Г.Батдорж: Их, дээд сургууль төгсдөг 40 орчим мянган хүнээс 20 хүрэхгүй хувь нь л ажлын байртай болдог

 

Г.Батдорж: Их, дээд сургууль төгсдөг 40 орчим мянган хүнээс 20 хүрэхгүй хувь нь л ажлын байртай болдог

 

 

"Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян орон даяар үргэлжилж байна. Бид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдоржийг урьж ярилцлаа.


-Энэ жилийн тухайд их өвөрмөц ажлыг эхлүүллээ. Ялангуяа төгсөх ангийн сурагчид үүнд таатай хандаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ аяныг ямар зорилгоор эхлүүлсэн юм бэ. Ер нь үр дүнг нь яаж харж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 10-ны өдрүүдэд "Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулж байна. Залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн хугацаанд залуучуудад тулгамдаж байгаа асуудлыг судлахад хамгийн нэгдүгээрт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал өндөр түвшинд байна. Дараа нь эрүүл мэндийн асуудал, мөн боловсролын чанарын асуудал байсан. Залуучууд яагаад хөдөлмөр эрхлэхгүй байна вэ гэхээр бизнес эрхлэгчид, ажил олгогч эздээс дээд сургууль төгсөн гарч ирж байгаа залуучуудын хувь хүний ур чадварын асуудал маш бага түвшинд байна. Энэ юутай холбоотойг судалж үзэхэд мэргэжил сонголт буруу байгаа юм. Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийтдээ 37 мянган сурагч ЕБС төгсөнө. Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ЭЕШ-ын бүртгэл хаагдсан. Нийтдээ 40500 сурагч шалгалтад орохоор бүртгүүлсэн. Ер нь бол өмнө нь энэ аяны талаар дандаа төрийн бус байгууллагууд, хувь хүн, лекторууд яриа хийдэг байсан бол энэ жил Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирээдүйдээ итгэлтэй, мэргэжлээ зөв сонгосон, ажил төрөлдөө хичээл зүтгэлтэй залуусыг бэлтгэх үүднээс энэ аяныг бид зохиож байгаа юм.  

-Аян эхлэхээс өмнө судалгаа хийсэн байх. Хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй ямар мэргэжил байна вэ. Сүүлийн үед хүмүүс эмч, багш, хуульч гэсэн мэргэжил рүү хошуурч сурах болсон. Магадгүй нөгөө талд нь эрэлттэй ямар мэргэжлийн жагсаалт харагдсан бол?

-Монгол Улсын хэмжээнд 100 гаруй их, дээд сургууль байна. Төгсөгчид нь МСҮТ, их, дээд сургууль, коллежид нийтдээ 170 орчим мянган оюутан жилдээ суралцаад явж байна. Үүнээс жилд 40 орчим мянган оюутан төгсөж гараад, яг 8-9 мянга нь л ажилд ордог. Бусад нь дээд сургууль төгссөн ажилгүйчүүд, их сургууль төгссөн банкны хамгаалагч, зөөгч, таксины жолооч, дэлгүүрийн худалдагч болж байна. Өнгөрсөн онд нийтдээ 37200 төгсөгч дээд сургууль төгссөн. Үүний 80 орчим хувь нь зөвхөн нийгмийн ухааны чиглэлээр төгссөн. Нөгөө хэлээд байгаа багш, орчуулагч, түүх аялал жуулчлал, хуульч, эдийн засагч гээд. Инженер техникийн чиглэлээр маш цөөхөн хүн төгссөн. Гэтэл энэ улс оронд хамгийн их илүүдэлтэй байгаа мэргэжил бол нийгмийн салбарын мэргэжлүүд байна. Харин хамгийн их эрэлттэй байгаа мэргэжил бол авто зам, барилга, уул уурхай, геологи, гедерлоги, усны нөөц, эмнэлзүйтэй холбоотой мэргэжлүүд байх жишээний. Энэ чиглэлээр төгсдөг оюутнууд багасч байна. Тиймээс эдгээр мэргэжлийг таниулах, сурталчлах үүднээс ажиллаж байгаа.

-Энэ харьцаа алдагдаад маш олон жил болж байна. Миний мэдэхийн л 10 жилийг ардаа орхиж. Энэ яагаад өөрчлөгдөхгүй байна вэ. Та юу гэж харж байна?

-Энэ бүхэн мэргэжил сонголттой л холбоотой. Төгсөх ангийн сурагчдаас ямар мэргэжлээр сурах вэ гэсэн асуултад 15н мэргэжлийн дотор л хариулт хэлж байна. Энэ нь арван жилийн өмнөх байдал. Харин одоо бол 7-8 мэргэжил нэрлэх жишээний. Гэтэл дэлхий дээр бүртгэлтэй 7000 гаруй мэргэжил байна. Монгол Улсад бүртгэлтэй 500 орчмоос үндсэндээ бүртгэлтэй 216 мэргэжил байгаа. Үүнийг хүүхдүүд мэдэхгүй байна. Барууны орнуудад бол яг энэ мэргэжил сонголтын талаар ангийн багш, эцэг эхчүүд, сургуулийн нийгмийн ажилтан нь зургаадугаар ангиас нь хойш зөвлөөд тэр чиглэлийнх нь дугуйланд хамруулж явдаг. Харин манайд бол жилийн жилд хавар болонгуут л лекторууд, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс мэргэжил сонголтын талаар ярихдаа хүсэл мөрөөдөлдөө хүр, Жак Ма шиг бай, Дональд Трамп шиг бай, Стив Жобс шиг, Билл Гейтс шиг бай гээд дандаа хийсвэр юм яриад байдаг. Гэтэл яг мэргэжлийн үүднээсээ Монгол Улсад хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил нь энэ байна. Ирээдүйд хэрэгцээтэй 20 мэргэжил нь энэ байна. Ирээдүйд энэ ажил мэргэжил үгүй болно. Энэ ажил мэргэжил өсөлттэй болно гэдэг талаар ямар ч зөвлөгөө мэдээлэл байдаггүй. Энэ нь төгсөгчдийг төөрөлдүүлэх тохиолдол байдаг. Цаашдаа бид энэхүү "Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулахдаа 10, 11, 12-р ангийн сурагчдын хамруулж зохион байгуулна. Нийт төгсөгчдийн 80 гаруй хувь зөвхөн нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг. Иймээс дээд боловсролтой жолооч, манаач, цэвэрлэгчийн тоо өссөөр байна.

-Та яриандаа хамгийн эрэлттэй 10 мэргэжил, ирээдүйд эрэлттэй байх 20 мэргэжил гээд хэллээ шүү дээ. Энэ талаар тодруулж яриач. Мэргэжлүүдийн жагсаалтыг дурдаж болох юм?

-Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, Тамгын газар, агентлагуудаар дамжуулан судалгаа авсан. Үүнээс хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтад:
1.    Авто замын барилга
2.     Бага ангийн багш
3.     СӨБ олгох багш
4.     Байгалийн ухааны чиглэлийн багш
5.    Геологи
6.    Гедерлоги
7.    Тедрамеханикийн инженер
8.    Усны нөөцийн инженер
9.    Уул  уурхай ашиглалтын технологийн инженер
10. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер
11. Малын эмч
12. Мэдээллийн системийн ажилтан
13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн мэргэжилтэн
14. Сантехник инженерийн байгууламжийн инженер
15. Сэргээгдэх эрчим хүчний инженер
16. Нано инженерчлэл
17. Биотехнологи
18. Цөмийн эрчим хүч
19. Онош зүй
20. Эмнэлзүйн шинжлэх ухааны судлал гээд дандаа нарийн мэргэжилтнүүд хэрэгтэй байна.
Гэтэл манайхан дандаа нийгмийн ухааны чиглэл руу яваад байна. Өнөөдрийн байдлаар хамгийн өндөр цалинтай мэргэжлүүдийн жагсаалт гарсан. Энэ аяны хүрээнд бид цахим орчинд хүүхэд багачуудад зориулан мэдээлэл түгээж байгаа. Жагсаалтаас танилцуулахад Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр цалинтай мэргэжлээр:
1.    Архитектор
2.    Гоо сайхны мэс засалч
3.    Хүнд даацын автомашины жолооч
4.    Зоогийн газрын ахлах тогооч
5.    Барилгын инженер
6.    Зам гүүрийн инженер
7.    Өмгөөлөгч
8.    Маркетингийн менежер
Эдгээр мэргэжил хамгийн өндөр цалинтай байна. Гэхдээ зөвхөн өнөөдрийн түвшинд. Магадгүй ойрын 4 жилд өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл дэлхийн зах зээл, эдийн засаг, нийгмийн байдал өөрчлөгдөж байна.  Ер нь бид энэхүү аянаараа төгсөх ангийн сурагчдад юуг ойлгуулах гээд байна гэхээр заавал их, дээд сургууль төгсөх гэхээсээ илүү тусгай мэргэжлийн өндөр цалинтай ажил байдаг юм шүү. Үүнийг эзэмшсэнээр бас ажлын байр баталгаатай, хангамж баталгаатай байдаг шүү гэдгийг таниулан сурталчлахыг хичээн ажиллаж байна.

-Аяны мэдээлэл өгөөд явж байхад хүүхэд залуучууд та нарын ажлыг яаж хүлээж авч байна?

-Яг энэ мэргэжил сонголтын үед Монголын эцэг эхчүүд бидний судласнаар их зөв хандлагатай байна. Сурагчид аав, ээжээ би ямар мэргэжил эзэмших вэ гэхээр миний хүү өөрийнхөө хүсэл, мөрөөдлөөр чадна гэсэн мэргэжлээ эзэмш. Аав, ээж хоёр нь заавал ийм тийм бол гэж хэлэхгүй гэдэг болж. Ихэнх эцэг, эхчүүд ийм хандлагатай байна. Нөгөө талдаа хүүхдүүд маань мэргэжил сонголт хийхдээ ЭЕШ-ын онооны дүнд тулгуурлаж сонголт хийх хандлага их байна. Хоёрдугаарт тухайн сургуулийн болон мэргэжлийн нэр хүндэд тулгуурлаж сонголт хийх хандлага байна. Гуравдугаарт, улсын сургуульд л орж байвал ямар ч мэргэжил эзэмшсэн яах вэ гэсэн хандлага байгаа учир үүнийг өөрчлөх чиглэл дээр ажиллаж байна. Эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ талаар сайн судлаагүй тохиолдлууд, сэтгэлийн хөөрлөөр хандах байдал их байна. Үүнийг бид өөрчлөх талаар судалгаа хийж ажиллаж байна. Энэ ажил дээр Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс мэргэшсэн зөвлөхүүд тухайн дүүрэг бүрийн сурагчдад ямар нэгэн үнэ төлбөргүйгээр зөвлөгөө үзүүлж байна.

эх сурвалж: mnb.mn 

 
 
 
 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх