“БААТАР”-ЫН ГАВЬЯАТАЙ БАХАРХАМ ГЕНЕРАЛ

 

“БААТАР”-ЫН ГАВЬЯАТАЙ БАХАРХАМ ГЕНЕРАЛ

 

"БААТАР”-ЫН ГАВЬЯАТАЙ БАХАРХАМ ГЕНЕРАЛ

МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, МУСТА, хурандаа Батжаргалын ОТГОНБАЯР

 

Аливаа хүмүүний амьдрал нь түүний насан туршийн намтар, гавьяаны дуулал байж, төрдөө үнэлэгдэх, түмэн олондоо хүндлэгдэх агуу их үйлсийг өөрөө бүтээж явдаг жамтай. Аав, ээжийн эгэлхэн агаад энхрийхэн үрс хожмоо эрдэм мэдлэгийн охийг арвинтаа хүртэж, түүнийхээ ачаар нэр хүндийн оргил, ололт амжилт бүхний манлайд гарч, сэтгэл дүүрэн амьдарч яваа нь юутай бахархам билээ.

Чухамдаа тийм л их хувь заяаны эздийн нэг нь эх орондоо "цэргийн хүү”, эгэл түмэндээ "төрийн сайд” хэмээн хүндлэгдсэн дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц бөлгөө.

Өнгөрсөн жил Булган аймгийн Баян-Агт сумын 90 жилийн ойг тэмдэглэх үеэр тэрхүү ёслолын ажиллагаанд уригдан очсон хамгийн хүндтэй зочдын нэг нь нийтлэлийн маань баатар болсон буурал генерал байсан юм. Учир нь Моломжамц генерал энэ л сумын эгэл нэгэн малчин Өлзийбадрахын гэрт 1936 онд мэндэлсэн байдаг. Тухайн үед манай ард түмний хувьд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайрсан он жилүүд байсан бөгөөд түүний ээж Ханджавын төрсөн ах Гончигсүрэн нь тухайн үеийн Намнан хийдийн лам байсан учраас хүү Ө.Моломжамцыг айлд өргүүлэх шаардлага гарч, эцэг Бадрахыг жинд явсан хойгуур нь нутгийн ард Лувсангомбынд "өргүүлсэн хэрэг манджээ”.

Ийм цаг үед амьдарч байсан хэн бүхэн ураг төрлөө нуух, өөрийн овог, нэрээ солих, хүүхдээ айлд өргүүлэх явдал түгээмэл байсан агаад чухамдаа тийм л хувь заяа түүнд оногдож, багадаа Өлзийбадрахын Ядамжав нэртэй явсан хөвгүүн Лувсангомбын Моломжамц болсон түүх эндээс эхэлсэн хэрэг.

Моломжамц хэмээх нэр нь "Ерөөл далай” гэсэн утгыг агуулах бөгөөд түүнийг өргөж авсан аав нь нутаг усандаа "Орос Гомбо” хэмээгдсэн Лувсангомбо, ээж нь Лхамжав байж, түүний гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэх их үйлсэд хүчин зүтгэж, эцэг, эхийн халуун хайраар дутаалгүй өсгөж, сумын бага сургуульд суралцуулснаар бага боловсролыг бүрэн төгс эзэмшжээ. Ийнхүү бичиг, үсгийн бүрэн чадвартай болсон Молом хүү ахмад, дунд үеийнхэнд шинэ үсэг заах дугуйланд багшилж, нутгийн иргэдэд захиа дуудах ажлаар олонтаа буян үйлдсэн гэдэг.

Нэгэн зун Лувсангомбын ойрын төрөл садны хүү Л.Жигжидсүрэн хэмээх хөвгүүн төрсөн нутагтаа амралтаараа ирэхдээ цэрэг хувцас, дэгжин хромоор ихэд гангарсныг сүрхий ажсан Молом хүүгийн сэтгэлд бяцхан агаад цагаахан атаархал төрснөөр аав, ээждээ хүсэлт тавьж, зөвшөөрөл авснаар тэднийхээ итгэлийг өвөртлөн Нийслэл хүрээг зорьж, Офицерын сургуулийн сонсогчоор элсэн суралцсан байна. Тухайн үеийн Офицерын сургууль нь 12 настай хөвгүүдийг маш өндөр шалгуураар авч, бүрэн дунд боловсролыг цэргийн зохих шатны мэдлэгтэйгээр олгосны дараа гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд суралцуулдаг байсан юм. Ийнхүү буурал генералын мөрдэс зүүсэн он жилүүд 1948 оноос эхтэйн дээр Офицерын сургуулийн эгэлхэн сонсогчоос БХЯ-ны сайд агаад дэслэгч генерал хүртэлх мөрдэс зүүсэн 60 гаруй жилийн түүхэн замнал эхэлсэн түүхтэй.

Энэхүү Офицерын сургуулиа амжилттай дүүргэсэн Л.Моломжамц Цэргийн Ерөнхий сургуульд элсэн суралцсан боловч салааны захирагчийн өмнөөс "өөрийнхөөрөө зүтгэсний шанг амсч”, сургуулиа төгсч чадалгүй хөөгджээ. Ийм хүнд нөхцөлд түүний спортод дур сонирхолтой, сурлагаар манлайлагчдын нэг байсныг сайтар мэдэх биеийн тамирын багш нь тухайн үеийн "Цэрэг” нийгэмлэгт тамирчин-байлдагчаар хугацаат цэргийн албанд татсан байх юм. Харин Офицерын сургуулийг амжилттай төгссөн, ЦЕС-д амжилттай суралцаж байсан түүнийг "Цэрэг” нийгэмлэг буюу эдүгээгийн "Алдар” нийгэмлэгийн дарга, удирдлагууд ихэд тоож, бичээч болгосноор "албаны тамга” өвөртөлсөн маадгар цэрэг болсон байна. Тэрбээр хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Монголын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс сагсан бөмбөгийн төрлөөр 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн нь түүний бахдам амжилтын эхлэл байлаа. Түүний цэргийн албаны хугацаа дуусах торгон агшинд тус нийгэмлэгийн дарга нар санал тавьснаар 1958-1962 онд тус нийгэмлэгт ахлагчаар улиран ажиллажээ. Энэ хугацаанд тэрбээр тухайн үеийн ах, дүү армиудын хооронд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон ба гадаадын өндөр нуруутай тамирчдыг хараад айж, гайхах зэрэгцэж, өөрийгөө сагсан бөмбөгт тохирох тамирчин биш гэдгээ мэдэрснээр удалгүй нийгэмлэгтээ спорт тоглоомын дасгалжуулагч болжээ. Тэрбээр зүгээр нэг спорт тоглоомын, түүний дотор сагсан бөмбөгийн дасгалжуулагч багш биш нийгэмлэгтээ суртал нэвтрүүлэгч, зохион байгуулагчийн албан тушаалд томилогдож, сургалт, дамжаанд хамрагдсанаар анхны гэрэл зургуудаа авч, сонинд олон тооны сурвалжлага, мэдээ бэлтгэж явсан байх юм.

Ахлагч Л.Моломжамц өөрийн сурах хүсэл мөрөөдөлдөө автаж, гадаадын сургуульд суралцахаар хүсэлт, өргөдлөө гаргаснаар 1962-1967 онд ЗХУ-д В.В.Куйбышевийн нэрэмжит цэргийн инженерийн академид суралцах ховор боломж тохиосон байна.Түүнд суралцах хугацааны эхний жилээс Оросын мэргэжилтэн-багш нарын уншсан лекцийг бичиж, тэмдэглэх, өөрийн болгож, шалгалт, шүүлэгт бэлтгэх, ангийн ажил, диплом хамгаалах, семинарт бэлтгэх гээд олон чухал хүнд даваа, сорилтууд тулгарч байсан ч тэр бүхнийг амжилттай давсны зэрэгцээ инженерийн мэргэжилд хамгийн чухал нь болсон дээд тоо, байгалийн ухааны хичээл давамгайлсан сургалтын бүхий л шалгуур, шаардлагыг бүрэн хангаснаар уг академийг "Онцсайн” дүнтэйгээр төгсч чадсанд бахархахаас яах билээ.

Ингэснээр хуучнаар ЗХУ-д Цэргийн инженерийн академийг амжилттай дүүргэсэн "дүрэмт хувцасных нь будаг нь ханхалсан шинэхэн дэслэгч”-ийг Ардын армийн 016 дугаар нэгтгэлийн Инженерийн албаны даргаар томилсон бөгөөд цэргийн шинэ зэвсэг, техник олноор ирэх болсон нөхцөлд инженерийн мэргэжилтнүүд ховор байсан тул өөрийн биеэр бусдыг дагуулан үлгэрлэснээр зэвсэг, техникийг чадамгай эзэмшсэн мастерууд болох их ажлыг удирдсан хэрэг.

Ийнхүү ажил, үйлсээрээ манлайлагч түүнийг БХЯ-ны удирдлага гярхай ажиглаж, ердөө нэг жилийн дараа буюу 1968 оноос Ардын армийн Жанжин штабын инженерийн албанд офицероор томилж, түүний авьяас, чадварыг сорих болжээ. Энэхүү хүндтэй албанд томилогдсон тэрбээр богино хугацааны дотор инженерийн цэргийн нэр хүндийг өргөх, цаашдын дүр төрхийг тодорхойлох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинээр боловсруулах, инженерийн бага мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоог бий болгох, тайван цагт инженерийн цэргийн үнэ цэнэ, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцоо болон бие бүрэлдэхүүний мэргэжлийн дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх талаар ихээхэн идэвх, санаачлагатай ажилласны үр дүнд ахлах офицероор удалгүй томилогдсон юм. Улмаар 1970 онд БХЯ-ны бүтцэд өөрчлөлт орж, Ардын армийн Жанжин штабыг шинээр бие даалгах болж, түүний бүтцэд Инженерийн хэлтэс анх байгуулагдсанаар тус хэлтсийн анхных нь дарга байх их хувь заяа бас л түүнийх байлаа. Энэ үед түүний саналын дагуу инженерийн анги, салбарууд шинээр бий болж, мотобуудлагын бригадуудад инженер-сапёрын тусгай ротууд, армийн тусгай хороо, батальонд инженер-сапёрын тусгай салаад байгуулагдсаны зэрэгцээ инженерийн цэргийн бага мэргэжилтэнг бэлтгэх үүрэг, зориулалт бүхий сургуулийн ротыг анх удаа бий болгосныг түүний хичээл, зүтгэлтэй холбон үздэг мэргэжилтнүүд олон байдаг. Түүнчлэн түүнийг Ардын армийн Жанжин штабын Инженерийн хэлтэст ажиллаж байх хугацаанд олноо "Хар замын батальон” хэмээн алдаршсан ангийг анхлан байгуулж, Ховд голын сал урсгах зам, Гуртын бирвааз, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Загзуурын ам, Зөвлөлтийн дайчдын гэрэлт хөшөө, Улаанбаатар-Дархан хоорондын засмал зам гээд олон бүтээлч ажлыг инженерийн цэргийнхэн нугалж, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан байдаг.

Ингэснээр өөрийн хариуцсан ажил, мэргэжилдээ эзний ёсоор ханддаг, цэргийн хэргийн өндөр мэдлэг, боловсролтой түүнд 1974-1976 онд тухайн үеийн ЗХУ-д Москва хотноо К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцах сайхан боломж олдсон юм. Үнэндээ ч офицер бүхний мөрөөдөл болсон "Генералын академи” хэмээгдсэн босго өндөртэй энэ сургуульд хожим нь БХЯ-ны сайдын нэр хүндтэй, асар хариуцлагатай албыг хашсан дэслэгч генерал Шагалын Жадамба, Ардын армийн Жанжин штабын Химийн хэлтсийн даргын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэсэн хошууч генерал Жамбалдагвын Дашзэвэг нартай хамт суралцаж, хамтдаа "Онцсайн” гэсэн өндөр үнэлэлттэй төгсч ирснээр нь бахархах хүн олон байдагсан.

Ийнхүү Жанжин штабын академийг дүүргэж ирсэн "Мо” даргыг 1976-1979 онд Ардын армийн Жанжин штабын байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, 1979-1982 онд БХЯ-ны байлдааны бэлтгэлийн удирдах газрын даргаар ажиллуулсан нь тухайн үеийн БХЯ-ны сайд, дарга нарын алсын хараа мэргэн ончтой байсныг гэрчилсэн хэрэг. Түүний энэхүү нэн хариуцлагатай албанд томилогдсон он жилүүд нь улс орны аюулгүй байдал болоод цэрэг-стратегийн түвшинд хүнд сорилтын үе байсан юм. Тодруулбал, дэлхийн хоёр туйлын зөрчил дээд цэгтээ хүрч, Зөвлөлт, Хятад улсын хоорондох хүйтэн дайнд манай улс хамгийн ноцтой өртөж, Монгол, Хятадын харилцаа үнэн хэрэг дээрээ сөрөг зогсолтын байдалд орсон хүнд нөхцөл, байдалтай байсныг түүх гэрчилдэг. Иймээс манай улсын төр, засгаас хуучин ЗХУ-тай тохиролцож, зохих гэрээ, хэлэлцээрийг байгуулсны дараа хоёр талын цэрэг-улс төрийн холбоотны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, тэдний эдийн засаг, цэрэг-техникийн болон бусад дэмжлэг, тусламжид тулгуурлан батлан хамгаалах хүч чадлыг нэмэгдүүлэх, Ардын армийг өргөтгөн зохион байгуулах бодлогыг шаргуу хэрэгжүүлж байснаараа онцлогтой.

Энэхүү нөхцөл, байдалд Зэвсэгт хүчиндээ "Алдарт 13 дугаар газрынхан” хэмээн хүндлэгдсэн чухал нэгжийг удирдаж, гар, сэтгэл нэгдсэн хамт олныхоо хүчээр өндөр идэвх зүтгэл гарган, өдөр, шөнө, хээр хөдөөг ялгалгүй нойр, хоолгүй зүтгэж явсны хүчинд Зэвсэгт хүчний тайван цагийн үндсэн гол хөдөлмөр нь цэргийн сургалт бэлтгэл гэдгийг хэн бүхний "мах, цусанд нь шингээж чадсан” түүхэн гавьяа өнөөдөр ч чухал ач холбогдолтой хэвээр байна. Тус газрын хамт олны идэвх, чармайлтын үр дүнд олон арван команд штабын хээрийн сургууль, команд штабын сургууль, байлдааны буудлагатай болон буудлагагүй тактикийн хээрийн сургууль, төрөл мэргэжлийн ангиудын байлдааны буудлага, хээрийн гаралт, полигоны дадлагууд жинхэнэ утгаар явагдаж, шинэ үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн цэргийн сургалт бэлтгэлийн шинэ тогтолцоог бүрдүүлж, сургалтын шинэ стандарт боловсруулж, амжилттай хэрэгжүүлэх эхлэл бүрэн тавигдсан гэж дүгнэж болох юм. Түүнчлэн байлдааны бэлтгэл сургалтын агуулга, удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэлт, хяналт, шалгалтын тогтолцоо бүрэн шинэчлэгдэж, сургалтын чанар, материаллаг баазад тавих шаардлага улам өндөр болсноор чанарын эргэлт гарсан он жилүүд байсныг үнэлэх хүмүүс олон билээ. Тэр л үед манай Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн ажлыг БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цог, дараа нь БХЯ-ны Байлдааны бэлтгэл эрхэлсэн орлогч сайд дэслэгч генерал Ж.Ёндон гуай удирдан, чиглүүлж, байнгын зөвлөмж, зөвлөгөө өгч, тэдний хатуу шаардлагын доор нягт удирдаж ирснийг Моломжамц генерал маань байнга дурсан ярьдагсан.

Энд нэг зүйлийг тодруулахад, Моломжамц генералтай уулзаж, яриа өрнүүлэх бүртээ өөрийнх нь хийсэн, бүтээсэн ажлын тухай дэлгэрүүлж асуух тоолонд байнга л хамт олноо, удирдаж явсан сайд, дарга нараа, өөрийн удирдлагад байсан алан тушаалтнуудынхаа л тухай бахархал дүүрэн өгүүлэх юм билээ. Тэрээр "Хүн ганцаараа бол сурч болно, харин аливаа ажил, амжилт бүрийг хамт олны хүчээр л хийдэг юм даа” гэдгийг байнга зөвлөж билээ. Буурал генерал маань томилогдсон албан тушаал бүртээ шинээр суралцаж, хамт олныг байнга түшин ажиллаж ирснээ бахархал дүүрэн ярих агаад тэрбээр цэргийн бүх шатны сургуулийг "Онцсайн” дүнтэйгээр төгссөн төдийгүй, өөрийн эх орон, Батлан хамгаалах салбартаа өнөөдөр ч өртэй хүн хэмээн өөрийгөө тооцож явдаг жинхэнэ цэргийн хүү, "ясны” цэргийн дарга, "чадварлаг” цэргийн удирдагч, өндөр ур чадвартай цэргийн багш, байнгын зөвлөх-цэргийн өвөө юм билээ.

Ийнхүү Батлан хамгаалах яаманд ажил, мэргэжлээрээ онцгой ялгарч, бусдыгаа үлгэрлэн манлайлж ирсэн түүнийг "олон удаагийн нарийн шүүлтүүр”, шалгуураар тэнцүүлэн 1982 оноос тухайн үеийн МАХН-ын Төв хороонд Захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгчээр, улмаар түүний зохион байгуулах авьяас, ур чадвар, ажлын амжилтыг нь өндрөөр үнэлж, тус хэлтсийн даргын өндөр хариуцлагатай албанд томилон ажиллуулсан юм. Тэр үед Намын Төв хороонд ажиллах шалгуур хатуу, цаашид ахиж дэвших боломж нь "өөрийгөө бүрэн нээж чадсан цаг”-т л нээлттэй болдог тийм чухал сорилтын он жилүүд байсан ч цэргийн бүхий л шатны боловсролыг төвөггүйхэн эзэмшсэн, цэргийн удирдах дээд байгууллагад хэлтэс, газрын даргаар үр бүтээлтэй ажиллаж, туршлага хуримтлуулсны ачаар дээрх нэн хариуцлагатай албыг чадварлаг хашиж ирснийг мэдэх хүн цөөнгүй юм билээ. Энэ нь түүний Намын Төв хороонд 7 жил ажилласны таван жилд нь хэлтсийн даргын өндөр албыг хашсанаар улам бүр тодорч байгааг эрхэм уншигч та анзаарах биз ээ.

Энэхүү Төв хорооны Захиргааны байгууллагын хэлтэс нь Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоол, шийдвэр, даалгаврын биелэлтийг шалгах, дүгнэх, улс орныг батлан хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зарчмын чиглэлүүдийг боловсруулах, зохион байгуулалтын бүтэц ба батлан хамгаалах хэрэгцээнд зориулах хөрөнгө оруулалтыг тодорхойлох, хүчний байгууллагуудын харилцан ажиллагааг нэгтгэх эрх, үүргийг хүлээсэн томоохон аппарат байсан юм.

Энэ үед Л.Моломжамц генерал маань тухайн үеийн МАХН-ын XVII, XX, Онц их хурлын төлөөлөгч, МАХН-ын Төв хорооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүн, Ардын их хурлын депутат, Ардан их хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилласан нь ч түүний хөдөлмөр, зүтгэлийн үр дүнгийн нэгээхэн хэсэг байсныг түүх гэрчлэх бөлгөө. Нөгөө талаар энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглээд байгаа манай төр, цэргийн нэрт зүтгэлтэн, улсын баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал даргатай хамгийн ойр ажилласан хүн гэдгээр нь ч манай цэргийнхэн маань "Мо” генералыг ихэд хүндэтгэдэг юм.

Нийтлэлийн баатар маань манай орны түүхийн нэн хариуцлагатай цаг үед буюу 1989-1990 онд Батлан хамгаалах яамны сайдын албанд томилогдон ажилласныг хэн бүхэн мэдэх билээ. Тодруулбал, манай орны хувьд нийгэм, улс төрийн амьдралд ихээхэн донсолгоо, хөдөлгөөн бүхий түүхийн хамгийн ээдрээ, зөрчилтэй, аливаа эрсдэл гарч болзошгүй эмзэг цаг үе байсан юм.

Монголын нийгэмд олныг хамарсан олон сөрөг хөдөлгөөнүүд газар авч, янз бүрийн уриалга гаргаж, цэргийн анги, салбаруудаар ч ухуулга, сурталчилгааны ажлыг өргөнөөр явуулж, улс орны аюулгүй байдалд нөлөөлж ч болохуйц байсан тийм л түүхэн үед Моломжамц генерал БХЯ-ыг удирдаж, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, цэргийн алба хаагчдыг аливаа намчирхах үзлээс ангид байлгах, аль нэг талыг баримтлан хагаралдахаас болгоомжлох, асуудалд хүлээц, нухацтай хандах, үнэн бодит мэдээллийг олзворлох, цагийн байдлыг зөв үнэлэх, учирч болзошгүй эрсдэл, шахалт, дарамтаас урьдчилан сэргийлэх гээд цаг наргүй, өндөр ачаалалтай ажиллаж ирснийг гэрчлэх баримтууд олонсон. Энэхүү тухайн үеийн нийгэм, улс төрийн амьдралын тогтворгүй байдал нь БХЯ, төрийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагаанд цочир нөлөө үзүүлж, янз бүрийн хүндрэл гарч байсан ч манай армийн бие бүрэлдэхүүн ихээхэн хүлээцтэй хандсан нь сайд Л.Моломжамцын аливаа асуудалд нухацтай, өөрийн байр сууринаас ханддаг зарчимч байдал, удирдан зохион байгуулах чадвартай нь шууд холбоотой байсан юм. Ингэхдээ БХЯ, Ардын армийн Жанжин штаб, цэргийн бүх шатны удирдлагыг нэгдмэл удирдлагаар бүрэн хангах, бие бүрэлдэхүүний сонор сэрэмж, сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, тэдний сэтгэл санааны тогтвортой байдлыг хангах бүх талын арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн юм. Тэрээр үнэн бодит байдлыг мэдрэхийн тулд ардчилсан хөдөлгөөнийг удирдагч, зохицуулагч нарыг биечлэн хүлээн авч уулзах, санал, бодлоо солилцох, офицер, ахлагч нарт албаны үүргээс гаднах иргэний эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлэх талаар санаачлагатай ажилласны дээр өөрийн тушаалаар ардчиллын үйл хэрэгт хүчин зүтгэж буй Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, У.Хүрэлсүх, М.Сономпил нарын офицеруудыг цэргийн албанаас чөлөөлж, ардчилсан хөдөлгөөнд оролцох боломжийг нь бүрдүүлж байсныг архивын лавлагаа гэрчилж байна.

Ийм байдлаар Монгол Улсад тайван замаар ардчилсан хувьсгал ялах үйл хэрэгт тухайн үеийн БХЯ-ыг толгойлж байсан дэслэгч генерал Л.Моломжамцын оруулсан хувь нэмэр их бөгөөд түүнийг "Баатрын гавьяатай генерал” хэмээн хүндлэхэд хүргэсэн юм.

Дэслэгч генерал Л.Моломжамц сайд маань 1990 оны наймдугаар сард өөрийн хүсэлтээр цэргийн албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн бөгөөд тэрээр "Би тэр үед армиа бүхэл бүтнээр нь, ямар нэгэн нүгэл хийлгүйгээр хүлээлгэж өгсөндөө олзуурхаж, бахархаж явдаг юм” хэмээн дурссан байдаг.

Харин тэрээр, гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч 1990-1993 онд БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтнаар, 1993-1996 онд ЦИС-ийн оперативын факультeтын даргаар, мөн 1996 оноос БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар олон жил үр бүтээл гарган ажилласан билээ.

Эрхэм генерал Л.Моломжамцад БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 176 дугаар тогтоолоор хошууч генерал, 1989 оны 234 дүгээр тогтоолоор дэслэгч генерал цол хүртээсэн юм.

Түүнчлэн Моломжамц генерал маань өдгөө Шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүндэт доктор, БХИС-ийн профессор, "Инженерийн цэргийн холбоо” ТББ-ын "Хүндэт ерөнхийлөгч”, Нүүдлийн соёл иргэншлийн академийн билгүүн номч, академич, Дэлхийн энхийн профессоруудын академийн Монголын салбарын энхийн элчин сайд зэрэг эрхэм хүндтэй алдар, цолыг хүртсэн нэгэн гэдгийг тодруулахыг зорьсон юм.

Эрхэм генерал маань "Миний насан туршийн амьдралын түшиг тулгуур минь байж, цаг наргүй сурах, ажиллах үеийн арын албыг өндөр ачаалалтайгаар залгуулж явсан хайрт хань Аюушийн Гэрэлчулуундаа болон хамт ажиллаж, алба хашиж явсан дарга нар, найз нөхөд, бие бүрэлдэхүүндээ цаг ямагт баярлаж, бахархаж явдаг” хэмээснийг уншигч танд сонордуулж буйдаа баярлаж сууна.

Түүний тухай "Инженерийн цэргийн холбоо”-ны тэргүүн, чөлөөнд байгаа дэд хурандаа Д.Ариунболд "Хүний төлөө гэсэн нинжин сэтгэлтэй, хийсэн бүтээснээрээ баатрын энтэй цэргийн хүү, төр, түмний бахархал, хүндэтгэлийг хүлээсэн буурал генерал даа” хэмээн товчхон тодорхойлсон нь нэгийг өгүүлэх биз ээ.

Ийнхүү сурсан, мэдсэн, хийсэн, бүтээсэн бүхнээрээ бусдыгаа цаг ямагт байлдан дагуулсан бахархам гавьяат үйлсийн эзнээр тодорч, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний түүхэнд тодоос тод мөнхийн орон зайг эзэлсэн, инженерийн цэргийн "угшилтай” буурал генералын амьдрал, ажил, үйлсийн талаар товчхон өгүүлэхэд ийм бөлгөө.

Буурал генералдаа эрүүл энх байж, урт удаан насалж, сайн үйлс бүхэн тань дэлгэрч явахын ерөөл, буяныг өргөн дэвшүүлье.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх