Бэлгэдлийн ҮЗХ-г ээлжит бусаар үнэгүйдүүлнэ

Бэлгэдлийн ҮЗХ-г ээлжит бусаар үнэгүйдүүлнэ

Б.ХАЛИУН

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 20-ны 17:00 цагт хуралдуулах тухай намын даргынх нь тушаал өнгөрсөн долоо хоногт гарсан. Өнөөдөр хийхээр товлосон ҮЗХ-ны 46 дугаар хуралдаан нь ээлжит бус гэсэн тодотголтой. Ээлжит бусаар хэлэлцэх асуудлын талаар хэвлэлд бичсэн болон албаны эх сурвалжаас тодруулсан мэдээллээр намын дотоод журам болон нэр дэвших хүсэлтээ гаргасан хүмүүсийн асуудлыг хэлэлцэх бололтой. АН-ын дарга З.Энхболд нэгэнтээ ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг ямар нэг фракц, татвар харгалзахгүйгээр нэр дэвшүүлнэ хэмээн мэдэгдчихсэн. Үүнийгээ мэдээж АНфракцигүй нам боллоо хэмээн зарласантайгаа хамаатуулан хэлсэн биз. Гэхдээ фракцгүй боллоо гэдэг нь гадна талдаа гоё харагдахын тулд З.Энхболдын хэлсэн үг. Тэгээд ч З.Энхболд Н.Алтанхуяг шиг фракцуудынхаа хооронд тал алдахгүй эвийг нь олоод ажиллаад байж чадахгүй учраас шуудхан алх цохиод л фракцуудаа татан буулгаснаа зарласан нэрээр хүний өөрийн хүмүүсийнхээ амыг хаах гэсэн л арга төдий юм. Түүнээс биш АН дотооддоо фракц бүлэглэлээр асуудлаа шийддэг тогтолцоо нь хэвээрээ. Үүнийг сая болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох үеэр анзаарч болохоор байлаа. Нэр дэвшигчдийг хэний хүн бэ аль фракцийн төлөөлөл вэ гэдгийг ганц хэвлэлийнхэн ч биш АН-ын томчууд ч ярьж л байсан. Тиймээс З.Энхболдын хэлсэн шиг фракц хамаарахгүйгээр нэр дэвшигчээ тодруулах зарчмыг энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар нэг мөр болгоод шийдчихнэ гэдэг юу л бол. Тэгээд ч АН-ын ҮЗХ-нд Н.Алтанхуягийн "Алтангадас”-тай бие сэтгэлээрээ холбоотой хүний тоо бусад фракцаас хамаагүй илүү жин дарж байгаа гэсэн.

Монгол Улсын Их хурал 76 суудалтай. Хүсэлтэй хүний тоо түүнээс хэд дахин олон. УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын сонгууль нэг өдөр явах тул хүсэлтэй хүмүүсээ эрэмблээд шат шатанд өрсөлдүүлэхээр зохицууллаа ч фракциудын тохироогүйгээр явна гэдэг хэцүү тул ээлжит бусаас ихийг хүлээгээд хэрэггүй гэх хүн олон байна.

Тэгээд ч АН-ын дарга З.Энхболдыг хэдийнэ тойргоо хуваачихсан гэх хардлага байдаг. Өнгөрсөн жил АН-ын дарга 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮЗХ-ны гишүүдтэй биечлэн уулзах зар тараасан. Тэр дагуу нэлээд олон хүн уулзсан гэдэг. Ингэж уулзахдаа "Чиний нэр энэ судалгаанд алга. Чи дэвшихгүй. Танай аймгаас УИХ-ын гишүүнд чинь амлачихсан байгаа. Чи бол яваад гарахгүй. Чи бол өмнө нь дэвшээд унаж байсан” гэх зэргээр амыг нь таглаад гаргачихсан гэдэг юм. Тиймээс энэ удаа ҮЗХ-гоор сонгуульд нэр дэвших тухай ярих шаардлага ч бага байгаа гэх юм билээ.

Түүнээс гадна АН-аас сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүст "шавар хаах” нэг асуудал гарч ирж буй. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд болсон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ярьсан ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудал. Нэгэнт Гүйцэтгэх зөвлөлөөр ярьсан тул энэ удаа ҮЗХ-ны ээлжит бус хурлын хэлэлцэх асуудлын дараалалд багтаахаас аргагүй. Нэгэнт энэ асуудлыг хэлэлцвэл тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны хэдэн хувьд оруулах, УИХ-д нэр дэвших квотыг яаж хуваарилах талаар ярилцаж шийдэх хэрэгтэй болно.

Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулж намын дотоод асуудлыг шийдэх талаар үе үе шаарддаг. Гэвч ҮЗХ хуралдана гэдэг үнэндээ бэрх. Гол нь түүнийг хуралдуулахгүй байх сонирхол дарга нарт нь давамгайлдаг.

Уг нь намынхаа дүрэмд бичсэнээр бол намын удирдах дээд байгууллага нь Ардчилсан Намын Их хурал. Их хурлын чөлөөт цагт ажиллах төлөөллийн төв байгууллага нь Үндэсний зөвлөлдөх хороо. ҮЗХ-ны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангах намын гүйцэтгэх удирдлагын төв байгууллага нь Гүйцэтгэх зөвлөл хэмээн заасан бий. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228 байна. Үүнээс 50-иас доошгүй суудал нь эмэгтэй гишүүдэд ногдоно. Жил бүр дотоод сонгуулийн хорооноос тогтоосон квотоор, тогтсон хугацаанд ҮЗХ-ны гишүүний эргэлтэнд хамрагдах (ротаци) сонгууль явуулна. ҮЗХ-г жилд хоёроос доошгүй удаа хуралдуулна гэсэн заалттай. Гэвч З.Энхболд намын дарга болсноос хойш анх удаа л ҮЗХ-гоо хуралдуулах гэж байна. Өнгөрсөн намар танхимд нь сэлгээ хийж МАН-ын сайдуудыг хөөж явуулсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ҮЗХ-гоо хуралдуулахыг удирдлагуудаасаа шаардсан ч хүчрээгүй. Гол нь намын дарга хэн байх ёстой вэ гэдэг асуудлаар ҮЗХ-гоо хуралдуулахыг шаардсан учраас намын одоогийн даргад огт таалагдаагүй биз. Юутай ч асуудал тэгсхийгээд намжсан. Асуудал шийдэх эрхийг ҮЗХ Гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлсэн гэдгээр бүх зүйлийг нам дарж олонхиор биш цөөнхийн хүрээнд буюу Их хурлын гишүүд голдуу нөхдүүдийн дунд яриа хөөрөө өрнөөд л дуусдаг болсон. Тиймээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нээлттэй захидал хаяглан АН хэдхэн хүний хувийн компани болж байгааг шүүмжилж энэ бүх ужгирсан асуудлыг шийдэх гол гарц нь намдаа "их цэвэрлэгээ” хийх хэмээн бичсэн. Гишүүдийнх нь дунд чамгүй өргөн хүрээтэй мэтгэлцээн өрнүүлээд амжсан уг захидалтай холбоотойгоор АН ондоо багтаад Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах сураг ч дуулдаж байсан ч тэгсхийгээд замхарсан. Тиймээс энэ удаагийн ҮЗХ-гоор Р.Амаржаргалын шүүмжлэлийн тухай ч ярих л ёстой хэмээн жирийн гишүүд нь үзэж буй юм билээ.

Гэхдээ энэ хурлаас ихийг хүлээх хэрэггүй. ҮЗХ-г чадамжгүй, гишүүдийг нь сулхан байлгах сонирхол манай дарга нарт байгаа учраас энэ удаагийн хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж ҮЗХ-г улам бүр бэлгэдлийн болгохоор зэхэж байгаа гэсэн яриа ч яваа юм билээ. Үүнийг байж болох л хувилбар төдийгүй ҮЗХ-д хэний хүмүүс илүү байгаа вэ гэдгээр тоглоомын дүрмийг өөрчилж мэдэх учраас үүнээс сэрэмжилж ямар нэг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин" 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх