдээ мөнхөлж, зүрхэндээ ариулан , цаасан дээр амилуулж босгон, өөрийгөө саатуулж хуурсаар өдий хүрлээ дээ. Би чинь. Чамайг надад өгсөн, чамайг надаас бас охиноос минь булааж одсон, чамтай хамт бодол зүүд хоёрт минь мөнхөрсөн туульган хорвоогийн манан будантай намрыг би мартаж чадахгүй л явна даа...

Зовхи нь чийгтэвч, хуурай нүдээ алгуур аньж, зүрхээ дарсан чигээрээ гуйвлан босоод, зах сэжүүрээсээ хяруутаж яваа санчигаа буцаж яваа цагын зэлгээн салхинд сэвэлзүүлэн Адилхүү ийн цээж хөндүүрлэсээр гэрийнхээ хаалга чиглэв ээ.

Адилхүү намар намрын өнгө айзмын ийн зүрхэндээ хөглөн, манан будан доор хөлрөн хөглийсөн алаг модтой, нөгөө л хонгорхон шаргалтах хангайг бийр будаг хоёроороо амилуулахаар суув.

... Оюутны хоёр дахь зун. Гавшгай отрядын бүрэлдэхүүнд багтаж, Улаан-Үд явахаар болж билээ.

Уран бүтээлч болохоор сурч буй над , хил давж юм үзэж, нүд тайлах завшаан тохиосон нь аз байлгүй яахав. Сэтгэл дэвэлзэж хөөрөөд, зургийн хэрэглэлээ базаан хэдэн хувцсаа, хайж байж олж авсан хүрэн чемодандаа хийгээд оюутныхаа байрнаас Ариундарьтайгаа цуг галт тэрэгний буудал ирж билээ. Тэр минь хаанаас, яаж ч олсон юм, тэр үедээ л нүдний гэм байсан зузаан том зургийн дэвтэр, нэг үзүүүртэй баллууртай, гадаад орны цоохор харандаа хоёрыг цүнхнээсээ сэм гарган, ичингүйрэн духайсаар над сарвайж

-Сайн яваад ирээрэй гэж зөөлхөн дуугаран чийгтэж хөлөрсөн жижигхэн халуун гараараа гарыг минь атган

-Чамайг ирэхэд хоёулаа болчихсон тосох байх шүү гэж жаргалтайхан хэлж хачин их улаа бутран инээсээр хоцорч билээ...

Адилхүү хэлэн доор тавьсан эмээ хайлж дуусахаар алгуурхан босож, хөлөө зөөлөн чирсээр цонхныхоо тавцан дээр тохойлдон, хүнд гүн шүүрс алдав.

... сэтгэл хайлуулж нүдэнд ижилдсэн нөгөө л намар .. тасархай..., тасархай.. нөмгөн цагаан будан Богд уулын оройг элгэдэн ороож, зөвхөн Адилхүүтэй л зовлон жаргалаа хуваалцах гэсэн шиг салхинд туугдчихгүй, арилж ядан зууралдах авай... тасран эргэлдэх навчныхаа хойноос сарвайсан мод бутханы нүцгэн мөчир цонхон доор нь ёрдойно...

Гуниг хурсан цээжиндээ амьдралынхаа өнгөрсөн одоог эргэцүүлэхийг хичээн Адилхүү толгойгоо унжуулан бодлогоширсоор байлаа.

... Гавшгай отрядад ажилласан гурван сар дуусаж, монгол оюутнууд нутаг руугаа буцлаа. Нийслэлдээ ирээд гал тэрэгнээс хамгийн их баяртай амьтан яаран бууж билээ.

... Эжийгээ дуурайсан, сормуус сүүдэртсэн алаг нүдтэй, бас намбалагхан, инээхэд нь хоёр хацарт нь өхөөрдөм хонхор үүссэн булцайсан хөөрхөн цагаан охин ... үгүй ээ .. үгүй ээ. Зөөлхөн хүрэн үсэнд булхсан, хамар нь марсайж, нүдээрээ инээсэн, аавыгаа л өвчсөн бондгор улаан банди...

Улаан-Үдээс нааш галт тэргэнд бүвээлэгдэн довтолгож явахад ийм л дүр зураг ээлжилж, цаана нь ээж нь их л баяртай улаа бутран инээж харагдсаар, яарч гэгэлзэн, явдал суудал дундаа ядарсанаа ч үл мэдэн өөр юу ч санаанд орохгүй явсаар тийнхүү галт тэрэгнээс хамгийн түрүүнд харайн буулаа. Харлаа .. Хайлаа... хүмүүсийн хөл шингэртэл зогслоо...

Тосож хэн ч ирсэнгүй.. Ариундарь.. ангийнхан... найз нөхөд... хэн нь ч алга...

Хоёр чемоданаа чирсээр автобусанд сууж шууд л оюутныхаа байр луу зүглэв. Шатаар нь аахилан уухилангүйх шахам өгссөөр нэг мэдэхнээ Ариундарийнхаа тасгийн хаалганд тулж ирсэн байв. Хаалга түгжээтэй...

Цээж нь гэнэ гэнэхэн шархиран, дотогшоо цурхирч, хүний амьдрал ертөнцийн нар, зоргоор салхи тэргүүнтэнг, цонхон цаанаас гөлрөн Адилхүү ийнхүү зогссоор байв.

... Ариундарь минь дөнгөж төрөөд охиныхоо дууг ч сонсож чадалгүй зовхио үүрд аньжээ...

Улаан- Үдээс азтай, баяртай хүн нийслэлд буусан тэр өдөр түүнийг минь нутаглуулсны долоо дахь хоног нь таарч, бидний хоёр ангийнхан нийлэн газар дээр нь очиж уй гашуу болж байсан хийгээд, бас над ийм юм дуулгахаасаа эмээж, хэлж чадахгүй бэргэн тосож очоогүй нь тэр юмсанж.

Их л гэм хийчихсэн юм шиг хүрлийж дүмбийн, бие биенээ урдаа түлхэн, халган байж орж ирсэн ангийн хэдэн андаа хараад би юу хэлсэн, яаснаа ч мэддэггүй юм. Харамсалт тэр хагацлаас хойш би гэдэг хүн амьдаараа сүг гүйцсэн юм даа. Ангийнхан минь найз нөхөд байнга л хэлж,эвлэж энхрийлж, гуйж гувшиж өөд татахыг их л оролдсон доо. Гэвч биеэ татаж авах сэтгэлийн тэнхээгүй хүн яахав дээ. Элий балай, дүлий дүүнгэ царайлан өдөр хоногийг үдсээр эцэст архины эмчилгээнд албадан явж, тэд минь ч цөхөрч хөндийрсөн дөө хөөрхий. Эргэж тойрдог ганц хүн маань одоо Дэмбэрэл л шив дээ. Амь голтойгоо л байвал эрх биш хүн юм хойно, амьдарсан ухаантай сажилсаар тэр хагацалт хар дарсан өдрүүдээс хойш нэг мэдэхнээ ганцаараа хорин жил хорвоогийн хар тоосонд хутгалджээ.

... Дэмбэрэлийн хэлж байгаагаар бол охин минь ээжийгээ өвчиж дуурайсан, эрх танхидуухан нэг амьтан байгаа л юм байна. Ямар ч бай, яадаг ч санж очно... бараа дүрийг нь нэг харах ... "ийгм” энэ муу бие нэг л ёозгүй дэг ээ. Орчлон намайг үхүүлэхгүй хоргоож, амьсгалыг минь таслахгүй хорогдуулж, өдий хүрсэн ганц юм бол охин минь шүү дээ. Намайг ааваа гэж огтхон ч мэдэхгүй, танихгүй, гэвч би орчлонд үртэй хүн.

Бие биенээ гарын арван хуруу шиг мэдэх зах хязгаарын энэ жижигхэн бөглүү суманд ядруухан биетэй, дуу цөөнтэй учир битүүлэг гэмээр нэг хүн ирж зочид буудалд байрлалаа.

Зургийн жижиг шар хайрцаг, цаас бийрхэнээс өөр ачаа гэх юм түүнд байсангүй. Тэр хүн нэг их орж гарсангүй, өрөөн дотроо зөөлхөн зөөлхөн алхаж, хааяа нэг бодлогошрон цонхоор харж, зураг зурж хоёр хонов. Энэ хүн Адилхүү авай...

Гурав дахь хоногийнхоо өглөө буудлын үйлчлэгч бүсгүйг гуйж, сургуулийн захирлыг дуудуулав. Таних танихгүй албаны хүн буудалд ирж, аль олон дуудагдахыг тэр гэхэв, түүний л нэг биз гэж бодсоор сургуулийн захирал Раднаа үүдэн дээр нь ирж, хаалгыг нь хагас онгойлгон

-Орж болох уу? гэж зөвшөөрөл гуйв. Цаад хүн орон дээрээ сандайлсан чигээрээ толгой дохиод торжигносон дорой дуугаар мэндлэн "суугтун” гэж өмнөө байгаа матмал сандал руу заалаа. Тун ч ядранга царайтай, гуниг тунарсан бор нүдтэй, ер зүс үзээгүй, хэр дунд насны туранхай шар хүн тамирдангуй янзтай хоолойгоо засаад

-Адилхүү гэж нэрээ хэлэн гар барилаа. Тэгээд өөрийнхөө ажил алба, хэрэг зорилгоо ч хэлсэнгүй шууд л

-Та урлаг судлаач Дэмбэрэлийг таних уу? Нөгөө л турь муутай торжигносон дуугаар асуув.

-Дэмбэрэл ээ гэж Раднаа үгийн нь дагуулан давтсанаа

-Аа тийм танина таниан уржнан манай үүгээр ирж бид хоёр нэг өдөржин шөнөжин хөөрөлдөж, бараг өвөр түрийдээ орох нь холгүй, дээлтэй ах дүү нар болоод салцгаасан юм гэж Раднаа сайн танилын нэр гарсанд урамшин хөгжилтэй хэлээд бага зэрэг мушилзав. Адилхүү суудал дээрээ сүлжрэн

-Дэмбэрэл бас миний сайн анд л даа... гэж үгээ тасалсанаа

-Үнэндээ би таныг л зорьж энд ирсэн юм... гээд цамцныхаа халааснаас дөрвөлжилж эвхсэн цаас гарган

-Энэ Дэмбэрэлийн зурвас гээд битүүхэн дуугараад сарвайлаа. Раднаа зурвасыг авч, хүнхэр лийнзтэй, болхидуухан зузаан рамтай шилэндээ нэгэнтээ гүйлгэн уншаад Адилхүү рүү мэлсхийтэл нэг сүрхий харсанаа дахин бичиг рүгээ хандав. Түүний бараандуу царай улам хүрлийж ирснээ

-Тиймээ талийгаач чинь миний төрсөн эгчээс гарсан ганц хайртай зээ минь байсан юм. Түүнээс хойш олон жил өнгөрлөө дөө... гэж цээжний гүнээс гарсан урт амьсгаатай цуг үгээ давхцуулан хэлэв. Адилхүү туранхай нарийхан хуруунуудаараа оролдон, дүмбийн сууснаа "Цааш нь юу хэлэх бол...” гэсэн шиг хавчигнан Раднаагийн өөдөөс царайчлангуй, бас халширсан хулгана янзтай харав. Тэгээд – би ... би охинтойгоо л , гэж ирсэн юм... гээд хэсэг чимээ тасран.

-Илүү дутуу юм ярьж хүүхдийн санаа сэтгэлийг ээдүүлэхгүй ээ. Зүгээр л нэг бараа зүсийг нь харж, нэг жаахан гарын бэлэг л өгөх гэсэн юм. Та над итгээрэй... гэж хэлээд шал ширтэн гөлрөв.

-Хэзээ хойно ийм юм болно чинээ санаа ч үгүй явсан Раднаа яах ч учраа эс олон балмагтан алмайрч хоцров. Хайрцагтай тамхинаас дахин нэгийг сугалж асуугаад хэд сайн сорлоо.

Орчлонд зуугийн талыг наслахдаа хэрдээ л сайн мууг үзэж, элэг зүрх эгшин, эмтэрч, элтэрч явсан боловч үүн шиг ээдрээтэй мөч таарч байсангүй. Дэргэдээ суугаа хүний байр байдлыг харааад түүнийг өрөвдөх ч шиг, бас уур ч хүрэх шиг нэг л хачин болов.

... олон жилийн өмнө тэр өөрийн гар дээр өсгөсөн ганц өнчин зээгээ газар хол алдаж, үхэл хагацлын хар утаанд хахаж цацаж явсанаа саналаа. Гэвч хэвлийгээс унасан үр нь үлдэж, ангаахай шиг байхаас нь тэвэрч, газар бараг л тавилгүй, хүн болгож өдий зэрэгтэй өсгөсөн нь үнэн билээ. Тун ч нэг тээж төрүүлсэн эхээсээ ялгарахгүй адил, салаа булгийн нэг эх ундарга шиг ижил, бас дураараа, эрх танхи, хайлган цайлган амьтан буй. Үлдэгсэд нь ийн үлдсэндээ хувилан, элэг дэвтээж нөгөөдөхийг нь бараг үгүйлэхгүйгээр нөхөж өссөнсөн. Гэтэл бүх юм элэр балар болсон хойно, эцэг гэж нэг хүн газар доороос юм аятай ингээд гараад ирэх юм гэж хэн санахав дээ.

Адилхан л үхчихсэн юм шиг таг чимээгүй байж байгаад гэнэт ингэж холоос зорьж, ирдгийн учир юм вэ? Уржнан ирсэн тэр Дэмбэрэл дэвэн дэлхийн юм хамж шимж ярьж суухдаа охины минь талаар, тэр эцэг гэгдэх энэ хүний тухай юу ч дуугараагүй атлаа одоо зурвас захиа илгээдэг нь ч ямар учиртай юм...

Эцэг эхийн талаар юу ч мэдэхгүй сэтгэл нь цагаанаараа, бас амьдралын босгонд тулж ирсэн, арваннайм хүрсэн охин энэ хүнээс ямар үг дуулж яаж хүлээж авах вэ?... муу эхнэр минь ч гэдсэндээ, төрсөн хүүхдээсээ илүү охиндоо л амиа дэвсэж явдаг амьтан шүү дээ..

Үнэхээр л төрсөн үрээ мэддэг юм бол өдий болтол хаана юу хийж явсан хүн юм...

Үнэн ч юм уу худалч юм уу охины минь төрсөн эцэг гэдгийг би яаж мэдэх юм. Янз бүрийн эсэн бусын юм ярьж охины минь сэтгэл санаанд юм хийж орхино... эрх танхи гэнэн хонгор амьтан, элдэв бусын юманд санааширч, эцэст эвдэрч ээдрэхийг хэн байг гэх юм... гэж үглээд уйлж дуулахдаа хүрнэ дээ... Раднаагийн ой ухаанд ийнхүү алгачин балгачин олон янзын бодол орж ирэн, тэрвээр үнэхээр тулгамдан самгардаж, Адилхүүд олигтой юм хэлж чадахгүй байв. Тамхиныхаа утаанд нэгэнтээ хахаж цацан, хамар амаараа зэрэг савсуулан, ишийг нь ширээний өнцөгт байгаа үнсний жижиг дугуй саванд чимхэж нидрээд Адилхүү рүү харлаа. Тэр нэг гараараа зүрхээ дарж, түүний царай нь хөхрөн, уруул нь өмөлзөөд нэг юм хэлэх гээд чадсангүй. Раднаа ухасхийн босож, цээжнээс нь зөөлхөн өргөөд эгцэлж хэвтүүлэх гэсэн боловч тэр хүн "хаа.. ууг” гэж огцом амьсгаа татаад толгой нь цээжрүүгээ унжин хүндэрлээ. Сандарч агдсан Раднаа "Үйлчлэгч ээ үйлчлэгч ээ, эмч эмч дууд” гэж өрөө доргиулан чичирсэн хоолойгоор сандчин хашгираад өөрийн мэдэлгүй гарч гүйв.

Зургийн тайлал

.. алаг тарлан модтой гүвгэрногоон уул алсад хөглийнэ. Дээгүүр нь сэтгэлийн гуниг лугаа нимгэн саарал манан гогоцоорч, ойртон холдон үзвээс өнгө нь нэг өтгөрч, нэг шингэрэх бөлгөө. Уулын бэл хормойгоор шивээн толгой шаргалтан, гишгэж одсон эзнээ үгүйлэх шиг нэгэн хүний хөлийн мөр оочин цоочин холджээ. ..

Навчаа гээсэн өөлжүү сөөлжүү сөөг бутхан ... цоморлигоо алдаж гудайсан цэцгэсийн иш... ижил сүрэг, нутаг усаа үгүйлэн цогнойх ганц бараан адуу... цаагуур нь анир гүмхэн , эл хульхан алхуулах нүүдлийн цуваа ... үүлэн хярхагт эргэлдэх шувууд... энэ бүхний өөдөөс омог бардам инээд цацаннимгэн цагаан даашинзны хормой дэрвүүлэн, гүйж яваа гоолиг шулуун биетэй, энхрий ялдам хонгорхон бүсгүй... эгээ л амьд юм шигээ.

1982 он Жаргалант.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх