Х.БАТТУЛГА: 2016 ОНД МАН-Д МАДЛАГДСАН АРД ТҮМЭН ОДОО ГОРЫГ НЬ АМСАЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга сонгуулийн сурталчилгааны ажлынхаа хүрээнд зүүн гурав, говийн бүсийн дөрвөн аймгийг тойроод ирсэн билээ. Нэр дэвшигч нийслэлд ирсэн даруйдаа Налайх дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Налайх дүүргийн Ардчилсан намын дарга н.Дашхүү тэргүүтэй хүмүүс оролцлоо. Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулгын хэлсэн үгийг онцолъё.

Х.Баттулга:Халтмаа овогтой Баттулга миний бие 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, зургадугаар сарын 6-нд хууль ёсны дагуу сурталчилгааныхаа ажлаа Эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгаас эхлүүлж, долоон аймгаар тойроод ирлээ. Өнөөдөр харин Налайх дүүргийн ард иргэд сонгогчид, уурхайчин ажилчид та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа Налайх дүүргийн намын нөхөддөө баярлалаа. Налайх руу уулзалт хийхээр явж байгааг минь сонсоод Мэргэжлийн сүмогийн дээд зиндаад барилдаж байсан манай сүмодын нэг Цэвэгням ярьсан. 20-иод жил дэлхий даяар Налайхаар овоглож явсан сүмоч маань та бүхэнд надаар дамжуулж тусгайлан мэнд хүргэсэн юм шүү.

Түүх яривал Налайх хот 100-аад жилийн үүх түүхтэй. 1922 оноос эхлэх энэ түүх ирэх 2022 онд 100 жилтэйгээ золгоно. 100 жилийн босгон дээр Налайх хот шинэ бүтэц, зохион байгуулалттай шинэ зууны, шинэлэг хот болох ёстой. Тийм боломж бололцоо бүгд бий. Яагаад гэвэл, 2012-2016 онд Ардчилсан нам засаглаж байхдаа олон шинэ зүйл сэдэж эхлүүлсний нэг нь Налайх хотод бий болгох барилгын материалын аж үйлдвэрийн парк байсан. Энэ паркийн ажилд зориулж 150 га газар өгч, эхний ээлжийн дэд бүтцийн хөрөнгө мөнгийг шийдэж өгсөн. Харамсалтай нь, одоо энэ ажлыг гацааж, зогсоосон байна. МАН аливаа юмыг гацааж зогсоохдоо гаргуун болжээ. Би яагаад 2022 оны тухай яриад байна гэхээр наана нь 2020 оны сонгууль болно. 2016 онд буюу өнгөрсөн их хурлын сонгуулиар МАН-д мадлагдсан Монголын ард түмэн одоо горыг нь амсаж байна. Тиймдээ ч 2020 оны сонгуульд Ардчилсан намд санал өгнө гэж итгэж байна. Налайхчууд 100 жилийн ой налайхчуудын хувьд шинэ эхлэл байх ёстой. Бид үүний төлөө л маш том барилгын материал үйлдвэрлэлийн парк байгуулахыг зорьсон. Харамсалтай нь, гацаалаа, царцаалаа.

Ер нь, барилгын материал үйлдвэрлэлийн парк тэргүүтэй бусад төсөл хөтөлбөрүүдийг зүгээр сууж байгаад хийчихдэг зүйл биш. Миний бие ҮХАА-н сайд байхдаа аж үйлдвэрийн парк, үйлдвэрүүдийг хаана, хэрхэн байгуулах тухай зураг төсөл, төлөвлөгөөг чадварлаг монгол залуус, эрдэмтдийнхээ хамт, маш их судалгаа шинжилгээний дүнд суурилж хийж гүйцэтгэсэн юм. Улаанбаатар хотоос 40-хөн км зайд оршдог, автозам, төмөрзамд холбогдсон, дэд бүтцийн хөгжил сайтай, цахилгаан станц, ус, усан хангамж, цэвэр бохирын шийдэл бүхий аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой, ажилчдын хот яагаад дагуул хот болон хөгжиж болохгүй гэж. Яагаад үйлдвэржиж болохгүй гэж. 100 жилд яагаад хөгжиж дэвжсэнгүй вэ. Хөгжүүлье гэсэн нэгний санал санаачлагыг яагаад гацаагаад байгаа юм. Угтаа Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн парк дангаараа налайхчуудыг тэжээж бүтээн байгуулалт. Цаашлаад барилгын материал үйлдвэрлэлийн парк байгуулагдчихвал импортын 60-70 хувийг дангаараа хангах, асар олон ажлын байр бий болгох төсөл. Гэтэл өнөөдөр энэ ажил зогсчээ.

Түүнчлэн, миний бие ЗТБХБ-ын сайд байхдаа Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын зураг төслийг гаргаж, гардаж хийж байсан. 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан энэ ажил 2018 он хүртэл хойшлогдож байх шиг байна. Угтаа бид нэг сая жуулчин хүлээж авах хүчин чадал, нөөц бололцоотой. Дөнгөж хотоос холгүй Горхи, Тэрэлж гээд өчнөөн сайхан байгалийн үзэсгэлэгт газрууд байна. Монголчууд бидэнд юу л байна онгон дагшин байгаль л байна. Гэтэл яагаад өнөөдөр 400 мянга хүрэхгүй жуулчин аваад байна вэ.

Налайх хот анх байгуулагдаж байхдаа шилний үйлдвэр, бусад аж ахуй гээд өчнөөн л юмтай байсан. 1992 онд Налайхын уурхайд осол гарах хүртэл Налайх хот Улаанбаатар хотын тулганы гал болж байсан. Өнөөдөр налайхчууд маань гар аргаар цооног ухаж, амь насаа эрсдүүлэн байж гүний уурхай руу орж байна. Амьдрахын тулд, хоолтой хонохын тулд ийм л зүйл рүү орж. Энэ байдал удахгүй өөрчлөгдөнө гэж би хувьдаа итгэж, бодож явдаг.

Өнөөдөр энэ индрээс гэрэл гэгээтэй, цог золбоотой үг хэлж чадахгүй нь. Учир юу вэ гэвэл эх орны маань өнөөгийн байдал ямар байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Монгол Улсын эдийн засаг нэг улсаас хэт хараат болсон нь хэн хүний нүдний өмнө ил байна. Монголоос гарч буй бүх түүхий эд, байгалийн баялаг нэг л газар очдог. Дандаа түүхийгээрээ. Боловсруулдаггүй, бүтээгдэхүүн болгодоггүй, нэмүү өртөг шингээдэггүй ийм эдийн засагтай болжээ. Энэ бол монголчууд бид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсаны шинж. Хувь хүн, аж ахуй нэгж ялгаагүй банкинд, банк бус санхүүгийн байгууллагад, ломбарданд, дэлгүүр хоршоонд гээд өргүй хүн алга.

"Монгол ялна” гэх уриатайгаар нэр дэвшихтай зэрэг хүмүүс даапаалж асууна л даа. "Баттулга аа, Монгол ялна гээд чи хэнтэй байлдах гээд байгаа юм” гэж. Угтаа, би өнөөдөр алдагдсан эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авахын төлөө байлдах гээд байгаа юм, зөв үү. Энэ уриа лоозонгоо би ганцаараа бодож олоогүй, журмын нөхөдтэйгөө, намынхантайгаа ярьж тохирсны үндсэн дээр баталсан. Энэ бол бидний нийтлэг эрх ашигтай холбоотой асуудал. Тийм ч учраас би Монгол ялна, монголчууд ялна гээд байгаа хэрэг. Эдийн засгийн тусгаар тогтнолоо аврахын төлөө, монгол хүн монгол газар шороон дээрээ дэлхийн үнэлэмжтэйгээр амьдрах тэр сайхан цагийг авчирахын төлөө би Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.

Ганцхан жишээ хэлье, МАН-ынхан 2016 оны сонгуульд ялахын тулд Ардчилсан нам 1.5 тэрбум ам.долларын өр шир тавьсан, монгол хүн бүр төчнөөн төгрөгний өртэй боллоо гэж ярьж, зүтгэсээр санал авсан. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бол 8000 орчим аж ахуй нэгжид хуваарьлагдсан, хүү багатай бизнесийн зээл байсан. Энэ мөнгөнөөс одоо УИХ-д сууж байгаа, сайд болсон МАН-ын гишүүн ч авсан. Бид нар зарчим ярьж, зарчмаа дээдэлдгээрээ аавын хүүг алагчлаад яахав гээд өгсөн. Номтойбаяр, Гарамжав гээд бүгдэд нь ягалгүй өгсөн. Хэнийг нь ч МАН-ын гишүүн гэж нүд үзүүрлээгүй, адилхан монгол хүн гэж үзсэний үндсэн дээр өгсөн. Энэ л бидний барьдаг зарчим. Гэтэл өнөөдөр Монгол Улс таван тэрбум ам.долларын өртэй болж. Ганцхан жилийн дотор шүү. Энэ өрийг МАН-ын Засгийн газар дангаар тавьсан. БНХАУ-аас нэг тэрбум, Энэтхэгээс нэг тэрбум, ОХУ-аас нэг тэрбум, Японоос 800 сая ам.доллар, ОУВС-гаас 480 сая ам.доллар гэхчлэн зээлсэн. Анзаарсан бол эдний дундаас нэг нь их хуудуутай зээл. БНХАУ-аас авч буй зээлийн 95 хувь буюу 950 сая ам.долларыг Хятад талаас тулгах байдлаар өгч байгаа. Ийм төсөл, хөтөлбөр хэрэгжүүлбэл, тийм ч зам тавьбал өгнө гэсэн. Тэгээд үүнийг нь зөвшөөрөх юм бол хятад ажилчид ажиллана гэж байгаа. Одоогийн Ерөнхий сайд маань энэ саналыг хүлээн зөвшөөрч ээ. Ард түмэн нь ажилгүй, ядуу байхад ийм шийдэлд хүрч. Баялаг нь байв ч, боломж нь байв ч төрсөн газар орондоо ажилгүй, орлогогүй байхын гашуун зовлонг хамгийн сайн мэдэх хүмүүс бол налайхчууд та нар. Тиймээс 100 жил болсон эл байдлаа өөрчлөхийн төлөө хамтдаа ялцгаая, монголчууд аа.

Уулзалтын үеэр иргэд, сонгогчдоос ирсэн санал сэтгэгдэлийг онцоллоо.

С.Батболд: Үндэсний үзэл санаа, сэтгэлгээний хувьсгалыг гол болгонд сайшаалтай байна

Налайх дүүргийн иргэн

-1990 онд бид Ардчилсан хувьсгал хийхийн зэрэгцээ сэтгэлгээний өөрчлөлт хийсэн. Гэвч сэтгэлгээний өөрчлөлтөө өнөөдрийг хүртэл цэгцтэй, үе шаттайгаар явуулж чадаагүй юм. Манай эрдэмтэд хүний эрх, эрх чөлөөг гэдэг асуудлыг түлхүү ярьж байсан. Харин үндэсний ухамсрыг сэргээх, үндэсний үзэл санааг монгол төрийн бодлогын үндэс болгох асуудлыг огт яриагүй. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч мөрийн хөтөлбөртөө энэ талаар тусгаагүй. Харин Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт энэ талаар тусгасан байгааг уншаад би олзуурхаж байна. Монголчуудын шинэ үеийн хүчирхэгжилтийн эхлэл нь соёл сэтгэлгээний орчин юм. Соёл, сэтгэлгээний орчин бүрдэж байж улс төрийн, нийгмийн, эдийн засгийн орчин бүрддэг. Үүний эхний алхмуудыг Х.Баттулга хувь хүнийхээ болон улстөрчийнхөө хувьд ч хийж чадсан. Ийм л эх оронч, үндэсний сэтгэлгээтэй хүн юм. Тиймээс эх оронч Ерөнхийлөгчөө сонгоцгооё гэж уриалж байна.

Заватхан: Өнөөдөр бид Налайхад бус Амар вангийн хошуунд амьдарч байна

Налайх дүүргийн IV хорооны иргэн

-Энэ "наадам”-д эгэл амьдралаас босч ирсэн хүн яагаад түрүүлж болдоггүй юм. Монголын анхны Олимпийн аваргыг төрүүлсэн хүн энэ сонгуульд түрүүлэх ёстой. Өнөөдөр бид Налайх дүүрэгт амьдраад байна уу, Амар вангийн хошуунд амьдраад байна уу гэдгээ ойлгохоо болилоо. Энэ хүнийг сонгуульд ялуулж чадахгүй бол Налайхаас нүүх үү, үлдэх үү дээрээ л тулах болчихоод байна. Х.Баттулга нэр дэвшигчийг ялуулж байж бид Налайхдаа амьдрахаар болчихож. Өнөөдрөөс эхэлж би таныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэж дуудъя. Бүрэн эрхт Элчин сайдуудыг Ерөнхийлөгч томилдог. Хэрвээ та Ерөнхийлөгч болбол Монголын 30 мянган хүүхдийн хувь заяагаар тоглосон Ё.Отгонбаяр гэдэг хүнийг эргүүлэн татаарай. Америкт Элчин сайд болсон шүү.

 

эх сурвалж: battulga.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх