МАН-ын 90 минутын бичлэгийг олон улсын төвшинд шалгуулна гэв

С.САРУУЛ

УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын удирдлагуудтай холбоотойгоор цацагдаад байгаа   90 минутын бичлэгийг нотлох баримтуудын хамт холбогдох хууль хяналтын байгууллагуудад буюу Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Ц.Элбэгдорж болон Улсын Дээд, Шүүх,  ЦЕГ, АТГ, УЕП, ТЕГ-ын дарга нарт хандахаар шийдвэрлэжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "МАН-ынхан төрийн эрхийг сонгуулиар хууль бусаар авах төлөвлөгөө бүхий бичлэгийн асуудал нэг талаараа хэдхэн хүний яриа боловч нөгөө талаасаа Монгол Улсын төрийн эрхийг барьж байгаа улстөрийн том хүчний удирдлагуудын хамгийн увайгүй үйлдлүүдийг нэгийг нь илчилж байна. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Ц.Элбэгдоржид Монгол Улсын тусгаар тогтгол үндэсний аюулгүй байдал, иргэдийн тайван амгалан амьдрахад маш ноцтой заналхийлж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор Үндсэний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагууддаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, арга хэмжээ авахыг хүссэн бичиг  хүргүүлж байна.  

Мөн  ТЕГ, АТГ, УЕП, ЦЕГ-ын дарга нарт  МАН-ын дарга болон нэр бүхий гишүүд гадаадын байгууллагад Монголын стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг амлах, төрийн албыг худалдах замаар мөнгө босгосон, угаасан, төрийн эрх мэдлийг  хууль бусаар авсан байж болзошгүй маш ноцтой гэмт хэргийн нотлох баримтыг албан ёсоор хүргүүлж  байгаа. Түүнчлэн Дээд Шүүхэд гомдол гаргалаа. Учир нь 90 минутын бичлэгт МАН нь төрийн сонгуульд цэрэгжсэн зохион байгуулалттайгаар орж ялах тухай яриа нотлох баримтаар бичигдсэн байна. Энэ нь Улс төрийн намуудын тухай хуулийн Монгол Улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг хүч түрэмгийлэх, цэрэгжсэн фашист намын хэлбэрт шилжсэн гэж үзсэн учраас хянаж, шийдвэр гаргаж олон нийтэд мэдээлэхийг хүссэн. Монгол Улсын дотоодын шүүх шинжилгээний байгууллага тогтоохоос гадна Олон Улсын шүүх шинжилгээний байгууллагын холбоо зэрэг байгууллагуудаар бид шалгуулж, дүгнэлт гаргуулах ёстой. Учир нь 90 минутын бичлэг дотор Олон Улсын маш олон том компаниудын нэр хүндтэй холбоотой асуудал байгаа. Тухайлбал, Facebook, Twitter, viber, whatsapp, wechat гэх мэт мэдээллийн технологийн том компаниудын технологид халдах, хувь хүний нууцад халдах, хакердах тухай яриа байгаа. Тиймээс 90 минутын бичлэгийг олон улсын төвшинд шалгуулна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх