Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлэхээр, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэхээр тус тус  хуульчилсан байдаг талаар тэрбээр дурдав. Зам тээврийн салбарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлжээ. Иймд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэв. 

Засгийн газрын гишүүн,  Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан юм.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д "хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх” гэж заасан байдаг. Хуулийн дээрх заалтад үндэслэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцах шаардлага үүссэн бөгөөд хэдэн хүнд хариуцлага тооцох байдлаар монгол төрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоо бүрдсэн гэж үзэх боломжгүй хэмээн уг дүгнэлтэд дурджээ. 

    Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал дүгнэлт, УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Цогзолмаа, С.Жавхлан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. 

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулахдаа, сонгууль бүрээр өөрчлөгддөг төрийн албаны тогтворгүй, ой санамж алдагдсан, чадваргүй байдалд дүгнэлт хийн Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Мөн Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөмж гарган төрийн албаны шинэчлэлийн үзэл санааг баталсан. Тус зөвлөгөөн бүх шатны Засаг дарга нар, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, агентлагийн дарга нар зөвлөлдөн төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх талаар зөвлөлдөж, холбогдох журмуудыг хэлэлцүүлсэн гэв. Эдгээрээс 6 журам УИХ-аар хэлэлцэгдэн батлах бол бусад нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газар болон бусад шатанд батлагдах аж.

Түүнчлэн Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Үүгээр төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлэх бололцоо бүрдэж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөл, холбогдох газрууд, ЗГХЭГ, Удирдлагын академи хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгааг тэрбээр дуулгав. Үүний үр дүнд чадахуйн зарчимд суурилсан, сонгон шалгаруулалтаар тодорсон мэргэжилтнүүд тогтвортой, үр бүтээлтэй, хариуцлагатайгаар ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.  Төрийн албаны тухай хуулийгн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд төрийн албыг өндөр шаардлага, шалгууртай болгож буйг хэллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018-2021 онд хэрэгжүүлж байгаа юм байна. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаар тогтоолын дагуу Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн албаны бүх шатанд аттестатчлал буюу мэргэжлийн ажлын үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг ажиллаж байгаа талаар Г.Занданшатар сайд мэдээлэл өглөө. Олон жилийн туршид хуримтлагдан бугшсан асуудлуудыг нэг өдрийн дотор өргөс авахтай адил өөрчлөх боломжгүй ч хариуцлагажуулах арга хэмжээг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн гишүүд шударга ёс, хууль дээдлэх зарчмыг бүх шатандаа ханган ажиллах шаардлагатай байгаа талаар санал хэлж байв. Түүнчлэн ёс суртахууны төлөвшилд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөллийн талаар, төрийн өндөр албан тушаалтнууд төдийгүй дунд болон анхан шатны албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулах саналыг хэлж, мэргэжлийн чадавх, мэдлэг, боловсролоос гадна ёс зүйн өндөр шалгуураар сонгон шалгаруулж байх шаардлагатай гэдгийг хэлэв. Энэ бол нэг сайдын хариуцлага хүлээгээд өнгөрөх асуудал биш бүх шатны төрийн албан хаагчдын сахилгыг дээшлүүлж, бүх төрийн байгууллагуудад хариуцлагыг чангатгах шаардлагын илрэл. Цаашид салбар бүрт энэ асуудал тавигдах ёстой, энэ удаагийн асуудал нь хувь хүний хариуцлага гэхээс илүүтэй нийт төрийн албаны зарчим, үйл ажиллагаа, албан хаагчдын ёс суртахууны гажуудлаас үүдэлтэй учраас төрийн албаны системийн шинэчлэлийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог өндөржүүлж, алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчдад зохих хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэдгийг онцолж байв. 

    Ингээд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэн тул энэ талаархи УИХ-ын тогтоолыг баталж, эцсийн найруулгыг сонсов. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх