Токиогийн олимпод “Юм дуулгах” ирээдүй

Хоёр жил хагасын дараа хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр цэнгэл "Токио-2020” олимпийн их наадам болно. Япончууд бөхийн бүх төрөлд шаргуу бэлдэж, нутагтаа болох олимпод хосгүй амжилт гаргана гэдгээ ил тод мэдэгдээд байгаа энэ үед улс орнууд ч бөхчүүдээ шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхийг чармайж байгаа нь тодорхой юм. Монгол Улсын тухайд Ерөнхийлөгч Х.Баттулга жүдогийн Д.Сумьяа, Г.Одбаяр нарт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол олгохдоо "Токиогийн олимп хүртэл амжилтаа бууруулж болохгүй” хэмээн тун тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу тэд ч бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаа билээ.

Тэгвэл саяхан Орхон аймагт болж өндөрлөсөн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн жин бүрт ширүүн өрсөлдөөнтэй болж олон шинэ залуу хүчтэн төрөн гарч байгааг нотолсон юм. Тэдний нэг нь Баянхонгор аймгийн "Байдрагийн хүчтэн” клубын залуу бөх Азийн АШТ-ий алт, хошой хүрэл, Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит Олон улсын тэмцээний мөнгө, хүрэл, УАШТ-ий өсвөр үеийн ангилалд таван алт, залуучуудын мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн тэмцээний хүрэл медальт, Өлзийсайханы Пүрэвсүрэн юм.   

Өөрийнхөө насны ангилал буюу өсвөрийн улсын аваргад сүүлийн таван жил дараалан түрүүлж, босоо байгаа тэрбээр энэ жил 18 насанд хүрч,  УАШТ-ий 59 кг-д эгч нартайгаа өрсөлдөн, хүрэл медаль хүртэж "2020 оны Токиогийн олимпид хүч үзэх боломжтой нэгэн хүчтэн төрөн гарч байгаа”-г чөлөөт бөх сонирхогчдод батлан харуулсан юм. Насанд хүрэгчдийн ангилалын улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 насандаа анх удаа зодоглож, хамгийн ширүүн өрсөлдөөнтэй 59 кг-д хүрэл медаль хүртсэнийг нь Монголын чөлөөт бөхийн мэргэжилтнүүд тун өндрөөр үнэлж байгаа юм. 
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос баталсан шинэ жингийн ангиллаар болсон энэ жилийн УАШТ-д хэн хэн өнгөлж, хаанахын хүчитнууд цахиур хагалахыг бөхийн хорхойтнүүд чих тавин хүлээж байсан. Чөлөөт бөх сонирхогчдын таамаглаж байсанчлан цөөнгүй залуу тамирчин шуугиулж, шинэ үе түрэн гарч ирж буйг харуулсны нэг нь Ө.Пүрэвсүрэн байлаа. Үеийнхнийхээ дунд босоо байгаа түүнийг улсынхаа шилдгүүдтэй хэрхэн барилдах, ур чадвар, туршлагаар дутах, эсэх нь бөхийн хүрээнийхний анхаарлыг нэлээд татаж байсан юм.

 

Тэрбээр нийт гурван барилдаан хийхдээ хоёрдугаар тойрогт улсын олон удаагийн аварга, И.Ярыгины нэрэмжит "Алтан гран при”-гийн аварга Б.Шоовдорт дийлдсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө ялж шуугиулсан билээ.  
Ө.Пүрэвсүрэн улсын аваргаас хүрэл медаль хүртсэнийхээ дараа "Тэмцээний өмнөх бэлтгэлээ сарын өмнөөс базаасан. Медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан ч заавал түрүүлнэ гэж бодоогүй ээ. Багшийнхаа зөвлөсний дагуу барилдаж чадаагүй нь миний гол алдаа боллоо. Боломжоо бүрэн ашиглаж, төлөвлөсөн барилдаан, зэхсэн мэхээ хийж чадаагүй. Б.Шоовдор эгчтэй учраа таарлаа гэж бэргээгүй ч 10:0-ээр ялагдсан болохоор цаашид бүр их хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэйг ухаарлаа. Барилдааныг нь шимтэн үзэж, үлгэрлэж явдаг эгч нартайгаа өрсөлдөхөд гоё санагдсан Насанд хүрэгчдийн ангиллын анхны амжилтаа УАШТ-д гаргасандаа бэлгэшээж байна” гэсэн байсан.

 

Монголын чөлөөт бөхийн холбооноос баталсан журамд нас заасны дагуу тэрбээр өнгөрсөн жил залуучуудын УАШТ-д өрсөлдөж чадаагүй. Өнөө жил 18 нас хүрсэн болохоор залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд зодоглох боломж бүрдсэн билээ. "Байдрагийн хүчтэн” клубээс төрөн гарч ирж байгаа Ө.Пүрэвсүрэнгийн талаар МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр "Унаган бяртай, дасгалжуулагч нар нь их зөв бэлтгэл сургуулилтыг нь тааруулаад явбал нэлээн ирээдүйтэй охин байна лээ” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн байсан. Одоо Ө.Пүрэвсүрэнг "Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нар шиг жинхэнэ мэргэжлийн ур чадвартай дасгалжуулагчид дасгалжуулаад явбал "Токио-2020”-д Монгол төрийн далбааг өргөх хүчтэний тоо нэгээр нэмэгдэх нь тодорхой юм. 2018 оны насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медальт, "Байдрагийн хүчтэн” клубын залуу бөх Ө.Пүрэвсүрэнгийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг нарын шийрийг хатаах сайхан ирээдүй хүлээж байна. Гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэй, байнгын шаргуу бэлтгэл сургуулилтыг маш зөв хийлгэх мэргэжлийн дасгалжуулагчдын мэдэлд өгөх нь л давын өмнө шийдэх ёстой асуудал болов уу. Бусдыг нь унаган бяртай, бөхийн авьяас, мэдрэмжтэй Ө.Пүрэвсүрэн охин өөрөө зохицуулаад явчих нь ойлгомжтой юм.    

Д.Түвшин

 ЭХ СУРВАЛЖ:WWW.24TSAG.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх