МЗЭ-ийн нэрэмжит шагналт яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлгүүдээс уншигчдадаа толилуулж байна.

МЗЭ-ийн нэрэмжит шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгийн "Сэтгэл зүрхний үзэгдлүүд” ном 2014 онд уншигчдад хүрсэн билээ. Цахим хуудас болон гар утасны дуудлага дахь уялга шүлэгсийн чуулган хэмээх тодотголтой энэхүү бүтээлд нь орсон шүлгүүдээс уншигчдадаа толилуулж байна.

 

 

МЗЭ-ийн нэрэмжит шагналт яруу найрагч Г.Мөнхцэцэг

 

Сүмбүм

Бие биедээ шивнэж хэлдэг

Битүү нандин нууцлаг цадиг

Бишрэлтэй, ялгуун сайхан болохыг

Бичиглэн хэмээн сүслэн

Хэн тааламжлан үзэглэх бол хожмоо

Сүнс сүлдийг баясгасан

Сүмбэр хайрын минь хувь дууллыг

Сүүлд хэний үр олж үзээд

Сүм бүм сэтгэлийн үр гэх бол.

11.09/11

Гэгээнтэн үгүй хорвоо

 

Бийрлэн бичихийн

Билигт хүмүүн мину

Бидний явдал судар тул

Баринтагт нандинаар зузаарна

Нууцын номыг дүүргэсэн

Эгэлгүй тийм гэгээнтэн

Энэхэн замбуу тивд үгүй тул

Нүүрэмгүй, цээргүй булт олонд

Нүдэнд нь орсон өргөс мэт санагдана бидэн

Дандаа гадуурхагдахын зовлонг нь

Дараагийн төрөлдөө ч тэд эс ухна.

08.10/17

 

Амьдрал сайхан

 

Шүүрс инээд зэрэг алдан

Шүлгээ бичиж л суунам

Зун цагийн явдал

Зураг болж үзэгднэм

Дүүрэн шаргал намар дүрс болж гүйнэм

Бүрэнхийн санамж сэдрээд

Бүр ч байж яднам

Арааны шүлс асгарна

Амьдрал үргэлж сайхан даа

07.08/20

 

Хан Баянзүрхийн хормойд

 

Тэнгэр дүүрэн нисдэг зул

Газар дүүрэн маанийн ерөөл

Тэвэр дүүрэн алтан буудай

Гарын атга дүүрэн ганга өвс

Арвай буудай мэт

Маанийн ерөөл үржиг ээ

Ариун ганга өвс мэт

Түм буман зул урган гэрэлтэг ээ.

10.19/10

 

Хүүхнүүдэд талархая

 

Уйдах зав үлдээлгүй

Урваж одсон он цаг

Урт тусмаа мэхийнэм

Уян сэтгэлээ зөөллөнөм

Ууж идчихээд урваж одсон

Урт дурын хүүхэн бүхэнд

Чамайг минь надад үлдээсэнд талархнам

Цангаагаа тайлж туйлчихаад

Цамцан цаана сэтгэлийг

тань оноогүйд баярланам.

07.02/13

 

 

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх