С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй бичих эмч нарын тоог нэмэгдүүллээ

"Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд В, С, Дельта вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх ээлжит сургалт өнөөдөр ЭМЯ дээр болж, нийслэлийн 9 дүүрэг, 4 тосгоны 15 эрүүл мэндийн байгууллагаас 23 эмчийг хамруулж, эмч нарт сертификат олголоо.

Тус сургалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын зорилт, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-д тусгагдсан "Элэг бүтэн Монгол”, "Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд та бүхний үүрэг маш чухал юм.

"Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатитийн С вирусийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулж чадах юм.

Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварыг илрүүлэх, вирусийн ачаалал тоолох шинжилгээнд энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39  насны иргэдийг В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, хепатитийн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтад эмчилнэ. 65-аас дээш насны иргэд өөрөө хүсвэл өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө бүртгэлд хамрагдаад оношилгоо, эмчилгээнд хамрагдаж болно.

Дээрх үйл ажиллагаа үе шаттайгаар 2017-2020 онд хэрэгжинэ гэдгийг цохон тэмдэглэв.

Хавдар судлалын үндэсний төвийн 2016 оны статистик мэдээллээс авч үзэхэд элэгний хорт хавдраар нас барж буй хүмүүсийн 50 орчим хувь нь 40-65 насныхан байгаа юм.

Дэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. ДЭМБ-тай хамтран хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байгаа ба үүний тал хувь нь С вирусийн архаг халдвартай, тал нь В вирусийн архаг халдвартай амьдарч байна.

Дашрамд дуулгахад хепатитийн С вирүсийг эмчлэх 5 нэрийн эмийг улсын бүртгэлд бүртгэн, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнийн жороор олгох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эм тус бүрийг нэг сарын 210.000 төгрөг, гурван сарын нэг курс эмчилгээний нийт 630.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх