Монголбанкийг “дампууруулсан” Н.Золжаргалыг Австралиас авч ирэх үү?!

 

Монголбанк, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, хохирлыг барагдуулах ёстой гэж Ажлын хэсэг үзэж байна- 

Өнгөрсөн сарын 24-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулсан нь одоог хүртэл асуудал дагуулсан хэвээр байна. Учир нь, тус банк 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь шалгалтаар тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд нэг их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Шалтгаан нь хүүгийн алдагдал 524 тэрбум төгрөг, своп, порвард хэлцэл байгуулснаар 1.7 их наяд төгрөгийн алдагдал, гадаад валютын арилжааны алдагдал 462 тэрбум төгрөг болсон учраас өдгөө эдийн засаг ийнхүү шалдаа унах болсон шалтгаан нь энэ аж.
Хамгийн гол нь дээрх гурван их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдэг нь одоо асуулт болон үлдэж байна. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн 2012 онд АН засгийн эрхийг барьж байхдаа Монголбанктай хамтран шийдвэр гаргаж, "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар гурван их наяд төгрөг зарцуулж байсан түүхтэй. Тухайлбал,
1.Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум,
2. Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум,
3.Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум
4. Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум
5. Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болсон юм. Хэдийгээр өмнөх засгийн газрынхан үнэ тогворжуулах хөтөлбөр хэмээн нэрийдэж байсан ч нидэр дээрээ төгрөгийн ханшийг 1.8 хувиар сулруулсан, аж ахуйн нэгжүүдэд ялгаварлаж зээл олгосон, их хэмжээний мөнгө шамшигдуулсан, хадгаламжид мөнгө хийж мөнгө хүүлэх ажиллагаа явуулсан, санхүүгийн үйлчилгээ авсан, хувь хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн гээд маш олон ноцтой зөрчлүүд ил боллоо.

Сайдаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна

Тэгвэл одоо энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ингээд энэ талаар ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас асуухад "Монголбанкны алдагдал гурван их наяд хүрсэн. Одоо тэгэхээр тус банкны алдагдлыг хэрхэн барагдуулах, алдагдал үүсгэсэн хүмүүст ямар хариуцлага тооцох асуудалд тогтоолын төсөл чиглэгдсэн. Түүнчлэн тус банкинд Шилэн дансны хууль хэрэгждэггүй. Эрдэнэсийн сангийн эд зүйлсийг хууль бусаар тараасан учраас хуулийн байгууллагаар шалгуулахыг хүсч байна. Монголбанкны захирал асан Н.Золжаргал хууль бус үйл ажиллагаа их явуулсны учраас Монголбанкийг алдагдалд оруулсан учраас түүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Төрийг хохиролгүй болгох арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээсэн юм.
Ямартай ч Монголбанкны захирал асан Н.Золжаргал өмнөх Засгийн газартай хамтран эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, 45 аж ахуйн нэгжид зах зээлийн хүүнээс бага хүүгээр зээл олгосон, зээл авсан аж ахуйн нэгжүүд нь авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан нь яалт ч үгүй ноцтой зөрчил юм.
Тэгвэл хариуцлага хүлээлгэх гээд буй Н.Золжаргал нь өдгөө Австрали улсад байгаа бөгөөд түүнийг интерполоор эрэн сурвалжлах нь цаг хугацааны асуудал болчихоод буй юм. Хэрвээ УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн холбогдох баримт, материалыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өгвөл Н.Золжаргал тайлбараа өгөх нь гарцаагүй. Мэдээж энэ асуудалд ганц Н.Золжаргал ч бус үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, нийт 127.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон тухайн үеийн ҮХАА-н сайд асан Х.Баттулга, "Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн заалтууд, "Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” хөтөлбөрийн заалтууд, Монголбанкны Ерөнхийлөгч, ҮХАА-н сайдын 2012 оны А-166/А/24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн 4.4, 4.11 дахь заалтуудыг зөрчиж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулж, хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломж олгосон тухайн үеийн БХБ-ын сайд асан Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд асан М.Сономпил нарыг хууль хяналтын байгууллага шалгахад хүрэх юм. Засгийн газар, Монголбанк дангаараа 2013 онд Үнэ тогтворжуулах төслийн хөрөнгийн хэмжээ, ямар салбарт хэчнээн хэмжээний хөрөнгө оруулах зэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгө УИХ-ын хяналтаас гадуур зарцуулсан нь өнөөдрийн гурван их наяд төгрөгийн асуудал юм. Тэгэхээр Төв банкны эрх мэдлийг атгаж байсан Н.Золжаргалыг Австрали улсаас авчрах уу гэдэг асуултыг үлдээе?

Эх сурвалж:


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *