Оддын араншин

Оддын араншинОддын араншин

Өшөөгөө авсан нь

Оросын алдартай жүжигчин, сайхан бүсгүйчүүдийн нэг Любовь Орловагийн нөхөр кино найруулагч Александровт хүүхнүүд их талтай. Эрхэм найруулагч ч сайхан эхнэрээ нэг биш удаа хуурч байсан гэдэг. Орлова нөхрийнхөө энэ араншинд тун ч тэвчээртэй ханддаг байж. Олон хүүхнүүдийн дунд ажилладаг, сайхан эр хүнд нүд унагахгүй бүсгүй хэн байх билээ хэмээдэг ч нэг удаагийн явдалд үнэхээр тэвчээр алдарчээ. Өдөж хоргоогоод, илт гэр бүлийнх нь амьдралд дайсагнах болсон нөхрийнхөө нууц амрагаас ямар нэг аргаар өшөө авахыг хүссэн ч олны танил алдартай жүжигчин бүсгүй өөрийнхөө төдийгүй нөхрийнхөө ч нэр төрийг хайрлаж байсан гэдэг.

Гэтэл нөхөр нь төрсөн өдрөөрөө нууц амрагаа гэртээ урьжээ. Мэдээж ганц түүнийг биш л дээ. Өөр бас хэдэн жүжигчин хамт уригдсан гэнэ. Үүнийг сонссон Орловагийн тэвчээр алдарч ямар ч хамаагүй аргаар тэр бүсгүйгээс хариугаа авахаар шийдсэн ч чухам яаж гэдгээ мэдэхгүй байлаа. Азаар ч гэх үү Орловагийн оёдолчин нөхрийнх нь нууц амрагт мөн үйлчилдэг болохыг мэдэж авчээ. Улмаар үдэшлэгт зориулан шинэ даашинз хийлгэсэн гэдгийг ч мэдэж. Тэгээд нууц амрагийн даашинз оёулсан яг тэр даавуугаар гэрээ гоёсон гэнэ. Ердөө ганц хоногийн дотор Орлова буйдангийн бүтээлэг, хөшиг тэр ч бүү хэл үүдэнд гутлаа арчдаг жижиг хэвсэнцэр ч бүсгүйн даашинзны материал, өнгөтэй яг адилхан байхаар хийлгэжээ. Эрээ цээрээгүй нууц амраг бүсгүй гэрийн хаалгаар орж ирүүт л эвгүй байдалд орсон гэдэг. Удах байтугай суух газар ч олж чадаагүй тэрээр бушуухан гарч, нууц амрагийн холбоогоороо эхнэрийг нь дорд үзэх гэсэн санаархал нь бүтэлгүй болсон байна. Энэ бол болсон явдал. Үүнийг Любовь Орловагийн найзууд, Александровын хамт ажилладаг жүжигчид бүгд мэддэг байжээ. Гомдсон бүсгүйн өшөө авалт гэдэг...

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх