“Будда”-г тайзнаа амилуулах уран бүтээлчид Энэтхэг явж судалгаа хийнэ

 

УДЭТ өнгөрсөн 2015 оныг дэлхийн сонгодог бүтээлийн нэг, Шекспирийн "Ромео, Жульетта хоёр” жүжгийг үзэгчдэдээ толилуулсан. Тоглолт бүхэн нь үзэгчдээр байсан "Ромео, Жульетта хоёр”-ын дараа 2016 онд бурхан багшийн түүхийг тайзнаа амилуулахаар шийджээ. Урьдчилсан байдлаар жүжгийн нэрийг "Будда” хэмээн өгчээ. Уран бүтээлчдийн тухайд судалгаан дээрээ сайн ажиллаж байгааг УДЭТ-ын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу хэллээ. Жүжгийн зохиолыг зохиолч, яруу найрагч Битогтохын Цогнэмэх бичиж байгаа бөгөөд төрийн шагналт Намнангийн Наранбаатар найруулах аж. Жүжгийн шашны зөвлөхөөр Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлчдийг бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн газруудад очиж үзэхийг зөвлөсөн байна. Тэргүүн хамба зөвлөхдөө "Буддагийн сургаал номлолын мөн чанарыг таньж мэдэх улмаар түүнийгээ уран бүтээлийн хэлээр гаргаж ирэхийн тулд сонсох, уншихаас гадна 2500 жилийн тэртээ мэндэлсэн Энэтхэгийн ард түмний суут хүү Сиддхарта Готамагийн, бурханы хутагийг олж гэгээрсэн тэр газруудаар явж судалгаа хийж, өөрсдийн нүдээр танилцах нь чухал” гэсэн байна. Энэ дагуу УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, зохиолч, найруулагч, зураачаа дагуулан Энэтхэг улсыг зорих гэж байна.

Бурхан багшийн тухай тайзны бүтээл хийх зардал нэлээд өндөр гарахаар байгаа нь орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах гэж буйтай нь холбоотой гэдгийг УДЭТ-ын захирал онцолж байна. Өмнө нь тайзнаа тавьж байсан бүтээлүүдэд төдийлөн ашиглаж байгаагүй аргуудыг ашиглахаар зэхсэн байна.

Зохиолч, яруу найрагч Б.Цогнэмэх өмнө нь Модун Шаньюугийн түүхийг өгүүлсэн "Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолыг бичсэн уран бүтээлч. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулагчийн бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн хүн. Зураач Ганхуягийн тухайд энэ цагт театрын тайзнаа тавигдаж байгаа ихэнх жүжгэн дээр ажиллаж байгаа уран бүтээлч. Уран бүтээлчдийн энэ баг "Будда”-г яаж амилуулах бол гэдгийг үзэгчид хүлээж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх