Төрийн шагналт яруу найрагч Очирбатын ДАШБАЛБАР

Монголын зохиолчдын байгууллагын түүх 1929 оны нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн бичигдэж, өдгөө 90 жилийн ойгоо угтаж буй.
"БАДРАНГУЙ УРЛАГ" ТББ-аас санаачлан 90 зохиолчийн хөрөг цаасан хайчилбарыг зохиол бүтээлийнх нь сонгомол дээжтэй, дурсамж дуртгалтай хамтатган цувралаар хүргэж байна. 
"Зууны мэдээ" сонин.

 


Төрийн шагналт, яруу найрагч Очирбатын ДАШБАЛБАР


АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайрласных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ

Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно

Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх