Хүн танихын ухаан

Хүн танихын ухаан

Совд багш маань бичиг номын билэг танхай авъяастан төдийгүй зөн совинт, цэцэн мэргэн, хүн танихын увидастай нэгэн байж билээ.

Энэ шинж чанарыг нь эртээс гярхай ажиглаж цэл залуу, малын санитар Цөлхөр овгийн Галдангийн Совдыг Увс аймгийн Завхан сумаас аймгийн прокурор Гэнэн гуай дуудан ирүүлж прокурорын мөрдөн байцаагчаар шууд томилсон байдаг.

Тэр үед аймгийн Шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан миний аав, ахмад дайчин М.Жавхлан надад нэгэн сонирхолтой зүйл ярьж өгснийг хожим нь Совд гуайгаас лавлахад"Тийм юм болох нь болсон. Нэг их хуучлаад баймаар айхтар зүйл биш л дээ” хэмээн даруухнаар өгүүлж билээ.

...Хил дамжсан малын хулгайн том "төлөөлөгч”, наадамд гурван даваатай, найранд гурван дуутай нэгэн сайн эр аймаг дээр гадуур шалгагдаж байгаад гэнэтхэн сураг нь тасарч, жил гаруй хугацаа өнгөрчээ. Сумуудаар эрэн сурвалжилсан боловч ажиг чимээ огт гаргаж чаддаггүй.

Эзэн холбогдогч нь хаа байгаа нь тогтоогдоогүй, Монгол, Тувагийн хуулийнхны шүдний өвчин болсон тэр хэргийг илрүүлэх үүргийг залуухан мөрдөн байцаагч Г.Совдод Гэнэн прокурор даалгасан байна.

Аавын өгүүлснээр Совд байцаагч тэр үед өндөрдүү нуруутай, өтгөн хар халимагтай, нүүрэндээ тун зохисон ширвээ сахалтай, сэргэлэн ухаалаг, дуу хоолой сайтай (тэр үеийн хуулийн байгууллагын ажилтны нэгэн шалгуур байсан) гялалзсан хархүү байжээ.

Залуу мөрдөн байцаагч маань эрэн сурвалжлах ажил чамбай, шаргуу хийсний үр дүнд оргодол этгээдийн сургийг гаргасан гэнэ. Тэр ч атугай хангайн хамгийн захын нэгэн сумын нутагт айлд хүргэн орсон суурин амьдардаг болчихсон, элдэв хэл аманд орооцолдохоо бүр больсон тухай ч дам сонсчээ.

Бас намрын сэрүү орж эхэлсэн тэр цагаар хил залгаа Завханы Сонгино суманд нэлээд өргөн дэлгэр наадам болохыг ч дуулжээ.

Совд байцаагч тун зоримог таамаглал дэвшүүлж ноцолдох, өрсөлдөх сонирхолтой тэр сайн эр аймаг сумынхаа баяраар биш чухам тэнд л очиж эр бяраа сорих нь зайлахгүй хэмээн тооцоолсон байна.

Ингээд Гэнэн гуайд хэлж, таамаглалаа үнэмшүүлэн аймгийнхаа прокурорын ганц хөл залгуулдаг "ГАЗ-67” машиныг хөлөглөж цагдаагийн нэгэн ажилтантай холыг зорин хөдөлжээ. Хяргас нуурын хойт талын элс, хур бороонд үерлэсэн замын гол горхиудыг зүтгэн туулсаар Сонгины наадмын найман бөх үлдсэн байхад ам мөлтөс хүрчээ.

Сайн эр ч тэнд тун өнгөтэй барилдаж байна гэнэ. Совд байцаагч өөрийн биеэр эвтэйхэн нь аргагүй тусгайлан уулзаж түүнийг баривчлахаар ирснээ дуулгажээ. Сүр дуулиан болголгүй өөрт нь учир байдлыг аядуу сонсгосон Совд байцаагчид мань эр их л талархалтай хандаж буй бололтой.

"Би танаас гуйх юм байна. Та бид хоёр Увс аймгийн харъяатууд. Бусдын наадмыг үймүүлж өөрсдийгөө дордуулж гутаагаад юу хийхэв. Миний бие энэ барилдаанд түрүүлэхээр байна, гэхдээ төрт ёсны баярыг хүндэтгэлгүй яахав. Намайг аймгаас эрэн сурвалжилж энд ирсэн юм чинь би хулгайчаараа тооцогдож яваагаа мэдлээ. Иймд би хэнд ч танигдалгүй үзүүр түрүүнд хүрье. Дараа нь та тааллаараа л бол” гэх нь тэр.

Совд байцаагч нэлээд сүрхий ажиглаж байснаа "Наадам дуусангуут морь малаа хамт яваа хүмүүстээ өгөөд сумын Худалдаа бэлтгэлийн ангийн үүдэнд хүрээд ир. Бидэнтэй хамт яваарай” гэжээ.

Дагаж явсан цагдаагийн ажилтан их л дургүй байгаа бололтой, баргар царайлан энгийн хувцастайгаар ажиглалт хийхээр наадмын талбай руу зүглэжээ. Сайн эр аймаг сумынхаа нэр гаргаж тэр наадамд урамтай сайхан барилдаж үзүүр түрүү булаацалдсан төдийгүй амласандаа хүрч байцаагч Совдтой болзсон газраа "мөрдөгчөөс” бүр өмнө хүрээд ирсэн байв.

Ингээд нутгийн зүг хамтдаа хөлгийн жолоо залав. Хичнээн шаргуу явсан боловч шөнө дөлийн бараанаар Увсын Өндөрхантай сумын төвд хүрчээ. Хонох буудаллах газар хайж нэлээд явж гэнэ. Гэтэл нөгөө сайн эр "Энэ жижигхэн буудлын өрөө даан ч давчуу юм байна. Та гурав маань тухтай амарч хонооч. Яг аймаг ордог зам дээр эндээс 10 гаруй км газар манайх байдаг юм. Би хүүхэдтэй болоод нэг их удаагүй. Хөгшин эхийн минь бие ч тааруухан байгаа. Тэнд би та нарыг тосон хүлээж байя” гэх нь тэр.

Цагдаагийн ажилтан жигтэйхэн дургүйцэж ”Чи ер нь хэн юм бэ. Хулгайчид итгэж сул тавина гэж бодоогүй биз. Одоо баривчилж хүлнэ” гэж зандраад авч. Байдал түгшүүртэй болж эхэллээ.

Гэтэл Совд байцаагч тун тайвнаар "Эр хүн эр хүндээ итгэсэн л бол итгэл төгс байх нь зөв. Хэлсэн газраас чинь маргааш өглөө чамайг авъя” гэж хэлснийг нь зөвшөөрснөө "Би эндхийн газар орныг мэднэ” гэж нэмж хэлжээ.

Мэдээж тэр шөнө эрүүгийн төлөөлөгчөөс Совд гуай илүү түгшиж хоносон биз. Төлөөлөгч өглөө эрт босч гараад "Арай ядаж нэг юм аймагтай холбоо барилаа” гэсээр их л баргар царайлан орж иржээ. Совд байцаагч түүнээс юу ч асуусангүй. Ямар ч бай аян замаа тэд бүлх залгисан мэт хамтдаа үргэлжлүүлэв.

Цаг орчим давхисны эцэст сайн эрийн заасан газар, гэрт нь иржээ.

...Тэрлэгээ нөмгөн өмссөн хүдэр сайхан эр бяцхан хүүгийнхээ толгойг үнэрлэн хоймортоо заларч, гуалиг үзэсгэлэнт гэргий нь тулганд аргалаа өрдөж цай хоол болсон үлгэрийн юм шиг жаргалтай гэр бүлийн дүр төрх... Совд байцаагчийн сэтгэлд нь мөнхөд үлдсэн гэдэг.

Замын бартаа донсолгоог хэлэх үү, бараг "ГАЗ-67”-тойгоо хамт бутарчих шахсан тэд зүтгүүлсээр харуй бүрий болсон хойно Улаангомд орж ирсэн байна. Ажил хэдийнээ тарсан тул авч ирсэн сайн эрээ баривчлан хорих зөвшөөрөл авахаар зусландаа гарсан Гэнэн прокурорын гэрт нь Совд байцаагч очжээ.

Прокурорынхоо амар мэндийг асуухад орон дээрээ буруу харан хэвтэж байсан тэрбээр тун ёозгүй "За, чи хулгайчаа тавиад туучихсан гэл үү. Яасан их өрөвчхөн хүн бэ” гэх нь тэр. "Үгүй ээ, прокурор оо. Би аваад ирсэн”гэнгүүт Гэнэн гуай хүүхэд шиг үсрэн босч ирснээ "Овоо доо! Би мөн их айлаа шүү. Чиний үгэнд итгэж ийм их хөл хөөрцөг болчихоод хулгайчийг тавиад туучихлаа гэж төлөөлөгчийн утас цохисноос хойш байх суух газраа олж ядлаа” гэсэн гэж байгаа.

Баривчлан хорих зөвшөөрлийн гарын үсгээ зурахаас өмнө Гэнэн гуай гарч гэрийн гадна зогсч байсан машинд байгаа сайн эрийг биечлэн шалгаад бүрэнхийд Совд гуайн гарыг их л дотночлон чанга атгасан гэдэг.

Маргаашнаас нь байцаалт эхлээ юм биз. Совд байцаагчийн асуултад хариулсан мэдүүлэгтэйгээ танилцаж байсан сайн эр гэнэт тэмдэглэлийг нь хумхин базаж өрөө халааж байсан жижиг зуух уруу "өргөчихжээ”. Совд байцаагч ухасхийсэн боловч амжилгүй бүхий л баримтаа үнсэн чандруу болгуулчих нь тэр.

Бухимдаж сандарсан Совд байцаагчийг сайн эр их л жоготойхон харж инээмсэглэн "Та битгий балмагд. Би таны хүн чанартайг чинь ойлгосон. Хийсэн хэргээ би бүгдийг нь бичиж өгье. Асуултаас чинь үзэхэд энэ талаар хомс мэдээлэлтэй байгаа бололтой” гэсэн гэнэ.

Удаж төдөлгүй Монгол, Туваг донсолгосон нэгэн ноцтой хулгайн хэрэг бүрэн илчлэгджээ...

Совд гуай махир гаансаа дахин нэрж дээрх үйл явдлыг хуучилсныхаа дараа "Хүн таних тун хэцүү л дээ. Нүд рүү нь сайтар харж, амны хөдөлгөөн, нүүр царайг нь ажиглахад л ер нь ойлгогддог юм шиг санагддаг.

Сайн эр маань хулгайч нь хулгайч л даа. Гэхдээ Тувагийн даварсан балмад этгээдүүдийн бод малын сүргээс сорчлон хөөж монгол уруу оруулж ирдэг, хилийн орос цэргүүдэд огт баригддаггүй, ёстой "Цахиур Төмөр” байсан байгаа юм.

Шоронд байхдаа ажлын хоногоор шагнуулсаар, хэдхэн жилийн дараа эрх чөлөөтэй болсон. Гурван сайхан хүү нь аймаг, сумын наадмыг чимэглэн олон жил сайн барилдсан даа. Хүмүүжилтэй, хөдөлмөрч сайхан хүмүүс.

Харин эцэг нь урт наслаагүй ч жаргалтай амьдарсан шүү” хэмээн гүн санаа алдаж билээ.

...Совд гуайн энэ мэт олон арван түүх, хуучийг олж цуглуулж бичиглэн буулгахсан. Мөн ч олон хуульчид хэрэг болно доо хэмээн бодогдоно.

 

Доктор Ж.БЯМБАА

Эх сурвалж: "Хуульч news сэтгүүл №04

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх