АТГ дээр яамдын албан тушаалтнуудтай хийсэн уулзалтуудаар юу яригдав

Г.УЯНГА

Монгол Улс авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болоод арван нэгэн жил, энэ байгууллага нь өмнөө барих үндэсний шинэ хөтөлбөртэй болоод ердөө нэг оныг үдэх гэж буй юм. Нэг үгээр үйл ажиллагаа нь мөрдөж шалгадаг, хорьж цагддаг бусад газраас юугаараа ялгаатай байхыг нь цаасан дээр буулгаад хийх ажлыг нь, хүрэх зорилтыг нь бүрэн төгс бус ч тодорхойлоод өгсөн.

УИХ-аар баталсан Үндэсний хөтөлбөрийн амин сүнс нь авлигад хэрэгдсэн, хүнд сурталд боомилогдсон төрийн үйлчилгээнээс татгалздаг болох үзлийг олон нийтэд төлөвшүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх юм. Үүний тулд онол ярьж, олон нийтийг авлига гэж мангаагаар айлган сүрдүүлэх биш амьдралд нийцсэн, монгол хөрсөнд бодитой буух бодлогоор авлигатай тэмцэх хэмээн АТГ-ын удирдлагууд зорилгоо тодорхойлж байсан. Энэ зорилгынхоо дагуу тус газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг гарган өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн яам агентлагуудад ажиллуулжээ. Ажлын хэсгийнхэн 2015-2017 оны хооронд төрийн байгууллагууд Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хэр анхаарч ажилласныг шалгахын хамт төрийн албан хаагчдын санаатай болон санамсаргүйгээр мөн хуулийн мэдлэг хомсоос үүдэн авлигын хууль тогтоомж зөрчихөөс сэргийлэх зорилготой ажилласан байна. АТГ-ынхнаас гадна Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газраас төлөөлөл багтсан уг ажлын хэсгийнхний хийсэн шалгалтын талаар олон нийтэд дуулдахаар хэвлэлд дэлгэрэнгүй нийтэлсэн зүйл хомс. АТГ-аас хийсэн шалгалтынхаа тайланг шалгалт хийсэн салбарынхантай хамт суугаад хэлэлцүүлдэг журам ч бий аж. Гэхдээ энэ тухайгаа албаны цахим хуудсандаа мэдээлэл оруулах төдийхнөөр сурталчилснаас нь тоймлон хүргэж байна.

Авлигын хэрэгт заавал хохирол шаардахгүй

Яам, агентлагуудад хийсэн шалгалтын өмнө Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал "Энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол гээд хүлээлгэх ял шийтгэлийг нь заагаад өгчихсөн. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь заавал тодорхой хохирол шаардахгүй гэсэн үг. Тэгэхээр төрийн албан хаагчдыг авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бид энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд ямар түвшинд байгааг үзэж харах нь бидний хоёр дахь зорилго. Бид бусдын мууг үзэх гэж, эсвэл ажил хийсэн болж нийгэмд харагдах гэсэндээ энэ ажлыг хийж буй юм биш.

Бид авлигатай тэмцэх ажлыг иргэд, олон нийтийн хяналтад өгөх бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд салбар бүрт Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүд хяналт тавьж ажиллах боломжийг бүрдүүлсэн” хэмээн Ажлын хэсгийн үүрэг зорилтын талаар танилцуулж байсан. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд яам, агентлагт ажилласан тайлан, дүн мэдээндээ үндэслэн Засгийн газарт зөвлөмж өгөхөөр бэлтгэж байгаа юм байна.

 БХЯ-ны зарласан тендерт нэр бүхий цөөн компани байнга ялдаг

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан ажлын хэсгийн тайланд албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлснийг дурджээ. Тухайлбал, 2015 оноос хойшхи үйл ажиллагаанд тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компани байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс АТГ-ын дарга Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт илэрсэн зарим зөрчил, дутагдлыг гүнзгийрүүлэн шалгах чиглэлээр хоёр ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэсэн төдийгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь нэн яаралтай оруулахыг үүрэг болгосноор тус яамны үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжтой болж буй аж.

"Зам тээврийн салбарт хуулиас давсан журам үйлчлээд байна”

Зам тээврийн хөгжлийн яам, түүний агентлагуудын 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцахад төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр есөн хүн томилсон нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд буюу тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргах үүргээ биелүүлээгүй, мөн салбарын хэмжээнд таван хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй албан тушаалд томилсон, яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн гурван жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон, тус салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг, тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зарим нэр бүхий тендерт  өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй зэрэг нэлээд олон зөрчил дутагдал илэрчээ.

Түүнээс гадна тус яамны харьяа "Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн орлого төвлөрүүлэлт, зарцуулалт, гэрээний үүргийн биелэлтэд тавих хяналт сул, чиг үүрэг, статус нь тодорхойгүйг анхаарч холбогдох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатайг Ажлын хэсгийн тайланд онцолж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод болгох, ялангуяа тусгай зөвшөөрөл болон улс хооронд ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах нэн шаардлагатай бөгөөд зарим ажил, үйлчилгээг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар судалгаа хийж хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байна.

АТГ-ын Ажлын хэсэгт хамтарч ажилласан Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газрынхан ч өөрсдийн дүгнэлтийг танилцуулж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хаа хаанаа анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлжээ. Тухайлбал, Ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат "Зам тээврийн салбарт хуулиас давсан журам үйлчлээд байна. Яам болон агентлагийн 2015, 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Төсөв хэтэрсэн, хэтрүүлсэн асуудал байгаа. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 155.2 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ мэт зөрчил олон байгаа учраас танай салбарт тусгайлан санхүүгийн болон эрсдлийн аудит хийх болно” хэмээжээ.

ХНХЯ-нд хийсэн шалгалтаар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрчээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлагуудад хийсэн шалгалтаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилсон, илт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, халаа сэлгээ их хийгддэг, гадаад томилолтын зардлыг хэтрүүлж олгосон, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулсан гэх боловч холбогдох баримт бичиг нь байгаагүй зэрэг зөрчил, дутагдал илэрчээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба "Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн яам, агентлагт ажилласан тайланг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөлөөс төлөөллөө оролцуулж байгаа нь бид өөрсдийнхөө томилсон төрийн албан хаагчдыг ямар түвшинд ажиллаж байгаатай танилцах зорилготой юм. Төрийн албаны зөвлөл зөвхөн сонгон шалгаруулалт хийж томилдог байгууллага биш. Томилогдсоныхоо дараа хуулийг хэрхэн сахин биелүүлж байна вэ, салбараа хэрхэн удирдаж байна вэ гэдгийг бид бас хянаж байгаа” гэсэн бол Ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат тус яаманд гүйцэтгэлийн аудитаар илэрсэн дөрвөн төрлийн актыг танилцуулаад эдгээр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж байгааг мэдэгджээ.

Яамдад ажилласан дүнгийн талаар АТГ, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын байгууллага гэсэн гурвалсан төлөөлөл,  тухайн яам төрийн байгууллагын албан тушаалтнуудтай хийж байгаа нүүр тулсан уулзалтууд Эрчим хүч, Уул уурхай гэх мэтчилэнгээр үргэлжилж байгаа аж. Төрийн байгууллагууд, яамд дээр ямар асуудал байгаа талаар хэвлэлийнхэнд хаалттай ярьж байгаа энэ уулзалтуудаар авлигаас, санаатай санамсаргүйгээр хууль зөрчихөөс сэргийлэх талаар нэг ёсондоо сургалт болж байгааг уулзалтад оролцсон яамны зарим төлөөлөл хэлж байна.

Авлигатай төрийн үйлчилгээнээс татгалзаж сурах ёстой

Дэлхий нийтэд авлигын эсрэг  үйл ажиллагаагаараа хэдийнэ танигдсан "Транспэрэнси интэрнэшнл” байгууллагын ТУЗ-ийн дарга Хосе Угаз өнгөрсөн гуравдугаар сард Берлинд хийсэн уулзалтын үеэр хийсэн мэдэгдэлдээ "Засгийн газрууд Авлигын эсрэг ажиллахаар амласан амлалтуудаа биелүүлэх хэрэгтэй. Одоо авлигыг зогсоох хоосон амлалт биш ажил хэрэгч байж үр дүн гаргах цаг болжээ. Сая сая хүмүүсийг төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж байна. Үүнээс болж эмзэг ядуу хүмүүс хүнд байдалд орж байна” хэмээснийг хэвлэлд мэдээлсэн.

Авлигатай тэмцэх газрын хэрэгжүүлж буй бодлого ч үүнтэй агаар нэг. Өөрөөр хэлбэл, авлигатай төрийн үйлчилгээнээс иргэд татгалзахаас гадна иргэдэд ийм үйлчилгээ үзүүлэхээс төрийн албаныхан өөрсдөө татгалзах сэтгэхүй сууж ухамсар төлөвшиж чадвал авлига буурч авлигын эсрэг тэмцэл хоосон уриа биш бодитой ажил болно хэмээн үзэж төрийн байгууллагуудад дээрх шалгалтыг хийсэн байна.

Шалгалтын тайлан хэлэлцүүлэх ажил ид үргэлжилж буй бөгөөд энэ удаа яам тамгын газрынхан шалгууллаа хэмээн гомдлохоос илүүтэй санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдаа гаргахаас сэрэмжлүүлсэн сайн ажил боллоо хэмээн ам сайтай байгаа төдийгүй Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллахаар яриа хэлэлцээ ч өрнүүлээд эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх