“Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө эх оронч Баттулга ялна”

 

“Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө эх оронч Баттулга ялна”

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын Улаанбаатар хот дахь сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар паласт боллоо.

Их эзэн Чингис хааныхаа өлгий нутгаас сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлж, эх орноо нар зөв тойрсоор найман аймаг, хоёр дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаад ирсэн нэр дэвшигч Х.Баттулгын Улаанбаатар хот дахь сонгуулийн сурталчилгааны нээлт амжилттай болж өндөрлөлөө. Нийслэлийн дүүрэг, хороо бүрээс ирсэн 5000 гаруй хүн "Улаанбаатар” паласын гадаа талбай, концертын их танхимыг дүүргэсэн эл нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, яруу найрагч Т.Галсан, П.Бадарч тэргүүтэй улс төр, урлаг соёлын төлөөллүүд оролцлоо. Мөн нэр дэвшигчийн том охин Баттулгын Намуун оролцож аавыг нь дэмжиж байгаа сонгогч түмэн, кампанит ажлыг нь амжилттай зохион байгуулж байгаа журмын нөхдөд нь талархал илэрхийллээ.

Нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ "Энэ удаагийн сонгууль монголчуудын хувь заяа хаашаа эргэхийг шийдэх чухал сонгууль болно. Ард түмний өмч болсон асар их ашигт малтмалын нөөц, орд газруудаа 30-хан гэр бүлийн мэдэлд өгөх үү гурван сая ард түмэндээ авч үлдэх үү гэх асуулттай тулгараад байна. Та бүхэн миний туулсан замыг мэднэ. Өнөөдөр бид хувь хүнээр бус, хууль журмаар зохицуулагддаг засаг төртэй байхын төлөө, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс ялан дийлсэн Монголыг бүтээхийн төлөө хариуцлагатай сонголтын өмнө тулж ирээд байна. Миний бие Ардчилсан намынхаа 180 мянга гаруй гишүүний дэмжлэг, журмын нөхдийнхөө сонголтоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Монгол ялна” гэх уриатай итгэл төгс нэр дэвшиж байна. "Монгол ялна” гэхээр "Баттулга аа, чи хэнтэй байлдах гээд байгаа юм” гэж хүмүүс асууж, даапаалж байна. Монгол Улс тусгаар улс мөн л юм бол эх орондоо эзэн шиг эзэн байж, хүн шиг амьдрах боломж нөхцөл бүрдсэн байх ёстой. Иймийн тулд эдийн засгийн хувьд тусгаар тогтнох зүй ёсны шаардлага тулгараад байна. Өдгөө Монгол Улс эдийн засгийн хувьд урд хөршөөсөө 96 хувийн хамааралтай болж. Түүнчлэн, өр зээлийн хэмжээ үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдахуйц хэмжээнд хүрчээ. Эрх баригч нам ганцхан жил засаглах хугацаандаа таван тэрбум орчим ам.долларын зээл авахаар тохиролцоонд хүрээд, эхнээс нь авч байгаа мэдээлэл гарч байна. Би Монгол Улсыг эдийн засгийн хувьд бусдаас хэт хараат байдалд оруулахгүйн төлөөх бодлого ялахыг  "Монгол ялна” гэж үзэж байна. Монголчууд бусдад түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус, өөрсдөө үйлдвэрлэдэг, өөрсдөө баялаг бүтээдэг, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг байхыг Монгол ялна гэж үзэж байна” гэв.

Мөн нээлтийн ажиллагаанд үг хэлсэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Төрийн албыг бүхэлд нь арилжиж худалдсан эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах аваас улстөрийн тэнцвэр алдагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ганцхан намын эрх ашгаар хөдлөх боломж бүрдэнэ. Энэ тэнцлийг хадгалж, хамгаалахын тулд бид эх оронч Ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй. Хуучин нийгмийн үе шиг ганцхан намын гарт бүхий л эрх дархыг өгсөн бурангуй нийгмийг хэн ч хүсэхгүй байгаа нь лавтай. Монголын ард түмэн ухаалаг, эх оронч сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд бодлогын өрсөлдөөнийг чухалчилж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан бөгөөд нээлтийн ажиллагаанд оролцсон иргэд, сонгогчид шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломж бололцоо дүүрэн мөрийн хөтөлбөр болсон тухай хэлж байв. Тиймдээ ч "Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө эх оронч Баттулга ялна” гэх хүн цөөнгүй байв.

Нээлтийн ажиллагааны индэрт гарч үг хэлсэн олны дундаас эрхгүй анхаарал татсан хүн бол нэр дэвшигч Х.Баттулгын охин Б.Намуун байв. Тэрээр "Аав минь эгэл боргил амьдралаас өөрийн хүчээр өндийн босч өдий хүрсэн нэгэн. Зах зээлийн ороо бусгаа үед хүн бүр хоолтой хонохын төлөө хөлс хүчээ урсгаж байсан. Гэхдээ Ардчилал хүн бүхэнд адил тэгш боломж олгосон. Аав минь энэ л цаг үед илүү алсыг харсан нүүдэл хийж, боломжоо бүрэн ашиглаж зоригтой хөдөлсний учир өдгөө үйлдвэрлэгч, ажил олгогч, бүтээн байгуулагч, эх оронч хэмээн хүндлэгдэж яваа болов уу. Охин үр нь болохын хувьд аавынхаа алсыг харсан холч ухаан, эх орон элгэн олноо гэсэн хоёргүй сэтгэлийг нь биширч, бахдаж явдаг” хэмээсэн юм.

Ийнхүү эх орны зүрхэн тушаа Хэнтий нутгаас эхэлсэн сонгуулийн сурталчилгааны ажил улсын нийслэл Улаанбаатар хотод албан ёсоор эхэллээ. Нээлтийн ажиллагаа өндөрлөхөд эх оронч Х.Баттулгыг дэмжсэн иргэд, сонгогчид "Улаанбаатар” паласын их танхимд уухайн дуу хадааж, "Монгол ялна, монголчууд ялна” хэмээн эх оронч Ерөнхийлөгчөө дэмжиж байв.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб.

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *