Тансаг үнэртэн бүтээж, хүүхэлдэй урлах дуртай зөнч бүсгүй

Г.Ундрам

Үдэш бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж чаддаг нэвтрүүлгүүдийн нэг нь Оросын ТНТ телевизийн "Зөн билгийн тулаан”. Хэдийгээр энэ шоуны 16 дахь нь өндөрлөж ялагчаа тодруулчихсан ч манайд одоогоор 15 дахь нь монгол орчуулгатайгаар үзэгчдэд хүрч байгаа. NTV телевизээр ажлын өдөр бүрийн үдэш гарч буй шоу нэвтрүүлэгт одоогоор таван оролцогч үлдээд байгаа. Нэг нэвтрүүлгийг хоёроос гурав болгон хувааж урт удаан хугацаанд үзэгчдийнхээ тоог өндөр хэмжээнд барих гэсэн телевизийн бодлоготой холбоотойгоор үлдсэн оролцогчдоос чухам хэн нь ялагч болох вэ гэдгийг мэдээгүй хүн цөөн биш байх. Тиймээс "Зөн билгийн тулаан”-ы 15 дахь ялагчийн тухай танилцуулахаар бэлтгэлээ. Хамгийн сүүлийн шат хүртэл Жулия Ванг, Татьяна Ларина хоёр хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан бөгөөд үзэгчдийн саналаар Ванг түрүүлсэн. Харин Катя эмээ буюу Екатерина Борисова гуравт, Арсений Караджа дөрөвт оржээ.

 

Жулия Ванг. Бараг хоёр метр өндөр нуруутай, гадаад төрх, ганган хээнцэр байдал, биеэ авч яваагаараа бусдаасаа эрс ялгардаг Жулиягийн далдыг харах авьяас хар багаас нь илэрсэн гэдэг. Өөрийгөө хүн биш шулам хэмээн тодотгодог тэрбээр өнгөрсөн амьдралынхаа тухай тун ихийг санадаг бөгөөд ойролцоогоор 150 жилийн хугацаанд чухам юу үзэж туулснаа ярьж чадах аж.

Жулиягийн албан ёсны намтар дээр бол түүнийг 1981 оны аравдугаар сарын 29-нд Латвийн Рига хотод төрсөн хэмээн бичсэн байгаа. Мөн жүжигчин, загвар өмсөгч, дуучин, яруу найрагч, гэрэл зурагчин гэхчилэн тодотгол ч олонтой. Тэр хэзээ ч өөрийнхөө жинхэнэ нэрийг хэлдэггүй. Жулия Ванг бол мэдээж зохиомол нэр.

15 дахь шоуны оролцогчдоос өвөрмөц байдлаараа бүр анхнаасаа л ялгарч чадсан Жулия үл итгэгчдийг ч алмайруулах үйлдэл олныг хийсэн. Гэвч түүний зөн билгийн авьяас чадварт итгэхийг хүсээгүй хүмүүс Жулия бол "Зөн билгийн тулаан”-ы продюсер Ульяна Семеновагийн "бүтээл” хэмээж байсан юм. Тэдний үзэж буйгаар "есөн шид” нь бүрдсэн ийм хүн байх учиргүй бололтой.

Жулия багаасаа л бусад хүүхдээс огт өөр нэгэн байсныг ээж нь ярьдаг. Тэр эцэггүй өссөн. Ээж, эмээ хоёр нь охиныг хүн болгосон бөгөөд төрөхөөсөө л өвөрмөц нэгэн байсан гэдэг. Ой дөнгөж өнгөрч байхдаа л хүмүүсийн ирээдүйн амьдралыг ярьж өгч бусдыг гайхашруулж орхидог байсныг ээж нь дурсчээ. Жулияг багад тэднийх цэргийн ангид амьдардаг байхад бяцхан охин бүтэн рот цэргийг өөртэйгөө дуртайяа тоглуулж чаддаг байжээ. Тэр зураг зурах дуртай. Гэхдээ бүсад хүүхдийн адил цэцэг навч, ээж аавыгаа ч юм уу байшин сав, гол горхи зурахгүй. Харин сансар огторгуй, сахиусан тэнгэрийг зурна. Нарыг л гэхэд улаан шар өнгөөр биш тас хараар, хүнийг олон гартайгаар зурдаг байж. Жулия их эрт бүр сургуульд ч ороогүй байхдаа уншиж сурсан. Тэгээд баруун Европ, Скандинавын уран зохиолоос гүн ухааны сэдэвтэйг нь түүж уншдаг, бас долоон настайгаасаа л буг чөтгөр, диваажин, тамын орон, амьдрал, үхэл, сүнс, хүсэл тачаалын тухай шүлэг бичиж эхлэхэд гэрийнхэн нь үнэндээ яах учраа олохоо больсон гэдэг. Бас тэр энергийн чулуу цуглуулж, урлагт шунан дурлаж, загварын ертөнц рүү тэмүүлж нэг үгээр насандаа ахадсан олон зүйлийг хийж амжуулдаг байжээ. Ном уншиж, шүлэг, хөгжим бичиж, загвар зохиож, үнэртэн бүтээж, телевизийн бичлэгт оролцох гээд санаанд багтахгүй олон ажлыг тэр зэрэг зэрэг хийж чаддаг. Ингэхдээ боловсролдоо тун ч их анхаарсан. Барууны нэртэй их дээд сургуульд хэрэгтэй гэсэн боловсролоо эзэмшиж чадсан байна.

Жулия Ванг Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг дуургэсэн. Түүнд мөн Лондонгийн Хатан хааны академийн урлагийн салбарын диплом бий. Нэг биш, гэрэл зурагчин, загвар зохион бүтээгч, хэв маяг тодорхойлогч гэсэн гурван мэргэжлийг зэрэг эзэмшсэнийг илтгэх. Жулия жүжигчнийхээ хувьд чадвараа сорьсон хэд хэдэн бүтээлтэй. Тэрбээр ТНТ телевизийн хошин урлагийн "Хамгийн сайн кино-2” төсөлд оролцож, "Өдрийн манаа” кинонд цус сорогчийн дүрд хувирчээ. Телевизийн цувралд тоглож, тулаантай кинонд ч дүр бүтээгээд амжсан. Бас тэр чамгүй авьяаслаг гэрэл зурагчин. Гэрэл зурагчнаар бүтэн долоон жил ажиллахдаа "Рenthouse”, "МAXIM”, "Moulin Rouge” болон "Ангел-А” хамтлаг, жүжигчин Константин Крюков, Сергей Губанов нартай хамтарч байжээ.

Загварын ертөнцөд ч тэр шинэ хүн биш. Гоё сайхан хувцас өмсч загварын тайзнаа алхах, сэтгүүлд зургаа авахуулах, сурталчилгаанд тоглох бол түүний өдөр тутмын ажлынх нь нэг хэсэг. Дэлхийд нэртэй загвар зохион бүтээгч Версаче, Карл Лагерфельд, Нина Риччи, Валентин Юдашкины шоунд Жулия байнга оролцдог, түүнийг бүгд урьдаг. Жулия мөн өөрийн гэсэн загварыг бүтээж, урласан даашинзуудаараа загварын шоу ч хийж байсан.

Тансаг үнэртэн зохион бүтээх, хүүхэлдэй урлах нь мөн л түүний хообий. Жулия үнэртний чиглэлээр франц боловсролтой нэгэн.

Цаг завгүй энэ олон ажлынхаа хажуугаар бүсгүй өөрийнхөө зөн билгийн авьяасыг хөгжүүлж, далд увдисынхаа хүчийг үзэхээр шийджээ. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахад Жулияд Эдди Эрикссоны "Дао Хаос” гэж ном тун ч ихээр нөлөөлсөн хэмээн найз нар нь ярьдаг.

Сүүлийн жилүүдэд Жулия Ригад ээж бас хайртай муужгайтайгаа хамт амьдарч байгаа. "Зөн билгийн тулаан”-д оролцохоор ирэхээсээ өмнө бүсгүй буяны арга хэмжээнд оролцож, загварын шоунд оролцон, клип, кинонд тоглох, рок хамтлагтайгаа клубт дуулах, сэтгүүлд зургаа авахуулах гэхчилэн нэг үгээр өнөө л завгүй амьдралын хэмнэлтэйгээ л байсан. Тэрбээр өөрийгөө дэлхийн оддын дундах "Шинэ нар” хэмээн нэрлэдэг. Хэн ч атаархам гоолиг бие хаа, сахиусан тэнгэрийнх шиг зүс царай, хэнийг ч татах гайхалтай дуу хоолой гээд нэгэн биед олдохоор чадвар нь яг угтаа бол өөрийнх нь биш. Өөр ертөнцийн сүнс түүний биеийг түр ашиглаж байгаа л хэрэг хэмээдэг бөгөөд тийм учраас л өөрийгөө хүн биш шулам гэж тодорхойлдог аж.

Тэгээд ч шулам гэдгээ батлах мэт нэвтрүүлгийн даалгавар бүрт түүнд чадахгүй зүйл гэж үгүй. Хэн нэгний тухай, ямар нэг үйл явдлын талаар эгээ л дэргэд нь байсан аятай дүрслэн өгүүлэх нь үзэгчдийг гайхашруулсаар. Жулия шоунаас хойш зөн билэгтнийхээ хувьд маш их алдаршсан. Орост төдийгүй өөр бусад газраас ч түүнтэй уулзах хүсэлтүүд ирсээр байдаг гэнэ. Гэхдээ бүсгүй урьдын л адил завгүй хэвээрээ. Тэрбээр "Зөн билгийн мөрдлөг” нэвтрүүлэгт оролцож, илрэхгүй удсан хэргийн араас явсан гэсэн. Хувийн амьдралын хувьд тэр тун сонин бодолтой. Ханьтай болж үр хүүхэд төрүүлэхийг хүсдэггүй. Энэ бол миний амьдрал биш хэмээн эрс шулуухан хэлдэг нь ч янзаараа. Румынд байдаг цус сорогч Дракулагийн цайзыг өөрийн болгох мөрөөдлөөсөө хэдийд ч буцахгүй гэнэ.
Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин" 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх