АИХ-ын дарга асан Жамбын ГОМБОЖАВ: Бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц нэр хүндийг олж авах нь хуульч хүний бахархал

АИХ-ын дарга асан Жамбын ГОМБОЖАВ:   Бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц нэр хүндийг олж авах нь хуульч хүний бахархал

 Монголын төр, нийгэм, улс төрийн түүхтэй Ж.Гомбожав гуайг холбохгүй байх аргагүй.

Сүхбаатар, Дорноговь, Төв аймгийн дарга, Дундговь аймгийн орлогч дарга, Засгийн газрын Хурал, захиргааны хэлтсийн дарга /аймаг хариуцсан/  зэрэг төрийн захиргааны байгууллагад 23 жил ажилласан байдаг.

Мөн Ардын их хурлын даргаар ажилласан 11 хүний нэг.

УИХ-ын дэд даргын албыг хашиж, 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж асан түүнтэй цөөн хором хөөрөлдөв.

 

-Төр улсыг эрэлхэг цэргүүдээс гадна эрдэм чадалтай хуульчид хамгаалдаг гэж Францын нэгэн төрийн зүтгэлтэн, нэртэй хуульч бичсэн байх юм. Энэ үнэн үү. Үнэн бол Монголын хуульчид эх орноо хэрхэн хамгаалж байгаа бол?

-Хүн төрөлхтөний түүхэнд тухайн улс орон өөрийн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалах гол хэрэгслэл нь эрэлхэг цэрэг, цэргийн зэвсгийн техникийн дэвшлээр давуу хэсэг нь давамгайлах  хандлагатай үе байсан.

Тэгвэл орчин үед байдал өөрчлөгдөж байна. Орчин үед улс орноо хамгаалах гол хүчин зүйл нь тухайн орны эдийн засгийн чадамж, өөрөөр хэлбэл, аль нэгэн орноос эдийн засгийн талаар бүрэн хамааралгүй, олон талт бодлого дээр тулгуурласан үйл ажиллагааг олон улсын эрх зүйн үндсэн дээр явуулж чадаж байгаа эсэхээс нь шалтгаалах хандлага давамгайлах боллоо.

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, одоо түүнийгээ дагаж мөрдөж байна. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1-д "Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, бүгд найрамдах улс мөн” гэж тунхаглан зарласан.

Ийнхүү улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хэнээс ч хамааралгүйгээр тунхаглан зарлаж байна гэдэг нь Монголын ард түмний том гавьяа. Энэ гавьяат үйлсийг бүтээхэд Монголын хуульчдын гүйцэтгэсэн үүрэг асар их байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй.

-Төр бол хоосон чанар гэж ярьдаг, хэлдэг. Тэгвэл төрийн мөн чанар нь юу вэ, таныхаар...?

-Нийгмийн хөгжлийн түүхэнд төрийн гүйцэтгэж байгаа чиг үүрэг харилцан адилгүй байдаг. Төр бий болсон үеэсээ эхлээд нэг хэсэг нь нөгөө хэсгээ дарангуйлах, захирах, тушаах үүрэг нь давамгайлж байсан бол сүүлийн үед төр нь иргэддээ, нийгэмдээ үйлчлэх, зохицуулах чиг үүрэг нь нэмэгдэж байна.

Цаашид хоёр дахь хандлага нь улам бүр давамгайлах шинж чанартай байх төлөв ажиглагдаж байна.

-Хуулийн заалтын агуулга, язгуур мөн чанарыг тайлбарлаж чаддаг хүнийг л хуульч гэнэ гэж нэгэн эрхэм хэлжээ. Харин таныхаар хуульч гэж чухам ямар хүнийг хэлэх вэ?

-Хуульч хүн гэдэг хүн бол миний бодлоор хуулийг зөвхөн тайлбарлаж чаддаг төдийгүй хэрэглэж чаддаг байх ёстой. Монгол Улсын хуульчид дотор сайн хуульчид олон байна.

Гэхдээ эрх баригчдын үгийг хүлээж авах, хөрөнгө мөнгө өгсөн үйлчлүүлэгчдээ давуу эрх олгох, нутаг нуга, найз танилын хүрээнд зохицуулах хуулийн заалтыг хэрэглэхийг хичээх, хуучин нийгмийн үед олж авсан арга барил, мэдлэгээсээ салж, шинэ нөхцөл байдалд зохицож ажиллаж чадахгүй байгаа байдал зарим тохиолдолд ажиглагддаг.

-Хуульч хүний бахархал юу байвал зохилтой вэ?

-Хэргийг хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн бол бахархах үндэслэл бий. Гэвч амьдрал дээр зөв шийдвэрлэсэн хэрэг бүртээ бахархаж явдаг хуульч бараг байхгүй байх. Харин онц ноцтой хэргийг зөв шийдвэрлэснээрээ хэзээ хойно бахархаж байдаг хүн ганц нэг тааралдаж байдаг.

Ер нь бол өөрийн орны төдийгүй хүн төрөлхтөнд аюул занал учруулсан, цаашид ихээхэн хор уршиг тарьж мэдэх хэргийг таслан шийдвэрлэж, бусдад, цаашлаад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хүрэх нэр хүнд олж чадвал хуульч хүний бахархал байх болов уу.

-Бахархмаар, үгийг нь сонсмоор, үлгэр дууриал болгомоор хуульч Монголд хэр олон байна вэ?

-Бахархмаар, үгийг нь сонсмоор, үлгэр дууриал болгомоор хуульч олон байгаа. Цаашид ч олон төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Хаана нэг сайн хүн байна. Тэндээс олон сайн хүн төрөх магадлал их байдаг.

Тэр сайн хүн бол бусдыгаа ирлэж, хурцлаж байдаг. Тийм учраас сайн хүнийг нас барсан хойно нь бус амьдад нь магтаж, хүний сайн талыг нь олж харж дэмжиж байх нь чухал.

Бусдаасаа арай илүү ухаантай, өөрийн бодолтой хүн амьдарч буй үедээ бусдад адлагдах, ааш зан муутайд тооцогдох тохиолдол бишгүй байдаг.

-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай гэж ярьдаг. Шударга байна гэдэг үнэн байхын нэр байх. Гэвч өөрийгөө шударга гэж дуугарч байгаа болгоны үг, үйлдэл худал байх нь элбэг болсон мэт.

Үнэн хаа явна вэ. Үнэний хязгаар хаа байдаг юм бол оо?

-Хууль, ёс зүй, уламжлал, шинэчлэлээ хэн илүү дээдэлж байна, тэнд шударга ёс, үнэн байна. Хаана зусарч, бялдууч, худалч зан үйл зонхилж байна, хэн мэдлэг, амьдрах чадвар муутай байна тэнд шударга ёс, үнэн гэж байдаггүй.

Шударга ёс, үнэн хоёр бол алганы ар, өвөр хоёр. Үнэний хязгаар нь төрөх, үхэх хоёр.

-Ардчилсан төртэй боллоо, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сайхан цаг ирлээ гэсэн. Гэтэл сүүлийн үед хүмүүс чанга дуугарч чадахаа байгаад шивнэдэг боллоо.

Яагаад шивнэж ярихад хүрэв ээ. Энэ ардчиллын явдал мөн үү?

-Ардчиллын ясыг баригч нь нам. Манай улс 1990-ээд оныг хүртэл нэг намын дарангуйлалд байсан бол 2000 оноос хойш хэд хэдэн нам, хэсэг бүлгийн дарангуйлалд орсон. Мөн өөрийн хэмжээнээс хэтэрсэн өмчтэй болсон хүмүүсийн дарангуйлалд орсон.

Ажил, албан тушаалаасаа халагдахгүйн тулд шивнэн ярьдаг болсон.

1992 онд ард түмэн төрийн эрхийг барьж байх Үндсэн хууль баталсан бол 2000 онд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар төрийн дээр нам гарч, ард түмэн төрийн эрх барих эрхээ алдсан. Өнөөдөр сонгогч төрийн эрх барих эрхэнд төлөөлөгчөө сонгох санал гаргах эрхгүй болж, намаас нэр дэвшүүлсэн хүний төлөө хүчээр санал өгөх болсон.

Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулснаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгийг нам сонгодог болсон. Энэ бол Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаан авсан хэсэг бүлэг хүмүүсийн хууль бус ажиллагаа юм.

-Хууль батлагдлаа л гэх юм. Төдхөн нэмэлт өөрчлөлт орууллаа л гэх юм. Юу нь өөрчлөгдөөд, юу нь нэмэгдэж хасагдаад байгааг ялгах аргагүй л юм болоод байх шиг. Та анзаарахгүй байна гэж үгүй дээ, нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан хүн болохоор?

-Хуулийг боловсруулах, өргөн барих ажлыг мөнгөөр хийдэг болсон. Хэн олон хууль санаачилна, тэр хүн мөнгө өөрөө авна, бусад найз, танилууддаа өгдөг.

Яам бол бодлого боловсруулах ёстой Бодлого нь хуулиар дамжиж хэрэгжих ёстой. Гэтэл яам тухайн салбарт оршиж байгаа дутагдлаа хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс боллоо, хуулийн цоорхойгоос боллоо гэж тайлбарлах тохиолдол их байдаг. Гэтэл энэ дутагдлыг гаргахгүйн тулд яам, Засгийн газар, байнгын ажиллагаатай Улсын Их Хурал ажиллаж байгаа шүү дээ.

Хууль зүйн яам, Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын хороод хуулийн төсөл боловсруулах, хуулийн доторх болон урд өмнө гарч байсан хуулийн заалттай зөрчилдөж байгаа эсэхэд тавих хяналт сул байна.

Гадаад, дотоодын томоохон компани болон зарим нэгэн эрх баригчдын сонирхолд автагдан хууль санаачлах, зарим заалтыг өөрчлөх тохиолдол их байна.

Ер нь манай улсад хууль тогтвортой үйлчлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр батлагдсан хууль маргааш ч өөрчлөгдөхгүй гэх баталгаа алга.  Энэ нь авлигатай холбоотой гэж үзэж болно. Хаана авлига их байна, тэр улсад хууль нь тогтворгүй байдаг. Нэгэнт авлига авах донтой эрх баригч олонтой болсон бол тэдгээр хүмүүсийг орвонгоор нь өөрчлөхөөс нааш энэ дутагдал арилахгүй.

-Тэгвэл энэ дутагдлыг арилгах хүч хаа байна вэ, Гомбожав гуай...?

-Хүч нь сонгогчид, хэрэгжүүлэх арга нь Сонгуулийн хууль, шударга сонгууль явуулах явдал. Иргэд сонгох хүний нэрээ дэвшүүлэх эрхтэй байх нь шударга сонгууль явуулах гол арга мөн гэдгийг манай улсад 1990, 1992 онд явагдсан сонгууль нотлон харуулж байв.

-Баян ядуу гэсэн эсрэг тэсрэг ойлголт байна. Хүн болгон шахуу баяныг үзэн ядаж, муу муухайгаар нь дууддаг. Тэгсэн мөртлөө бүгд баян болох гэж мөрөөдөөд зүтгээд байдаг. Шүүмжлэл мөрөөдөл хоёрын зааг ялгаа гэж байна уу?

-Дэлхий дээр хөгжилд хүрсэн улс орнуудыг харахад тухайн улс орны эдийн засгийг хэдхэн том компани авч явж байх шиг. Тийм учраас шударгаар бизнес эрхэлж баяжиж байгаа компаниудаа ад үзэх хэрэггүй.

Харин дэмжих хэрэгтэй. Тэдгээр компаниудын бий болгосон хөрөнгийг төр зөв хуваарилах хэрэгтэй. Одоо бол олж авсан, бий болгосон хөрөнгөө буруу хуваарилаад байгаад хэргийн гол утга учир оршиж байна. Төрийн эрх мэдэлд байгаа хүмүүсийн алсын хараагүй, ухаалаг бус, хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг үйл ажиллагаанаас болоод хөгжлийн хурдац удааширч байна.

-Жишээ дурдана уу, та?

-Ажилчдын саналыг худалдаж авах зорилгын доор тодорхой тооцоогүй амлалт авч баахан мөнгө тараасан. Энэ бол буруу. Ямар салбарт эхний ээлжинд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ зөв шийдвэрлээгүйгээс баахан хөрөнгө үр ашгаа хурдан өгөхгүй байна.

250-300 өрхтэй сумын төвийг эхний ээлжинд өндөр хүчдэлд холбох шаардлага байгаагүй. Тэр сумын цахилгааны хэрэгцээг өөр хямд эх үүсвэрээр хангах бололцоо байсан уу гэвэл байсан. Олон мянган километр автозам тавихдаа ч гэсэн бодлоготой хандаж, энэ хөрөнгийг үйлдвэрт зориулах байсан.

Улаанбаатар хотод газар хувьчлахдаа ийм газруудыг хувьчлахгүй орон сууц барина, дэд бүтэц байгуулна гэдгийг ард түмэндээ зарлаж хийх ёстой байсан. Гэтэл хувийн эзэмшилд байсан бүх хашааны газрыг хувьчилснаас болоод өнөөдөр газар чөлөөлөхөд хэчнээн олон тэрбум төгрөг нөхөн олговорт өгч байгааг бид харж байна.  Гэх мэт ухаангүй зарцуулсан  мөнгөний тоог тооцвол бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгөнөөсөө ч давах байх.

Өөрийнхөө баялгийг бусдад ашиглуулчихаад ард түмнээ өрөнд унагаж байгаа эрх баригчдыг сайн гэж хэлэх үндэс байхгүй.

Монголын нийт ард түмний амьдралыг дэлхийн улс орнуудын дунд чинээний амьдралтай болгох бололцоо уг нь байгаа юм л даа. 2000-3000 уул уурхай ч хэрэггүй. Уран зэрэг халтай зүйлээр одоохондоо оролдох ч хэрэггүй.

-Тэгээд яах ёстой гэж?

-Хойч үеийнхэндээ ариун дагшинаар нь үлдээх хэрэгтэй.

-Даахгүй нохой булуу хураах гэж ардын үг бий. Энэ дөрвөн үгийн цаана чухам ямар утга санаа агуулагдаж байдгийг эдүгээ цагийнханд "орчуулж" хэлж өгнө үү?

-"Даахгүй нохой булуу хураах” гэдэг ардын мэргэн үгийг "орчуулаад” байх шаардлагагүй. Харин "Шуналтай ноёд шулам болжээ” гэж хэлмээр байна.

-Хуулийн шинэчлэл, шүүх, эрх мэдлийн шинэчлэл гэж дээр доргүй ярьж байна. Хуульчаа шинэчлэх асуудал энд багтаж байгаа болов уу?

-Хуулийн шинэчлэл хийх нь зүйтэй. Гэхдээ Үндсэн хуулийн зарчмаасаа гажиж, Америк маягийн хуулийг хуулбарлаад байх нь буруу.

Хуулийн сургуулийг цөөлж, чанартай 1-3 сургуультай байх нь хуульч шинэчлэх хөрс болно гэж үзэж байна.

 

Ярилцсан Ц.ГАЛБАДРАХ

 

Эх сурвалж:

"Хуульч ньюс” сэтгүүл. 2014 он №03

<!-- EndFragment -->

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх