Ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүдэд хандан нийслэлийн Засаг дарга "Та бүхэн төр бүхнийг шийднэ хэмээн хүлээхгүйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан амралтын бүс байгуулахаар санал санаачилга гаргаж байгаад талархаж байна. Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана” хэмээн хэллээ.
Үүний дараа хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, Баганат хаалганы орчимд овоолсон шороо, элс хайргыг зайлуулж, ногоон байгууламж болгон тохижуулахыг тус хүрээлэнгийн орлогч дарга Б.Алтансүхэд даалгалаа.
Яармагийн шинэ гүүрний орчимд ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр мод суулгасан байсныг тус газрын эзэмшигч гэх "Уран ган” компани газрын маргааны асуудлаас болоод суулгасан моддыг сүйтгэсэн тул Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Хотын Захирагчийн зүгээс ногоон байгууламжийн тохижилтыг хийж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг өглөө. Харин газрын маргаан үүсгээд буй "Уран ган” компанид хууль дүрмийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд асуудлаа тавьж, шийдүүлэхийг хүсээд, элдэв үйлдэл гаргаж ажил гацаахгүй байх шаардлага тавив.